“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ

Share
“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ
©Турины Дорнын Урлагийн Музей

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” 

Дорнын Урлагийн музей

Турин, Итали

2026.02.26 - 2026.04.07

Монголын төдийгүй дорно дахины суут уран бүтээлч Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын (1635-1723) бүтээлүүд Итали улсад олны хүртээл болсноор түүний бүтээлүүд 20 гаруй жилийн дараа анх удаа Монголоос өөр улсад дэлгэгдэж буй түүхэн үйл явдал болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улс хоорондын боловсрол, соёл шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд тус ажлын хүрээнд Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилыг онцолсон үзэсгэлэнгүүд Итали улсад зохион байгуулагдаж байна.

Гэрэл зургийг: А.Бенедетти. ©Боргезе Галерей.

“Занабазар: Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг Чингис Хаан Үндэсний музей, Итали улсын Ром хотын Боргезе Галерей ба Турин хотын Дорнын Урлагийн Музей хамтран зохион байгуулсан бөгөөд тус үзэсгэлэн Боргезе Галерейд энэ оны 1-р сарын 20-ны өдрөөс 2-р сарын 22 хүртэл олны хүртээл болсон билээ. Тэгвэл үзэсгэлэн үргэлжлэн Турин хотын Дорнын Урлагийн Музейд “Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” нэртэйгээр 2026 оны 2-р сарын 26-ны өдөр нээж 4-р сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Италийн музей соёлын байгууллагуудын зүгээс өөрийн цуглуулга дахь бүтээлүүдийг зөвхөн Европ төвтэй урлагийн түүхийн нүдээр харах хандлагаас татгалзаж “Глобал Барокко” гэсэн шинэ санаачилгын дэвшүүлээд байгаа аж. Уг санаачилгын хүрээнд амьдарч байсан цаг хугацаа, газар зүйн байршлын хувьд алс хол, магад огт хамааралгүй мэт боловч ур ухаан, бүтээлч сэтгэлгээний шинэчлэлээрээ ирээдүй хойч үеийн урлагийг эрс өөрчилсөн явдлаараа ижил төстэй уран бүтээлчдийг холбосон шинэлэг үзэсгэлэн, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн жишээ бол Чингис Хаан Үндэсний музейтэй хамтарсан энэхүү хоёр үзэсгэлэн юм.  

Боргезе Галерейд гарсан үзэсгэлэнгийн онцлог нь Өндөр гэгээн Занабазарын хоёр бүтээлийг (Ногоон Дара эх ба Занабазарын өөрийн хөрөг) Европын Барокко урсгалын мастер, уран барималч Жиан Лорензо Бернинигийн (1598-1680) бүтээлүүдтэй зэрэгцүүлэн толилуулсан юм. Хоёр уран бүтээлч нэгэн цаг үед бүтээлээ туурвин өөр өөрийн соёл ба урлагт шинэчлэл, бүтээл туурвилын шинэ хэлэмжийг авчирч байсан бол тэдний бүтээлүүд уулзах тохиол 21-р зуунд бүрдсэн нь энэ билээ.

Турины Дорнын Урлагийн Музей нь Итали төдийгүй Европ дахь Азийн урлагийн цуглуулгаараа тэргүүлэх музей бөгөөд Палаззо Маззони хэмээх түүхэн барилгад 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Музейн хувьд цуглуулгаа уламжлалт үзэсгэлэн хэлбэрээр толилуулахаас гадна үйл ажиллагаагаараа дамжуулан Азийн урлагийг Европд болон олон улсад таниулах шинэ содон арга хэмжээ, судалгаа, хамтын ажиллагааг дэмжиж, шинийг эрэлхийлэгч орон зай хэмээн тодорхойлдог байна. Турины Дорнын Урлагийн Музейн зүгээс “Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэнгээр дамжуулан үзэгчдэд ямар шинэ содон санаа, харьцуулалтыг толилуулах нь тун сонирхолтой.

Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд өмнө нь Франц улсын Парис хотын Гиме Музейд 1993 оны 11-р сараас 1994 оны 3-р сар хүртэл гарсан “Trésors de Mongolie” мөн АНУ-ын Сан Франциско хотын Азийн Урлагийн Музейд 1995 оны 11-р сараас 1996 оны 2-р сар хүртэл үргэлжилсэн “Mongolia: The Legacy of Chinggis Khan” зэрэг томоохон үзэсгэлэнгээр дамжуулан дэлхий нийтийн хүртээл болж байжээ.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн