Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн
Энэ удаагийн “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг онцлон авч үзэж, хүний үйл ажиллагаа болон хүн, байгалийн харилцан хамаарлын талаар эргэцүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Сүүлчийн зүүд
2026.07.24 - 2026.08.02
B Contemporary Art Gallery
Э.Эмүлэн
Энэхүү үзэсгэлэн нь B Contemporary Art Gallery-н тав дахь жилдээ зохион байгуулж буй “Contemporary Series” цувралын нэг хэсэг юм. Тус цуврал нь жил бүр Монгол болон олон улсын уран бүтээлчдийг оролцуулан, байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг орчин үеийн урлагаар дамжуулан хөндөж, олон нийтэд харилцан яриа өрнүүлэх зорилготой.
Энэ удаагийн “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг онцлон авч үзэж, хүний үйл ажиллагаа болон хүн, байгалийн харилцан хамаарлын талаар эргэцүүлэх боломжийг бүрдүүлжээ. Үзэсгэлэнд нийт есөн уран бүтээлчийн 14 бүтээл дэлгэгдсэн бөгөөд уран зураг, коллаж, гэрэл зураг, баримтат кино, баримал, керамик, холимог техник, инсталляц зэрэг олон төрөл нэгэн сэдвийн хүрээнд нэгдэн, орчин үеийн урлагийн олон талт байдлыг харуулж байв.
Байгаль орчны асуудал өнөөдөр бидэнд хэдийнээ танил сэдэв болсон. Гэвч энэхүү үзэсгэлэн уг асуудлыг шууд дүрслэн өгүүлэхээс илүүтэйгээр хүн ба байгалийн харилцаа, оршихуйн мөн чанарын талаар эргэцүүлэх асуултыг үзэгчдийн өмнө тавьснаараа онцлог байв. Хүн төрсөн цагаасаа эхлэн байгальтай салшгүй холбоотой амьдардаг. Амьсгалж буй агаар, ууж буй ус, гишгэж буй хөрс гээд өдөр тутмын энгийн мэт бүх үйлдэл эх дэлхийтэй үргэлж холбогдож байдаг. Энэхүү салшгүй холбоо хамаарал үзэсгэлэнгийн туршид өөр өөр дүрслэл, материал, бэлгэдлээр бүтээлүүдээс мэдрэгдэж байлаа.
Тухайлбал, уран бүтээлч Б.Орхонтуулын "Without Beginning or End" бүтээл нь полимер материалаар хийсэн тойргийг дүрслэх бөгөөд мод шиг харагдана. Энэхүү материалын сонголт нь байгалийн болон хиймэл материалын заагийг бүдгэрүүлж, хүн байгалийг хэрхэн дуурайж, өөрчилж, дахин бүтээдэг тухай тунгаахад хүргэнэ. Мөн тойрог хэлбэр нь эхлэл, төгсгөлгүй үргэлжлэх амьдралын мөчлөгийг илэрхийлэх бөгөөд, эртний философийн "мөнхийн давталт" хэмээх ойлголттой холбогдоно. Энэхүү үзлээр орчлон ертөнц нэгэн ижил мөчлөгөөр дахин дахин давтагддаг бөгөөд төгсгөл нь үнэндээ шинэ эхлэлийн үндэс болдог. Үүний зэрэгцээ тойрог дүрс нь Буддын философийн “Самсара” буюу төрөлт, үхэл, дахин төрөлтийн тасралтгүй эргэлдэх мөчлөгтэй ч холбогдох боломжтой. Ийнхүү бүтээл нь байгалийг зөвхөн дүрслэн үзүүлэхээс илүүтэйгээр хүн, байгаль, цаг хугацаа хоорондын салшгүй холбоо, оршихуйн мөнхийн эргэлтийн тухай философийн эргэцүүллийг хүүрнэж байна.

Харин уран бүтээлч П.Ганбатын “Hidden, Hidden” бүтээлд нь элсэн дээр модон суурьтай толин гадаргуутай, футуристик хэлбэрийн автомашиныг бүтээсэн байх бөгөөд зэсээр ороож, хатсан цэцэгсийг дээр нь тавьсан байв. Элс нь цөлжилтийг санагдуулж, түүний дээр байрлах футуристик автомашин нь хүн төрөлхтний технологийн хөгжил, үйлдвэрлэлийн эрчимжилтийг төлөөлөх мэт. Машины толин гадаргуу нь үзэгчийг бүтээлд тусган оруулснаар байгаль орчны асуудлаас ангид ажиглагч бус, түүний нэг хэсэг болохыг сануулна. Харин дээр нь байрлуулсан хатсан цэцэгс нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас алдагдаж буй экологийн эмзэг байдлыг бэлгэдэх мэт. Ийнхүү уг бүтээл нь байгаль орчны доройтол бол бусдын асуудал бус, бид бүгдийн өдөр тутмын сонголт, хэрэглээтэй салшгүй холбоотой асуудал болохыг сануулж байв.

