Рафаэл ба Бернини: Өрнийн дүрслэх урлагийн хоёр өөр ертөнц Монголд заларлаа
Италийн Ром хотын Боргезе галерейн цуглуулгаас түр хугацаагаар ирээд буй хоёр бүтээл Монголд, тэр тусмаа Азид анх удаагаа олны хүртээл болж байна.
“Их далайн салхи тал нутагт”
Чингис хаан Үндэсний музей
2026.09.30 - 2026.11.01
Э.Эмүлэн
Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийгээд буй “Их далайн салхи тал нутагт” үзэсгэлэнд Европын сэргэн мандалтын үеийн гол төлөөлөгчдийн нэг, уран зураач Рафаэл Сантид хамааруулдаг, ойролцоогоор 1502–1504 онд бүтээсэн “Хөрөг” болон Барокко үеийн эцэг гэгддэг уран барималч Жан Лоренцо Бернинигийн 17-р зууны “Нептун” хэмээх хоёр бүтээлийг дэлгэн үзүүлжээ.
Энэ оны эхээр 17-р зууны суут туурвигч Өндөр гэгээн Занабазарын (1635-1723) бүтээлүүдээс Италийн Ром, Турин хотноо толилуулсан билээ. Эргээд Европын уран зургийн уламжлалын нэрт төлөөлөгч болох Рафаэл мөн Занабазартай нэг цаг үед бүтээн туурвиж асан Бернини нарын бүтээл Чингис хаан Үндэсний музейд залраад буй нь Итали ба Монгол улс хоорондын хоёр талт соёлын солилцоо, хамтын ажиллагаа өргөжиж буйн илрэл гэж хэлж болох юм. Италийн Ром хотын Боргезе галерейн цуглуулгаас түр хугацаагаар ирээд буй хоёр бүтээл Монголд, тэр тусмаа Азид анх удаагаа олны хүртээл болж байна.
Эдгээр бүтээл нь өрнийн дүрслэх урлагийн хоёр өөр үеийн уран сайхны сэтгэлгээ, хүн ба бодит ертөнцийг дүрслэх арга барил хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан харах боломжийг олгоно. Европын түүхэн дахь Сэргэн мандалт нь ойролцоогоор 14-16-р зуунд Италид цэцэглэн хөгжсөн бөгөөд эртний Грек, Ромын соёл, философийн хүмүүнлэг үзэл санааг ахин сэргээж, хүн төвт, шинжлэх ухаанч үнэт зүйлсийг эрхэмлэж байсан юм. Тийм ч утгаар уран бүтээлчид хүний бие, байгаль, орон зай, гэрэл сүүдэр, харьцаа, хөдөлгөөнийг илүү нарийвчлан ажиглаж, тэдгээрийг бодитой дүрслэхийг эрмэлзэх болжээ. Математик, геометрийн зарчимд тулгуурласан шугаман алслалт, орон зайн зохион байгуулалт, хүний биеийн анатомийн судалгаа зэрэг нь уран бүтээлийн чухал хэрэгсэл болсон байна.

Рафаэл Санти нь 1483 онд Италийн Урбино хотод төрсөн бөгөөд Сэргэн мандалтын үеийн урлагийн хэв маягийн сонгодог шинжийг өөрийн бүтээлээр бүрэн илэрхийлж чадсан нэгэн юм. Түүний эцэг нь мөн уран зураач байхын зэрэгцээ өндөр боловсролтой, яруу найрагч хүн байв. Тиймээс Рафаэл бага наснаасаа Урбино хотын ордны уран зураг болоод оюун санааны ертөнцтэй танилцсан. Тэрээр 1500 оны орчимд зураач Пьетро Перужинотой ойр байсан ба түүний тайван, зохирол бүхий зохиомж, зөөлөн гэрэлтүүлэг, алслалтыг ашиглах арга барилыг нягтлан судалжээ. Түүнчлэн 1504 - 1508 илүү Леонардо да Винчи, Микеланжело нарын бүтээлтэй танилцаж, сфумато буюу гэрэл сүүдрийн зөөлөн шилжилт, хүний биеийн хүчирхэг хөдөлгөөнийг дүрсэлж сурсан байна.
Рафаэлийн хамгийн алдартай бүтээл нь “Афины сургууль” (1509-1511) бөгөөд энэхүү бүтээл нь Европын сэргэн мандалтын соёл, философийн дээд үнэт зүйлийг илэрхийлдэг. Харин “Их далайн салхи тал нутагт” үзэсгэлэнд толилуулж буй “Хөрөг” зураг нь түүний уран бүтээлийн эхэн үед хамаарах бөгөөд энд Пьетро Перужиногийн нөлөө илүүтэй харагдана. Хөрөгт нэгэн эрэртэй хүнийг зургийн төвд байрлуулан, цээжин хэсгийг эгц урдаас нь харуулан дүрсэлсэн байна. Түүний харц эгц урагшаа бус, хажуу тийшээ чиглэх бөгөөд царайны хувирал нь төв, итгэлтэй, хүчтэй харагдана. Буржгар үс нь мөр хүртэл бөгөөд хар малгай, нөмрөг өмсжээ. Харин ард нь байгалийг уусгуулан зурсан байна. Эдгээр нь сэргэн мандалтын үеийн хөрөгт түгээмэл тохиолдох дүрслэлийн хэв маяг хэдий ч уран бүтээлчийн өөрийн онцлог ч харагддаг. Рафаэл нь Перужинотой харьцуулахад илүү хурц, тод бөгөөд тэгш хэм, тэнцвэрийг баримталдаг. Тэрээр дүрийн гоо зүй, зохирол, сэтгэл зүйн тайван байдлыг илүү чухалчилдаг бөгөөд энэхүү “зохирол” нь зөвхөн хүний нүүр царайд бус, бүхэл бүтэн зохиомжид илэрдэг. Тэрээр дүр, орон зай, өнгө, байгаль хоорондын тэнцвэрийг хадгалж үзэгчийн анхаарлыг нэг цэгт төвлөрүүлэхийн зэрэгцээ дүрийг хүрээлэн буй ертөнцтэй нь уялдуулдаг.
Сэргэн мандалтын үеийн урлагийн гол онцлогийн нэг нь урлаг, философи, байгалийн шинжлэх ухаан болон математикийн мэдлэг хоорондоо нягт холбогдсон явдал юм. Хүний биеийн анатоми, биеийн харьцаа, орон зайн алслалт, гэрэл сүүдэр, геометрийн зохицол зэрэг нь уран бүтээлийн салшгүй хэсэг болжээ. Уран бүтээлчид аливаа зүйлийг хэрхэн “байгаа мэт” харагдуулах төдийгүй, хүний нүд ертөнцийг хэрхэн хүлээн авч байгааг ойлгон дүрслэхийг эрмэлзэж байв. Тухайн үеийн уран бүтээлч бодит ертөнцийг анхааралтай ажиглахын зэрэгцээ хүний биеийн бүтэц, хөдөлгөөн, нүүрний хувирал, гарын дохио зангаа, сэтгэл хөдлөлийг ойлгож, тэдгээрийг дүрслэлдээ үнэмшилтэйгээр илэрхийлэх шаардлагатай болсон байна. Гэрэл сүүдрийн харьцаа, хүний биеийн жин ба эзлэхүүн, орон зайн зохицлыг хослуулснаар дүрслэл илүү бодит, амьд шинжтэй болж, хөрөг зурагт хүний дүрийг зөвхөн гадаад төрхийг нь хуулбарлах бус, тухайн хүний хувь чанар, сэтгэл зүйн төлөвийг илэрхийлэх болсон нь сэргэн мандалтын үеийн чухал ололтын нэг юм.
Харин 17-р зуунд Европын урлагт шинэ эрч хүч, хөдөлгөөн, драматик илэрхийлэл давамгайлах болжээ. Ийнхүү Барокко хэмээх урлагийн хэв маяг хөгжсөн байна. Хэрэв сэргэн мандалтын урлагт тэнцвэр, зохицол, математик тооцоо, хүний биеийн төгс харьцаа чухал байр суурь эзэлж байсан бол Барокко урлагт хөдөлгөөн, сэтгэл хөдлөл, драматизм, орон зайн тэлэлт илүү хүчтэй илэрдэг. Барокко уран бүтээлчид дүрсийг өөрийн хүрээнд нь хязгаарлах бус, үзэгчийн орон зай руу “гаргаж ирэхийг” эрмэлзэж байв. Үүний үр дүнд баримал нь зөвхөн нэг талаас харах объект бус, тойрч харах, олон өнцгөөс мэдрэх орон зайн бүтээл болон хувирчээ.

Энэ үеийн хамгийн тод төлөөлөгчдийн нэг бол Италийн уран барималч, архитектор Жан Лоренцо Бернини (1598–1680) юм. Түүнийг Барокко урлагийн гол төлөөлөгч, заримдаа “Бароккогийн эцэг” хэмээн нэрлэдэг. Бага наснаасаа уран бүтээлч эцгийнхээ дэргэд уран баримлын боловсрол эзэмшсэн Бернини эртний Грек, Ромын уран баримал болон 16-р зууны Сэргэн мандалтын оргил үеийн уран зургийг гүнзгий судалжээ.
Үзэсгэлэнд толилуулсан Бернинигийн “Нептун” бүтээл нь Бароккогийн хөдөлгөөн, драматик илэрхийллийн онцлогийг тод харуулна. Энэхүү зохиомжийн анхны гантиг хувилбар болох “Нептун ба Тритон”-ыг 1622–1623 онд Кардинал Алессандро Перетти Монтальтогийн захиалгаар Ром дахь Вилла Монтальтогийн загасны цөөрөмд зориулан бүтээжээ. Бернини уг бүтээлээ эртний Ромын яруу найрагч Овидын “Хувирлууд” зохиолд өгүүлдэг үйл явдлаас сэдэвлэсэн байна. Хүн төрөлхтөн ёс суртахууны доройтолд орсонд Зевс бурхан хилэгнэж, тэднийг шийтгэхийн тулд их үер буулгахаар шийддэг. Гэтэл түүний ах, далайн бурхан Нептун сэрээгээрээ газрыг хүчтэй цохин үерийн усыг татруулдаг. Бернини Нептуныг энэхүү хүчирхэг мөчид, уур хилэнгийн оргилд байгаагаар дүрсэлжээ. Түүний бие урагш тэмүүлж, жин нь нэг хөл дээр төвлөрөх бөгөөд үс, сахал, хувцас нь салхинд хийсэж буй мэт харагдана. баримлын хөдөлгөөнийг ажиглах үзэгч дараагийн мөчийг төсөөлөх.
Анхны гантиг хувилбар нь гадаах орчинд, усан оргилуурын цогцолборын нэг хэсэг болгон байрлах зориулалттай байсан тул Бернини хувцасны гүн нугалаас, нүүрний гэрэл сүүдрийн хүчтэй ялгарлыг тооцоолсон байна. Эдгээр шийдэл нь Ромын хурц нарны гэрэлд баримлын хэлбэр, эзлэхүүнийг тод харагдуулахад чухал үүрэгтэй байжээ. Харин үзэсгэлэнд буй жижиг хэмжээний хүрэл хувилбарт анхны зохиомжийн зарим элемент өөрчлөгдсөн байна. Анхны гантиг бүтээлд Нептунтай хамт түүний хүү Тритон дүрслэгдэж, Тритон дунгийн бүрээ үлээж байсан бол хүрлээр цутгасан хувилбарт Тритоны оронд далайн гахай, хоёр дүрийн түшиг болсон хясааны оронд хад дүрслэгдсэн байна. Том хэмжээний загварыг ийм жижиг хэмжээнд бууруулан бүтээхэд хүндрэлтэй тул зарим жижиг деталиудыг хялбаршуулжээ. Гэсэн хэдий ч бүтээлийн үндсэн хөдөлгөөн, эрч хүч, драматик шинж хадгалагдан үлдсэн байна. Нептуны хувцас, биеийн хөдөлгөөн, гарын байрлал нь орон зайд тэлж, үзэгч тэрхүү үйл явдлын дунд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ бол Барокко урлагийн гол онцлог болох театрлаг шинж, динамик хөдөлгөөн, хүчтэй сэтгэл хөдлөл юм.


Гэрэл зургийг: artpress.mn
“Их далайн салхи тал нутагт” хэмээх үзэсгэлэнгийн нэр өөрөө энэхүү урлагийн аяллын утгыг илэрхийлнэ. Европын эртний соёл, Сэргэн мандалтын хүн төвтэй үзэл, шинжлэх ухаан ба урлагийн нэгдэл, Бароккогийн хөдөлгөөн, драматик илэрхийлэл зэрэг олон зуун жилийн турш бүрэлдэн хөгжсөн урлагийн хэл монгол үзэгчдэд хүрч байна. Үзэсгэлэнд уран бүтээлчдийн танилцуулга, бүтээлийн тайлбар мөн өрнийн дүрслэх урлагийн түүхэн хөгжлийг товчоор өгүүлэхийн сацуу Рафаэлийн “Хөрөг” зургийн гадаргууд 2019 онд хийсэн MA-XRF (Macro X-ray Fluorescence Mapping) буюу рентген флюоресценцийн макро зураглалын элементийн шинжилгээний үр дүнг танилцуулсан байна. Энэхүү судалгааны үр дүн нь уг бүтээлд ашигласан пигментийн найрлага болон сэргээн засварлалтын үйл явцын талаар үзэгчдэд илүү гүнзгий ойлголт өгөх боломжийг бүрдүүлжээ.