“Уран бичлэг болон дижитал төсөөлөл” үзэсгэлэнд хэл урлаг болохуй
Уран бичлэг ба дижитал технологийн хэл, яриаг илэрхийлэгч хэрэгслүүдийг холбон судалж, орчин үеийн урлагийн хэлбэрээр бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн Лхам галерейд гарч байна байна.
“Уран бичлэг болон дижитал төсөөлөл”
Лхам галерей
2026.09.11 - 2026.10.31
А.Ганзаяа
Лхам галерейд Францын куратор, продюсер Фредерик Лемэгр болон уран бүтээлч Фабьен Зокко нарын санаачилсан “Хэллэгийг илэрхийлэхүй” сэдэвт “Уран бичлэг болон дижитал төсөөлөл” үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнд Франц, Монгол, Канад, Орос улсын долоон уран бүтээлч хамтран оролцжээ.
Тус үзэсгэлэн нь хүн төрөлхтний зохиосон тэмдэг, хэлний тогтолцооны гайхамшиг, учир зүй тогтлын тухай эргэцүүлэн бүтээсэн каллиграф хэвлэл болон гараар урласан бүтээл, компьютерийн хэлний тогтолцооны бүтэц, бичлэгийн өөр хэв маягуудыг агуулсан хэвлэмлүүд, сүлжмэл урлаг, видео урлаг, инсталляц гээд хэд хэдэн төрлийн бүтээлүүдээс бүрдэнэ.
Кураторуудын санаа нь хэлний хувьсамтгай байдлыг дөвийлгөж, хэлийг амьд, материаллаг зүйл хэмээн үзэхэд оршиж байсан бөгөөд уран бүтээлчдийг сонгохдоо мөн адил энэхүү чиглэлээр бүтээл туурвидаг, судалдаг хүмүүсийг сонгосон байна.
Үзэсгэлэн долоон уран бүтээлчийн арван хоёр бүтээлээс бүрдэх бөгөөд зарим бүтээл хоёр өөр төрлийн медиумаар бүтжээ. Жишээлбэл Вероник Беланд ба Жули Хэтү нарын хамтран бүтээсэн “The Archeostenographer” хэмээх видео болон дижитал хэвлэлийг нэрлэж болно. Тэд хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний тухай домог зохиохоор бүтээсэн тухай өгүүлдэг нэгэн домгийг эртний бөгөөд балар эртний тэмдэгтүүдээр буулгасан нь энэ юм.

Хэл болон урлагийг нэгтгэн гаргахад урт хугацааны судалгаа шаардлагатай нь энэхүү бүтээлээс ил харагдана. Тус бүтээлийг хийхдээ нэн түрүүнд, санаа гаргах, төлөвлөх, цаашлаад домгийг судалж, эрэн хайх, эртний тэмдгийн хэлийг судалж хөрвүүлэх, түүнийгээ видео болон хэвлэмэл болгон гаргах гээд олон шат дамжлагыг давах шаардлагатай тулдаг байна.
Харин танхимын гол хэсэгт дэлхийн хамгийн олон хэлэнд нийтлэг утгаар ашиглагддаг хэн нэгний хэлсэн үгийг сонсоогүй, ойлгоогүй аль эсвэл гайхах үедээ хэрэглэдэг “Huh!?” гэх үгийг 3D хэвлэлээр хэвлэн тавьсан нь хэл, тэмдэгттэй холбоотой бас нэгэн сонирхолтой өнцгийг харуулж байлаа. Дэлхий дээр маш олон хэл байдаг ч утга болон тэмдэглэгээний хувьд төстэйгөөр ашиглагддаг цөөнгүй үг байдгийг “биет баримал” болгон гаргасан нь хүн төрөлхтний нийтлэг сэтгэлгээний илрэл мэт байлаа. Энэ баримлын уран бүтээлч Фабьен Зокко нь энэхүү үзэсгэлэнг санаачилсан эрхмүүдийн нэг юм.

Үзэсгэлэнд Монгол уран бүтээлч П.Тамир Самандбадраагийн таван бүтээлийг мөн толилуулжээ. Тэрээр Кино урлагийн дээд сургууль, Монгол улсын дүрслэх урлагийн академид тус тус суралцсан бөгөөд 2006 онд Монгол улсын уран бичээчээр шалгарч байсан уран бичлэгийн мастер билээ. Түүний бүтээлүүд каллиграф, уран зураг, видео зэргээс бүрдэж байв.
Монгол бичиг нь бусад орны хэлээс өвөрмөц ялгаатай учраас хараад шууд ойлгох боломжгүй, заавал “мэддэг” байх шаардлагатай болдог. Үүнээс гадна үсгүүдээ мэддэг байлаа ч урнаар бичих үед олон янзын сэтгэл хөдлөл, хөдөлгөөн, дүрс бий болно. Энэ нь нэг талаараа эртний монголчуудын сэтгэлгээ, тэмдгийн тогтолцооны онцлогийг харуулж байгаа бол нөгөө талаас уран дүрслэл, хэл хоёрын заагийг бүдгэрүүлж нэгэн цул урлагийн бүтээлийг бий болгож байгааг Тамир Самандбадраагийн ажлуудаас харж болно.

Монгол бичгийн үсгүүдийг галиглан өөр тэмдэгтэд хувиргах боломжтой байдаг шиг бүх хэлний үсгүүдийг хооронд нь хувиргаж, орлуулж, өөрчилж болдог нь “хэл” гэгчийг үнэнхүү хязгааргүй бөгөөд хувьсамтгай зүйл мөнөөсөө мөн болохыг батлан харуулдаг байна.
Хэлний энэхүү шинж чанаруудыг урлагаар дамжуулан тодотгохдоо хэл урлаг хоёрын заагийг бүдгэрүүлэхийг оролдсон энэхүү үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ.