Мөн уран бүтээлч Б.Бат-Оргилын “Nine Treasures” 14 минутын экспериментал баримтат кино нь хүн, байгаль хоёрын салшгүй холбоог үйлдвэржилт, хотжилт, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн дүрслэлүүдээр зэрэгцүүлэн харуулжээ. Байгалийн нам гүм төрх, өвөрмөц тогтоц бүхий орчныг ажиглах камерын хөдөлгөөн, дүрслэлийн хэмнэл нь цаг хугацааны урсгал, байгалийн хувьслын тухай мэдрэмж төрүүлнэ. Харин үйлдвэрлэл, хотын хэмнэл рүү шилжих дүрслэлийн дараалал нь хүний үйл ажиллагаа хүрээлэн буй орчныг хэрхэн өөрчилж буй талаар эргэцүүлэхэд хүргэнэ. Кино нь байгаль орчны асуудлыг шууд дүгнэн өгүүлэхээс илүүтэйгээр хүн төрөлхтний хөгжил дэвшил болон байгалийн эмзэг тэнцвэрийн хоорондын нарийн харилцааг ажиглан тунгаах орон зайг үзэгчдэд үлдээж буйгаараа онцлог байв.
Үргэлжлүүлэн, Б.Орхонтуулын “Her Feelings Some Day” болон О.Амарын “My World” бүтээлүүдэд байгалийн дүрслэлээр дамжуулан хүний дотоод ертөнц, сэтгэлзүйн төлөв байдлыг илэрхийлжээ.

О.Амарын барималд бясалгалын байрлалтай хүний дүрийг бүтээсэн бөгөөд доошоо урсан задрах мэт хэлбэр нь хүний дотоод ертөнц рүү чиглэсэн нам гүм аялал, бодол мэдрэмжээ ажиглах үйл явцыг санагдуулна. Харин толгойг тойрсон алтлаг тойрог нь гэрэл, нарны дүрслэлтэй зэрэгцэн гэгээрэл, дотоод тэнцвэрийн бэлгэдэл болно. Бүтээлийг бүхэлд нь ажиглахад нар, сар, шувууг санагдуулам дүрслэлүүд давхар утга үүсгэж, хүн ба байгаль, дотоод ертөнц ба орчлонгийн хоорондын холбоог илэрхийлж буй мэт.

Харин зураач Д.Үүрийнтуяагийн “Winter Mood” цувралд маск, хар утаа, нүдний хаалт зэрэг дүрслэлүүд нь Улаанбаатарын хүнд өвлийн тухай хөндөнө. 10 бүтээлээс бүрдэх уг цуврал нь орчин үеийн амьдралын талаарх уран бүтээлчийн эргэцүүлэл юм. Хатуу хахир өвөл, хотыг бүрхэх утаа, энэ дунд орчин үеийн хүмүүс цахим орчинд автаж, цэвэр агаарыг мөрөөднө. Ийнхүү бүтээлүүд нь хувь хүний бие, сэтгэлийн сайн сайхан байдал хүртэл амьдарч буй орчин, байгальтай салшгүй холбоотой болохыг илэрхийлж байна.

Үзэсгэлэнгийн төгсгөлд Алтайн нуруун дахь Потанин мөсөн гол орчмын уур амьсгалын өөрчлөлт болон соёлын өвийг баримтжуулах төслийн эхлэл болох Алтай Таван Богд Үндэсний Паркд 30 жилийн турш ажилласан байгаль хамгаалагчтай бүс нутгийн тулгамдсан асуудлын талаар ярилцсан баримтат киноны хэсгийг тавьсан байлаа. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт нь бидний оюун санаан дахь онол төдий бус бодит зүйл болохыг сануулсан юм.

Уг баримтат кинотой зэрэгцэн уран бүтээлч Б.Алтангэрэлийн керамик бүтээл болох “Blue Gold” нь цэнхэр алт хэмээх усны үнэ цэнийг илэрхийлж, усаа хайрлахыг уриалж байв. Бүтээл нь ус мэт хэлбэртэй цэнхэр керамик аягануудаас бүрдэх бөгөөд дотор нь ус хийжээ. Доор нь тоосго зэргийг тавьснаар мөн үйлдвэржилт, усны системийг санагдуулах бөгөөд доор нь урсан тогтсон ус нь усаа хайрлах санааг дэмжиж байлаа.

Үзэсгэлэнгийн нэр болох “Сүүлчийн зүүд” нь төгсгөлийг бус, харин сэрэхийн өмнөх сүүлчийн мөчийг илэрхийлэх ажээ. Энэхүү нь байгаль орчны өөрчлөлт, хүний үйл ажиллагааны үр дагаврыг зөвхөн ирээдүйн айдас, сүйрлийн дүр зураг бус, харин өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулга болгон харуулж байна. Ийнхүү үзэсгэлэн нь хүн ба байгалийн харилцааг эргэн харах, бидний өдөр тутмын сонголт, оршихуйн хариуцлагын талаар эргэцүүлэх орон зайг үзэгчдэд нээж өгчээ.
Үзэсгэлэнд оролцсон нийт уран бүтээлчид: Б.Алтангэрэл, О.Амар, Б.Батчимэг, Б.Бат-Оргил, Б.Баяржаргал, П.Ганбат, Ц.Ган-Эрдэнэ, Б.Орхонтуул, Д.Үүрийнтуяа.