М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

Share
М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?
Гэрэл зургийг: artpress.mn

“Exit and Entry” үзэсгэлэн

B Contemporary Art Gallery

2026.09.04 - 2026.09.27

А.Ганзаяа

Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын шинжлэл” сэдвээр докторын зэргээ хамгаалсан урлаг судлаач, уран бүтээлч юм. 

Түүний гурав дахь бие даасан “Гарц ба Орц” хэмээх үзэсгэлэн нь инсталляц болоод уламжлалт техникүүдийг хослуулсан жар орчим бүтээлээс бүрдэнэ. Танхимыг тод өнгө, цэг, зураасан дүрс, дижитал хэвлэлүүдээр дүүргэн, танхим дотор уран бүтээлчийн хувийн танхим давхарлагдан үүссэн мэт харагдаж байлаа.

Гэрэл зургийг: artpress.mn

Бүтээлүүдийн нэр, дүрслэлийг холбон сэтгэвэл тэдгээр нь уран бүтээлчийн дурсамж, дотоод бодлуудыг агуулж, тэдэнтэй холбоотой гуниг харуусал, аз жаргал гээд цөөнгүй мэдрэмжүүдтэй нь хамт урлагаар дамжин цэг, зураас, орон зайгаар илрэн гарч, тод өнгөөр будагдан үлджээ. Харин тэдгээр дурсамжууд нэгээс гарч нөгөөд дамжих маягаар хөвөрч, үргэлжилдэг нь үзэсгэлэнгийн нэрийг “Гарц ба Орц” хэмээн өгсний шалтгаан байж болох юм. 

Бидний өдөр тутмын амьдралдаа ашигладаг, хотын гудамжинд зөрж, хараад л өнгөрдөг дүрсүүдийг бүтээлдээ тусгасан байх ба энэ нь үзэгчдэд танил боловч харийн, жинхэнэ бус мэдрэмжийг өгнө. Жишээлбэл, "Скрийншот-2" бүтээлд жинхэнэ разетканы хажууд разеткийг зурж өлгөсөн бөгөөд “аль нь жинхэнэ вэ?” хэмээх асуултыг дагуулна.

“Жинхэнэ залгуур нь яг жинхэнэ мөн үү? Зурагдсан залгуур яагаад жинхэнэ биш юм бэ? Эсвэл жинхэнэ үү?”

М.Батзориг. "Скрийншот-2", 2026. Гэрэл зургийг: artpress.mn

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд хүмүүсийн эргэн тойрон дахь орчны тухай олон янзын асуултыг дагуулж байснаас гадна хүмүүсийн харилцаа холбоог мөн харуулж байв. “Бид 2” гэх бүтээлд эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг хар цагаан өнгөөр хэвлэхдээ царай төрхийг нь бүдгэрүүлжээ. Тэдний зургийг хамтад нь бус тус тусад нь аваад зэрэгцүүлэн тавьсан нь хоёр хүн хамтдаа байсан ч тус тусдаа хувь хүмүүс гэх санааг илэрхийлж байж болох юм. Харин тэдний зурган дээр давхарлан зурсан дөрвөлжин хүснэгтүүд, тэдгээрийн өнгөгүй болоод өнгөтэй дөрвөлжингүүд бол “хамтдаа” бий болгосон дурсамжууд болоод мартагдсан хэсгүүдийг харуулж байх шиг. Тэдгээр дурсамжууд нь дулаан, хүйтэн, хар бараан басхүү гал улаан байж.

М.Батзориг. “Бид 2”, 2026. Гэрэл зургийг: artpress.mn

Өдгөө Монголын контемпорари урлаг хаашаа чиглэж байна вэ гэх асуултад хэрхэн хариулах вэ? “Контемпорари” гэх үг яг аль цаг үеийг хамаарч, ямар чиг хандлагаар яваад байна вэ? Эдгээр төвөгтэй асуултуудад хүн бүр өөрийнхөөрөө хариулна. Харин энэ удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд нэгэн монгол уран бүтээлч орон зай, цаг хугацаа, техник технологийн хөгжил, хувь хүний дурсамж, мэдрэмжүүд, хүмүүсийн холбоо харилцаа, өдөр тутмын амьдралыг дэлгэн харуулах, шүүмжлэх байдлаар бүтээлдээ шингээн гаргасан нь энэ аж.

Техник технологи асар хурдтай хөгжиж, хотын амьдралд дарагдан яваа хүмүүс бид хаашаа харж, юу руу чиглэх ёстой вэ? Хий хоосон, дэмий үгсэд итгэн урсгал даган урсах уу? Эргэн тойрноо сайн ажиглаж, өөрт оноогдсон амьдралаа нандигнан тээж явах уу? Ялангуяа төхөөрөмж дотор гацаж, цаг хугацаа зарсаар байх уу? Аль эсвэл түүнээсээ гарч агаар амьсгалах уу? Гэх мэт олон асуултыг гаргаж тавьж байна.

Танхимын төгсгөл хэсэгт хананы цаана нуугдсан нэгэн бүтээл байсан нь “Цастай шөнө” гэх бүтээл байлаа. Энэ бүтээлийг харахад л хөнгөн цастай, намуухан, салхигүй тогтуун шөнийн дурсамж нүдэнд тодхон үзэгдэнэ. Цонхны цаана олон өнгийн амьдрал оршиж, гэрлүүд шөнийг өдөр мэт гийгүүлнэ. Эвлүүлсэн мэт энэ дүрснүүд таны дурсамжийн өнцөг булан бүрээс цугларсаар цастай шөнийг төсөөлөхөд хүргэнэ.

М.Батзориг. “Цастай шөнө”, 2026. Гэрэл зургийг: artpress.mn

Судлаач, уран бүтээлч М.Батзориг “Гарц ба Орц” үзэсгэлэнгийн зэрэгцээ өөрийн “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлага” номоо гаргасан бөгөөд түүний шинэхэн номыг “Б” Контемпорари галлерейн хажуугийн танхимаас үзэж сонирхох боломжтой. 

Read more

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Энэ удаагийн “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг онцлон авч үзэж, хүний үйл ажиллагаа болон хүн, байгалийн харилцан хамаарлын талаар эргэцүүлэх боломжийг бүрдүүлжээ.