Багри Сан уран бүтээлч Ц.Номингийн Их Британи дахь анхны бие даасан үзэсгэлэнг толилууллаа

Уран бүтээлч Ц.Номингийн Их Британи дахь анхны бие даасан “You Who Sing Into Existence” үзэсгэлэнг Багри Сангийн зүгээс шинээр хэрэгжүүлж буй Спрингборд хөтөлбөрийн хүрээнд Лондон хотноо гаргаж буй юм.

Share
Багри Сан уран бүтээлч Ц.Номингийн Их Британи дахь анхны бие даасан үзэсгэлэнг толилууллаа
Ц.Номин. “Clouds to Oceans, Oceans to Clouds” 2026. Гэрэл зургийг: Багри Сангийн зөвшөөрлөөр, ©Жо Андерхилл

Цэцэгмаагийн Номин

"You Who Sing Into Existence"

Гэгээн Циприаны Сүм (St Cyprian’s Church), Лондон, Их Британи

2026.10.10 - 2026.10.24

А.Дуламжав

Лондон хотын Рижентс парк дахь Фриз урлагийн үзэсгэлэнгийн асарт дэлхийн урлагийн ертөнц тэр аяараа бужигнаж байх үед тус цэцэрлэгт хүрээлэнгээс баруун зүгт байрлах нэгэн христийн сүмд монгол уртын дуу эгшиглэнэ. Энэ бол уран бүтээлч Цэцэгмаагийн Номингийн “You Who Sing Into Existence” (Дуулан бүтээгч чи) үзэсгэлэнгийн амин хэсэг.

Түүхэн дурсгалт барилгын статустай, готик загварын Гэгээн Циприаны Сүмийн барилгад нэвтрэхэд үзэгч нэн түрүүнд толгой дээгүүр өлгөсөн урт батик нэхмэл эдлэлийг дагуулан тэнгэр өөд харна. Сүмийн өндөр цонхоор нар тусахад багана хооронд өлгөсөн зэс баримал болон олон тооны хонх утсанд өлгөөтэй байгааг олж харан, ойртож харах сэдэл төрүүлнэ. Уран бүтээлчийн уриалгаар шалан дээр дэвссэн торгон олбог дээр хэвтэхэд хуучин барилгын үнэрт автангаа дээрээс харах христийн шашны сахиусуудтай харц тулгарах боломжийг Ц.Номин бий болгожээ.

Түүний Их Британи дахь анхны бие даасан “You Who Sing Into Existence” үзэсгэлэнг Багри Сангийн зүгээс шинээр хэрэгжүүлж буй Спрингборд хөтөлбөрийн хүрээнд Лондон хотноо гаргаж буй юм. Багри санг 1990 онд Лорд Раж Кумар Багри үүсгэн байгуулж өдгөө түүний гэр бүл удирдан авч явдаг. 2015 оноос сангийн филантропи үйл ажиллагааны чиглэл Ази даяарх урлаг, соёлыг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, санхүүжилт олгоход анхаарах болжээ. Спрингборд хөтөлбөрийг Багри сангийн захирал, куратор Челси Петтит санаачилсан бөгөөд Ази уран бүтээлчдийн Их Британи дахь анхны бие даасан үзэсгэлэнг дэмжих зорилготой шинэ кураторын хөтөлбөр юм. Тэрээр мөн “You Who Sing Into Existence” үзэсгэлэнгийн куратораар ажилласан байна.

Уран бүтээлч болон кураторын санаанаас гадна уран дархан, хатгамалч, уртын дуучид зэрэг олон хүний хамтын ажиллагааны үр дүнд үзэсгэлэн бий болсныг Ц.Номин байнга дурдаж байв. Үзэсгэлэнгийн цөм болох “Eternal Weaver: Sky Above” нэртэй хорин долоон метр урт батик бүхий ажлыг Ц.Номин Индонезийн Йогьякарта хотод байрлах Лохжинави резиденс хөтөлбөрийн үеэр Омах Креавиф Донгажи урлангийн үүсгэн байгуулагч Нурохмадтай хамтран эхлүүлжээ. Үүний дараа Улаанбаатар хотод эцсийн гар хатгамлыг уран хатгамалчидтай хамт урлаж гүйцэтгэсэн байна. Батикийн гүн индиго хөх өнгө нь Ява арал болон Монголын бэлгэдэл зүй, сансар огторгуйн тухай ойлголтоос улбаатай.

Танхимын намуухан агаарт зөөлөн эргэлдэх дугариг хэлбэртэй “Clouds to Oceans, Oceans to Clouds” ба “Embrace Across Aeons” хоёр зэс цутгамал баримал мөн хөх утаснаас өлгөөтэй 1008 ширхэг товчин хонхноос бүрдэх “You Who Sing Into Existence” ажлыг уран дархан, хуяг урлаач Бямбацогтын Эрдэнэбилэгтэй хамтран гүйцэтгэсэн байна. 1008 хэмээх тоо нь орчлон ертөнц, төгс төгөлдөр байдлыг бэлгэддэг сүнслэг, ач холбогдолтой тоо хэмээн тайлбарлажээ. Харин танхимд цуурайтах хөг аяын хувьд уудам талаас сэдэвлэсэн “Misty Memory of Hödöö” цоо шинэ зохиомжийг Өвөр Монгол гаралтай Исланд улсад оршин суудаг уран бүтээлч KHAIRKHAN-тай хамтран гүйцэтгэсэн байна. Үүнээс гадна уламжлалт морин хуурын аялгуунд уртын дуучин Эрдэнэ-Очирын Чаминчулууны хоолойгоор амилуулсан таван уртын дуу ээлжлэн эгшиглэнэ.

Түүхэн барилга, тэр тусмаа идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй христийн шашны сүмийн орон зайд үзэсгэлэнгээ гаргана гэдэг галерейн орон зайд бүтээлээ дэглэхээс эрс өөр. Энэ өвөрмөц сорилт ба боломжийг Ц.Номин соргогоор олж харан дуу авиа, архитектур, зөөлөн эд болон металаар урласан баримал, өөр өөр соёлын зан үйлийн хоорондын харилцаа ба өргөн цар хүрээтэй хамтралын үр дүнд бий болсон цогц бүтээлийг чадмагаар бүрэлдүүлжээ.

Ц.Номин. “Eternal Weaver: Sky Above” деталь. Гэрэл зургийг: Багри Сангийн зөвшөөрлөөр, ©Жо Андерхилл

Ц.Номин энэ оны 5-р сард Соверен Азийн Урлагийн Шагналын Хонг Конгийн Воуг сэтгүүлийн нэрэмжит шагналын эзнээр шалгарч мөн 2025 онд болсон анхны Бухара Биеннальд тусгайлан гүйцэтгэсэн бүтээлээр амжилттай оролцсон юм. Тэрээр дэлхийн тавцанд зүй ёсоор танигдаж буй уран бүтээлч болохыг Багри сангаас хүргэж буй энэхүү үзэсгэлэн бататгалаа. 

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

Мартын Батзориг “Exit and Entry” B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари