Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Share
Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр
Гэрэл зургийг: artpress.mn

“HOPE” үзэсгэлэн

CAB урлагийн орон зай

2026.09.07 - 2026.09.12

Э.Эмүлэн

Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн “Хүн төрөлхтөн, гарал үүсэл, гараг ертөнц, оршихуй зэргээс бүрдэх итгэл найдвар” гэсэн гол утга санаа гарч ирнэ. 

Үзэсгэлэн хэд хэдэн инсталляц болон уран зургуудаас бүрдэнэ. Үр хөврөлийн ялгаатай үе шатыг дүрслэх жижигхэн олон тооны баримлуудыг хананд тогтоосон байх ба танхим руу орох тусам нэгэн эгнээнд тэдгээрийг эгнүүлжээ. Энэ нь хорвоод мэндэлж чадсан болон чадаагүй үр хөврөлийг санаанд буулгаж, хүний амьдралын эхлэлийн талаар эргэцүүлэхэд хүргэнэ. Мөн монголчуудын “Хүний төрөл авах нь атга будаа шидэхэд зүүний үзүүр дээр тогтох адил” гэх эшлэлийг санагдуулж, санаандгүй мэт боловч ховор хувь тохиол байх хүний амьдралын талаар бодогдуулав.

Түүнчлэн хүүхдийн тоглоом болох хүүхэлдэй мэт нас биед хүрсэн хүний дүрстэй баримлыг бөөрөнхий хэлбэрийг үүсгэх гэрлэн тусгалыг тойрон алхах мэт байрлуулсан байлаа. Тойрог хэлбэр нь амьдралын мөчлөг, цаг хугацааг сануулах бөгөөд тойрон алхах мэт баримлууд нь мөн хүний амьдралыг илэрхийлж байгаа юм.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн уран зургууд дахь нийтлэг шинж нь нүцгэн, цагаан даавуу нөмөрсөн эсвэл цагаан хувцас өмссөн хүний дүрслэл байв. Бүтээл бүрд тэнгэр, газар гэсэн хоёр орон зайг дүрсэлсэн бөгөөд зарим зурагт тэнгэр гол фон болж, заримд нь газрын дүрслэл давамгайлжээ. Харин зураг бүрийн зохиомжид газрын эзлэх хэмжээ харилцан адилгүй байна.

Газрын дүрслэл түлхүү орсон бүтээлүүдэд хүний дүрүүд ихэвчлэн халзан, гунигтай харагдана. Харин тэнгэрийн орон зайд дүрслэгдсэн хүмүүс хамтдаа бүжиглэж, үсний урт богино нь харилцан адилгүй байх бөгөөд илүү эрх чөлөөтэй, амар амгалан төрхийг илэрхийлнэ. Тухайлбал, нэгэн бүтээлд тэнгэрт морин дээр бүжиглэж буй хоёр хүнийг дүрсэлсэн нь эрх чөлөө, хийморь, хөнгөн мэдрэмжийг төрүүлнэ.

Ийнхүү бүтээлүүдийн тэнгэр дэх дүрслэлээс аз жаргал, баяр хөөр, сайн сайхан, амар амгалангийн мэдрэмж давамгайлан төрөх бол газрын дүрслэлээс илүү гуниг, хүнд байдлыг мэдэрч болно. Энэхүү эсрэгцэл нь хүн төрөлхтний оюуны соёл, ой санамжид гүн суусан “тэнгэр”-ийг диваажин, “газар доорх”-ыг тамтай холбон төсөөлдөг бэлгэдлийн сэтгэлгээтэй холбогдож байна. Тиймээс зураач тэнгэр ба газрын ялгаатай орон зайгаар дамжуулан хүний оршихуй, эрх чөлөө, аз жаргал болон зовлонгийн тухай өөрийн үзэл санааг илэрхийлсэн юм.

Нэгэн зурагт нар үүлний цаанаас гэрэлтэх тэнгэрийн дүр зургийн өмнө хүүхдээ тэвэрсэн эмэгтэй, эрэгтэй хоёрыг дүрсэлжээ. Энэхүү дүрслэл нь гэр бүлийн оршихуй, түүнээс мэдрэгдэх дулаан, хайр, итгэл найдварын мэдрэмжийг төрүүлнэ. Харин уг зургийн яг хажууд байрлуулсан үр хөврөлийн баримал нь энэхүү санааг улам тодотгож, үзэсгэлэнгийн ерөнхий агуулгыг зангидан төгсгөсөн мэт санагдана.

Гэрэл зургийг: artpress.mn

Энэхүү үзэсгэлэн нь орон зай, цаг хугацааны хязгаараас үл хамаарах хүний амьдрал, оршихуйн тухай эргэцүүлсэн экзистенциал шинж чанартай байлаа. Үзэсгэлэнгийн гол бэлгэдлийн нэг болох “үр” гэх ойлголт нь зөвхөн хүний үүсэл, гарал төдийгүй итгэл найдвар, үргэлжлэл, бидний хийж бүтээсэн үйлийн үрийг давхар илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, “үр” нь өнгөрсөн ба одоо цагийг холбохын зэрэгцээ ирээдүйн тухай асуултыг дэвшүүлж, хүн өөрийн дараагийн үе, оршихуйн үргэлжлэлд юу үлдээх вэ гэсэн бодолд хөтөлж байв.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Энэ удаагийн “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг онцлон авч үзэж, хүний үйл ажиллагаа болон хүн, байгалийн харилцан хамаарлын талаар эргэцүүлэх боломжийг бүрдүүлжээ.