"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

Share
"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн

2026.08.07 - 2026.08.30

B Contemporary Art Gallery

Э.Эмүлэн

“Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн юм.

Үзэсгэлэнгийн танхимд ороход хамгийн түрүүнд үзэгчийг цочроон тусах үзэгдэл нь танхимд хэвтэж буй хүний дүрс байв. Толгойгоо барин, хажуу талаараа, эвхрэн хэвтсэн хуучирсан хувцастай тэрхүү дүрс үнэндээ А.Мөнхтөгөлдөрийн “Төрсөн нь үнэн” нэрт зөөлөн баримал юм. 151 см урт энэхүү зөөлөн баримал нь жинхэнэ хүн шиг харагдах ба хуучирч, элэгдсэн хувцас нь бодит мэдрэмжийг төрүүлж байв. Тайз, хувцасны дизайнер, зураач, гар урлаач А.Мөнхтөгөлдөрийн нарийн чадвар тус бүтээлийг амилуулж, эмзэглэлийг мэдрүүлж чадсан юм.

Энэхүү дүр бол хотын гудамжаар явахад хааяа тааралддаг танил дүр. Тиймээс анх харахад бодит хүнтэй эндүүрэх нь уг бүтээлээр хөндөж буй асуудлын хүндрэлийг улам тодруулж байв. Баримлын эвхрэн хэвтсэн байрлал нь газар унаж, өшиглүүлж, дэвслүүлж байхдаа толгойгоо хамгаалан биеэ хумьдаг хүний дүрийг санагдуулна. Харин толгойн дээр нь унжуулсан эсгий үнэг нь монголчуудын нялх хүүхдийг элдэв аюул, барцдаас хамгаалах зорилгоор эсгийгээр үнэг хайчилж, өлгөдөг дом, бэлгэдэлтэй холбогдож байлаа.

А.Мөнхтөгөлдөрийн нийт гурван зөөлөн баримал үзэсгэлэнгийн танхимд тархан байрласан байв. “Дэлбээ нь унав” нэртэй зөөлөн баримал нь 154 см өндөртэй, нүүрээ хоёр гараараа дарсан байх ба биен дээр нь гарын мөрүүд харагдана. Толгойнд нь алчуур зүүлгэж, бие нь нэвт харагдах торон халат болон гэрийн шаахай өмсгөсөн нь хувийн эрх нь алдагдсан болохыг илэрхийлж байв. Тус баримлыг танхимд баганын ард нуугдах мэт байрлуулсан нь айж, нуугдахыг хүсэх мэдрэмжийг нь тодруулна.

Дараагийн зөөлөн баримал болох “Зогсдог цаг” нь бага насны хүүхдийг дүрслэх ба толь барин, түүн рүүгээ орох мэт сууж байв. Энэ нь орчин үеийн хүүхдүүдийг дэлгэцээр саатуулах болсноор, хүүхэд өөрийнхөө бодит орчноос илүүтэй дэлгэцийн ертөнцөд автаж, цаг хугацаа нь тэр орчинд “зогсож” байгаа мэт болж буйг илэрхийлсэн байна. Энэхүү гурвалсан бүтээлийн үндсэн нэр нь “Бид Бүгдээрээ Хүүхдүүд” юм. Эдгээр бүтээлүүд нь хүүхдүүдэд тулгамдаж буй хүнд асуудлуудыг хөндөж, хүүхдийн аюулгүй орчинд өсөх эрхийг онцолж байлаа.

Хот ба хүүхдүүдийн аюулгүй орчин хэмээх сэдэв үзэсгэлэнгийн бусад бүтээлүүдэд ч тод харагдаж байв. Н.Мөнхцэцэгийн “Зэврэлтийн дурсамж”, “Нүүдэл”, “Дурсамжийн ул мөр” зэрэг фото коллаж бүтээлүүдэд Улаанбаатарын дүр төрхийг зэврэлт болон нүүдэллэж буй дүрслэлтэй нэгтгэжээ. Энэ нь хотжилт, нийгмийн өөрчлөлт, цаг хугацааны урсгалыг санагдуулж, Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдөж, энэ өөрчлөлтийн дунд хүмүүс хэрхэн оршиж байгааг эргэцүүлэх боломжийг өгнө. Ялангуяа гэр хороолол болон хүүхдүүдийн дүр зураг нь хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламжаар хэмжих боломжгүйг сануулна. Хот маань хүүхдүүдэд хэр аюулгүй, ээлтэй орчин болж чадсан бэ гэсэн асуултыг үзэгчийн өмнө үлдээнэ.

Харин зураач Э.Тогтууны бүтээлүүдэд хотын зэрэгцээ дотоод мэдрэмж, хот болон хотын соёлоос давж гарах хүсэл, хүүхэд насны дурсамж, төсөөллийн ертөнц илүү тод мэдрэгдэнэ. Түүний “Beyond their plastic dreams #2” бүтээлд Улаанбаатар хотыг дүрслэх ба хотыг хар утаа бүрхсэн байлаа. Шөнийн хотын гэрэл, сүүдэртсэн барилгуудын дээгүүр улбар шар морь унасан хүн нисэж байв. Морь нь гал, хурд, хүч, эрх чөлөөг мэдрүүлэх бол цамцгүй, үсээ сүлжсэн морьтон нь орчин үеийн хотын дүрээс илүүтэй монгол ахуй, нүүдэлчин соёлыг санагдуулж байлаа. Мөн “Plastic dreams” буюу хиймэл, хуванцар мөрөөдөл гэсэн санаа нь хотын материаллаг орчин, хэрэглээний соёлыг илэрхийлж байв. Иймд тус бүтээл нь хиймэл орчноос чөлөөлөх хүслийг илэрхийлж байгаа юм.

“Шанаган хорхой” бүтээлд шанаган хорхойнууд холдон нисэж, араас нь нэгэн хүүхэд гараа сарвайн үлджээ. Тэднийг явуулж байгаа мэт атлаа “битгий яв” гэж буй мэт энэ дүрслэл нь үгүйлэл, хагацлын мэдрэмжийг төрүүлнэ. Бидний хүүхэд ахуйдаа сонсож өссөн “Шанаган хорхой ээжийгээ эрсэн нь” үлгэрт ээжийгээ хайж буй шанаган хорхой гардаг нь бүтээлийн нэр, дүрслэлтэй давхар холбогдоно. Харин цаана нь өглөөний нартай зэрэгцэн ирж буй ээж, түүнийг тосон хүлээж буй хүүхдийн дүр харагдах нь хагацлын дараах уулзалт, хүлээлт, найдварын тухай өгүүлнэ. Уг дүрслэл нь зураач Д.Амгалангийн “Ээж ээ, сайн байна уу” хэмээх бүтээлийг санагдуулж байв. Ийнхүү бүтээлд хүүхэд насны үгүйлэл, эхийн хайр, хүлээлт, эргэн уулзах найдвар зэрэг мэдрэмж нэгэн дор огтлолцжээ.

Үзэсгэлэнд ҮсэгТоо нэгдлийн долоон уран бүтээлч бүтээлээ толилуулж, БНХГУ-аас зочин уран бүтээлчээр Катя Бринкманн оролцсон байна. Мөн анимейшн бүтээлийг танилцуулсан нь үзэсгэлэнгийн хэлбэр, агуулгыг баяжуулж, орчин үеийн урлагийн чиг хандлагыг харуулсан онцлогтой байлаа.

Read more

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Энэ удаагийн “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг онцлон авч үзэж, хүний үйл ажиллагаа болон хүн, байгалийн харилцан хамаарлын талаар эргэцүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

“Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлч өөрөө анагаагч, хамгаалагчийн дүрээр бүтээлүүддээ давтагдан оршиж, хүн ба байгаль хоорондын тасарсан холбоог дахин сэргээх боломжийг эрэлхийлжээ.

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн байгууллагуудын нэг болох Венецийн Биенналь өөрийн Түүхэн архивын сангийн “Тэнгэрийг бүтээгч салхи. Марко Пологийн мөрөөр Венецийн Биенналь” төслөөр дамжуулан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.