Ихэр уран бүтээлч ELLA x EMMA-н ижил ба ялгаатай “Тусгал”
Ихэр эгч дүүс М.Нямцэлмэг ба М.Нямцэнгэл үзэсгэлэнгээрээ дамжуулан адил шинж чанарыг тусгал мэтээр дүрслэхээс гадна хувь хүний ялгаатай чанарыг илэрхийлжээ.
М.Нямцэлмэг ба М.Нямцэнгэл
“Тусгал”
Монголын Уран Зургийн Галерей
2026.10.11 - 2026.10.30
Б.Энхжин
Монголын Уран Зургийн Галерейд толилуулж буй “Тусгал” үзэсгэлэн нь ихэр уран бүтээлч Мягмарнарангийн Нямцэлмэг (Emma) ба Мягмарнарангийн Нямцэнгэл (Ella) нарын эх орондоо гаргаж буй анхны бие даасан үзэсгэлэн юм. Эгч дүүс 2025 онд Их Британийн Лондон хот дахь Юниверсити Коллеж Лондон (UCL) их сургуулийн Слэйд Урлагийн Сургуулийг (Slade School of Fine Art) “Онцлох диплом”-той төгсжээ. Тэд бие даан болон хамтран Ella x Emma нэрийн дор уран бүтээлээ туурвидаг байна.


“Тусгал” үзэсгэлэн. Гэрэл зургийг: ©Ella x Emma
“Тусгал” үзэсгэлэн нийт гучин долоон бүтээлээс бүрдэх ба ихэр эгч дүүсийн адил төстэй болон ялгаатай байдал, нандин холбоог олон талт өнцгөөс илэрхийлэхийг зорьжээ. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан тэд адил шинж чанарыг тусгал мэтээр дүрслэхээс гадна, хувь хүний ялгаатай шинж чанар, өөрийн танин мэдэхүй болоод мэдрэмжийг шинжсэн мэт.

М.Нямцэнгэлийн бүтээлүүд байгаль дэлхийн суурь болсон органик хэлбэрүүдийн зохицлоор дамжуулан хүний бие махбод ба оюун санаа, сэтгэлгээний харилцан хамаарлыг тусгахыг эрмэлзэнэ. Байгалийн биет юмс үзэгдлийн дүрс нь хүний сэтгэл хөдлөлийн зүйрлэл болж хувирна. Түүний “Амьсгалах жигүүр” бүтээлд модны үндэс аль эсхүл мөчир гэмээр элементийг толин тусгал мэт ижил төстэй байдлаар дүрсэлжээ.
Бүтээлийн нэрээс үүдэн тухайн дүрслэл нь мөн хүний амьсгалын чухал эрхтэн болох уушгины хэлбэрийг бодогдуулах бол дунд нь нисэж буй гурван эрвээхэй амьдралын эмзэг чанар, хувирал, өөрчлөлтүүдийг илэрхийлж буй мэт. Харин хоёр талын тэгш хэмтэй зохиомж нь хүний бие махбодын бүтэц төдийгүй ихэр эгч дүүсийн ижил төстэй байдлыг нь санагдуулна. Ийнхүү хүний дотоод бүтэц, байгалийн дүрслэл хоёр нэгэн орон зайд нэгдэж, бие махбод болон сэтгэл санааны харилцан хамаарлыг эргэцүүлэх боломжийг үзэгчдэд олгожээ.

Нямцэнгэлийн “Хаяа хязгааргүйн хөвөөгөөс” бүтээлд мөн байгальд тохиох органик хэлбэрүүд гол байр суурь эзэлнэ. Модны мөчир, үндэс мэт салаалан тархах дүрслэл нь бүтээлийн орон зайг холбож, хоёр өөр өнгийн томоохон талбайн дунд салаалан ургана. Улбар шар, шар өнгө давамгайлсан нэг тал болон хөх өнгө бүхий нөгөө талын эсрэгцэл нь ялгаатай хоёр орон зайг илтгэхийн зэрэгцээ тэдгээрийг холбож буй модны дүрслэлээр дамжуулан нэгдмэл байдлыг илэрхийлж болохоор. Бүтээлийн нэр дэх хязгааргүйн хөвөө гэх санаа нь тодорхой заагтай мэт харагдах орон зайн цаадах үргэлжлэх боломж, харилцаа холбооны тухай бодоход хүргэнэ.
Харин М.Нямцэлмэгийн бүтээлүүд нь хийсвэрлэл бүхий зохиомжид тулгуурлах бөгөөд харилцан адилгүй орон зайд орших хэлбэр дүрсээр илэрнэ. Уран зохиомж болон санамсаргүй дүрслэлийг хослуулан туурвисан түүний бүтээлүүд нь будгийн чөлөөт урсгалыг өөртөө шингээн, эрхэс гаригийн энерги, хүн хоорондын зөн холбоос, байгалийн элементүүдийн огтлолцлыг бүтээж зүүд зэрэглээ мэт өгүүлэмжийг төрүүлнэ.

Нямцэлмэгийн “Цагаан дарь эх” бүтээлд хүний биеийг санагдуулам, давхралдсан тунгалаг хэлбэрүүдийг хөх, шар, улбар шар өнгийн зохицлоор илэрхийлсэн нь нэгэн бүхэл биетийн дотор олон өөр хэлбэр оршин буй мэт. Ийнхүү өнгө, дүрсийн элементийг давхарласнаар бодит болон хийсвэр чанар зэрэгцэнэ. “Цагаан дарь эх” хэмээх нэр нь буддын шашны шүтээн Цагаан дарь эхийн дүр ба бэлгэдэлтэй холбогдон, энэрэл, амьдрал, хамгаалал болон сүнслэг оршихуйн тухай ойлголтыг санагдуулах ч бүтээлд буддын шашны уламжлалт дүрслэл болох танка зургийг шууд давтахын оронд хийсвэр хэлбэр, давхардуулсан орон зайн өгүүлэмжээр дамжуулан уг сэдвийг өөрийнхөөрөө тайлбарласан нь харагдана. Ингэснээр үзэгч зөвхөн дүрслэлийг таних бус, түүний цаана орших сэтгэлгээний болон сүнслэг утгыг өөрийнхөөрөө эргэцүүлэх боломжийг олгожээ.

“Сэтгэлийн аура” бүтээлд дүрсүүд илүү төвлөрсөн, давхарга бүр нь бие биеэ хүрээлсэн зохиомжтой байна. Төв хэсэгт байрлах тод улбар шар өнгийн дугуй дүрсээс эхлэн, шар ягаан, хөхөвтөр өнгийн хэлбэрүүд гадагш тэлж, нэгэн цөмийг тойрон хүрээлж буй мэт харагдана. Энэхүү зохиомж нь хүний дотоод ертөнц, сэтгэл хөдлөл болон тэдгээрийн эргэн тойронд бүрэлдэх үл үзэгдэх орон зайн тухай бодлыг төрүүлэв. Аура гэх ойлголтыг хүнийг хүрээлэх, үл үзэгдэх энерги ба оршихуйн мэдрэмжтэй холбодог. Бүтээл дэх хагас тунгалаг давхаргууд ба хоорондоо нэвчин уусах өнгөнүүд нь дотоод мэдрэмжийг шууд дүрслэхээс илүүтэйгээр өнгө, хэлбэрээр дамжуулан мэдрүүлэхийг зорьсон мэт. Ингэснээр үзэгч хүний сэтгэл хөдлөлийг зөвхөн хувь хүний дотор орших зүйл бус түүнийг хүрээлэх орчинтойгоо харилцан нөлөөлдөг үзэгдэл хэмээн төсөөлж болно.

“Дотоод тусгал” хэмээх хамтын бүтээлд хоёр талын тэгш хэмтэй зохиомж, хоорондоо нэвчин уусах олон өнгө, хэлбэрүүд голлон харагдана. Зургийн төв хэсгээс хоёр тийш дэлгэрэх мэт дүрслэлүүд нь нэгэн эх үүсвэрээс үүдэлтэй хоёр өөр хэлбэрийг санагдуулна. Хэдийгээр бүтээл бүхэлдээ толин тусгал мэт зохиомжтой ч хоёр талын дүрс, өнгө, хөдөлгөөн яг ижил биш бөгөөд өөр өөрийн онцлогийг хадгалжээ.
Энэхүү ялгааг нь ихэр эгч дүүсийн харилцаатай холбон уншиж болох юм. Гаднаас нь харахад ижил төстэй хоёр хүн дотоод ертөнц, мэдрэмж, өөрийгөө танин мэдэх үйл явцын хувьд ялгаатай байж болно. Тиймээс “Дотоод тусгал” нь зөвхөн нэгнийхээ дүр төрхийг нөгөөгөөсөө олж харах тухай бус, өөр хүнийг ажиглах явцдаа өөрийгөө танин мэдэх тухай бүтээл хэмээн тайлбарлаж болох юм. Энд толин тусгалын санаа нь шууд хуулбарлах үйлдлээс илүү өргөн утгыг хамарна. Тусгал бүр эх дүрстэйгээ холбоотой боловч харах өнцөг, орчин, байрлалаасаа шалтгаалан өөрөөр харагдаж болно. Үүнтэй адил ихэр эгч дүүс нэгэн ижил орчин, холбоо дунд өссөн ч урлагийн бүтээлээрээ дамжуулан өөр өөрийн мэдрэмж, төсөөлөл, ертөнцийг харах өнцгийг илэрхийлж байна.
Үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн хөх танхимд 10-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.