2026 оны Sovereign Asian Art Prize: Vogue Women’s Prize-ийн эзнээр уран бүтээлч Цэцэгмаагийн Номин шалгарлаа

Соверен Азийн Урлагийн шагнал нь Ази, Номхон далайн бүсийн уран бүтээлчдийг олон улсад таниулахын зэрэгцээ урлагаар дамжуулан хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдэд зориулан хөрөнгө босгодог байна.

Share
2026 оны Sovereign Asian Art Prize: Vogue Women’s Prize-ийн эзнээр уран бүтээлч Цэцэгмаагийн Номин шалгарлаа
Уран бүтээлч Ц.Номин. Гэрэл зургийг: Нима Хибхенов

Соверен Урлагийн Санг (The Sovereign Art Foundation) 2003 онд орчин үеийн Азийн урлагийг дэмжих зорилготойгоор Ховард Билтон ба Тифани Пинкстоун нар үүсгэн байгуулж Соверен Азийн Урлагийн Шагналыг гардуулж эхэлсэн байна. 

Соверен Азийн Урлагийн шагнал нь Ази, Номхон далайн бүсийн уран бүтээлчдийг олон улсад таниулахын зэрэгцээ урлагаар дамжуулан хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдэд зориулан хөрөнгө босгодог байна. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү шагнал нь өдгөө бүс нутгийн хамгийн нэр хүндтэй урлагийн шагналуудын нэг болон хөгжжээ.

Ц.Номин. “A Million Petals of Rebirth”

Тэгвэл 2026 оны Соверен Азийн Урлагийн Шагналын Хонг Конгийн Vogue сэтгүүлийн нэрэмжит шагналыг монгол уран бүтээлч Цэцэгмаагийн Номин “A Million Petals of Rebirth” бүтээлээрээ хүртжээ.

Ц.Номин 1992 онд Герман улсад төрсөн ба өдгөө Улаанбаатар хотноо ажиллаж, амьдардаг уран бүтээлч, зохиолч мөн уран дархан юм. Түүний уран бүтээл цаг хугацааны судлуудаар аялж, монголчуудын сансар ертөнцийн тухай үзлээс сэдэл авч, матери, сүнс болон өвөг дээдсийн дурсамжтай харилцдаг. Ц.Номингийн бүтээл туурвил оршихуй ба эзгүйрэл, хэлбэр ба хэлбэргүй чанар, хүн ба бусад оршихуй хооронд зуучлах нэгэн хэлбэр болгон хувиргах бөгөөд энэхүү эрэл хайгуул нь баримал, уран зураг, хар зураг, уран бичлэг, лэнд арт, перформанс, кино болон тухайн орон зайд зориулсан инсталляц зэрэг олон төрлийн хэлбэрээр илэрнэ. Тэрээр Бухара биенналь, ASIA NOW, Швейцарын Ритберг музей зэрэг олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож байжээ.

Шагналын сонгон шалгаруулалт хэрхэн явагддаг талаар товч танилцуулъя. Юун түрүүнд бие даасан урлагийн мэргэжилтнүүд уран бүтээлчийг нэр дэвшүүлснээр тухайн уран бүтээлч гурав хүртэлх бүтээлээ цахимаар илгээх боломжтой болдог.

Үүний дараа дэлхийн хэмжээний урлагийн шинжээчдээс бүрдсэн шүүгчдийн баг бүтээлийн дижитал зурагнаас шилдэг 30 бүтээлийг сонгон шалгаруулдаг. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Арпита Аханта (уран бүтээлч), Дэвид Эллиот (зохиолч, куратор ба музейн захирал), Манрэй Хсу (бие даасан куратор ба критик), Өзгэ Эрсой (Азийн Урлагийн Архивын Гүйцэтгэх захирал) нар багтсан байна. 

Гран-при шагналт Ситра Сасмита ба олон нийтийн саналын шагналын эзэн Жои Кобкобо. ©Sovereign Art Prize

Шалгарсан бүтээлүүдийг Хонг Конг хотод гарах үзэсгэлэнд дэлгэнэ. Олон нийт эдгээр бүтээлийг үзэж сонирхон, нийтийн санал хураалтад оролцох боломжтой. Үзэсгэлэнгийн үеэр бүтээлүүдийг дахин дүгнэж, шүүгчдийн үнэлгээг нэгтгэн эцэст нь Гран-при шагналын эзнийг тодруулдаг. 2026 оны Гран-при шагналын эзнээр тодорсон уран бүтээлч Ситра Сасмита 30 мянган ам.долларын мөнгөн шагналыг хүртжээ. Хамгийн олон санал авсан бүтээл Олон нийтийн саналын шагналыг (Public Vote Prize) хүртдэг бөгөөд энэ жил хамгийн санал авсан уран бүтээлчээр Жои Кобкобо шалгарчээ. 

Гран-при шагналын эзнээс бусад шалгарсан бүтээлүүдийг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг уран бүтээлчид болон Соверен Урлагийн Сангийн урлагийн хөтөлбөрүүдэд тэнцүү хуваарилдаг. Уран бүтээлчид галерейгаар дамжуулан борлуулалт хийсэнтэй ижил хувь хүртдэг бөгөөд хандивын үйл ажиллагааг дэмжигч цуглуулагчид идэвхтэй оролцдог тул бүтээлүүд нь ихэвчлэн илүү өндөр үнээр зарагддаг аж.

Read more

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Энэ удаагийн “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг онцлон авч үзэж, хүний үйл ажиллагаа болон хүн, байгалийн харилцан хамаарлын талаар эргэцүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

“Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлч өөрөө анагаагч, хамгаалагчийн дүрээр бүтээлүүддээ давтагдан оршиж, хүн ба байгаль хоорондын тасарсан холбоог дахин сэргээх боломжийг эрэлхийлжээ.

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн байгууллагуудын нэг болох Венецийн Биенналь өөрийн Түүхэн архивын сангийн “Тэнгэрийг бүтээгч салхи. Марко Пологийн мөрөөр Венецийн Биенналь” төслөөр дамжуулан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.