Азийн томоохон биенналь үзэсгэлэнгийн эргэн тойронд
Ази тивд бий болсон анхны биенналь үзэсгэлэн бол 1952 оны Токиогийн Биенналь юм. Өдгөө орчин үеийн урлагийг толилуулах биенналь, триенналь үзэсгэлэнгүүд төрөлжиж, шинээр нэмэгдсээр байгаа билээ.
Биенналь гэдэг нь италиар “хоёр жил тутам” гэсэн утгатай бөгөөд энэхүү нэр томьёо нь өдгөө олон улсын томоохон орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэнг илэрхийлэх товч нэршил болжээ.
Европт үүссэн анхны биенналь үзэсгэлэнгүүд нь 19-р зууны үеийн Дэлхийн үзэсгэлэн яармагуудаас (World’s Fair) гаралтай бөгөөд эдгээр нь улс орнуудын аж үйлдвэржилт, колончлолын үйл хэргийн өргөжилтийг тэмдэглэж, сурталчлах зориулалттай байж. Анхны биенналь гэгддэг Венецийн Биенналийг 1895 онд Италийн Умберто Хааны хуримын 25 жилийн ойг тэмдэглэх зорилгоор зохион байгуулж байжээ. Энэ үед мөн өнөө цагт ч үргэлжилсээр буй “үндэсний павильон”-ы загвар бий болж улс орнууд Венец хотын Жиардини нийтийн цэцэрлэгт хүрээлэнд өөрсдийн байнгын павильонуудыг байгуулж, шилдэг уран бүтээлчдийнхээ бүтээлийг олон нийтэд толилуулсаар ирсэн юм.
Харин Ази тивд бий болсон анхны биенналь үзэсгэлэн бол 1952 оны Японы Олон Улсын Урлагийн Үзэсгэлэн буюу Токиогийн Биенналь юм. Үүнээс хойш 1993 оноос хойш гурван жил тутам нэг болдог Австралийн Ази Номхон Далайн Триенналь, 1995 онд эхэлсэн Солонгосын Гванжу Биенналь, 1998 онд эхэлсэн Тайваны Тайпэй Биенналь зэрэг үзэсгэлэнгүүд зохион байгуулагдсаар иржээ. Өдгөө Ази дахь орчин үеийн урлагийг толилуулах биенналь, триенналь үзэсгэлэнгүүд төрөлжиж, шинээр нэмэгдсээр байгаа билээ.
Одоогийн байдлаар Азийн тэргүүлэх олон улсын биенналь үзэсгэлэнгүүдийн эргэн тойрон дахь мэдээллийг тоймлон хүргэж байна.
Бусан Биенналь, Өмнөд Солонгос

БНСУ-ын тэргүүлэх дүрслэх урлагийн үзэсгэлэнгүүдийн нэг болох Бусан Биенналь 2026 оны 8-р сарын 29-с 11-р сарын 1-ний хооронд Бусаны Орчин үеийн урлагийн музей, Спэйс Вонжи ба Бусан Нам ахлах сургуулийн хуучин байр гэсэн гурван байршилд зохион байгуулагдана. Бусан Биенналийн уран сайхны директораар Эвэлин Симонс ба Амал Халаф нар ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэн тэдний тодорхойлсноор “Dissident Chorus” (Тэрслүүт найрал дуу) нэрийн дор зохион байгуулагдах юм. Энэхүү сэдэв нь дуу авиа ус мэт хязгаарлагдашгүй, хил хязгаарыг элээн, дурсамжийг тээж дамжуулдаг гэсэн үзлээс урган гарчээ.
Бусан Биенналь үзэсгэлэнд 23 улс орны 53 уран бүтээлч сонгогдсон бөгөөд Монголоос уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхорол оролцох юм.
Тайпэй Биенналь, Тайвань

Тайванийн Тайпэй Биенналь нь Ази дундаа хамгийн урт хугацаанд тасралтгүй зохион байгуулагдаж буй, нөлөө бүхий орчин үеийн урлагийн платформуудын нэг юм. Тайпэйн Дүрслэх урлагийн музейн зүгээс 1998 оноос хойш зохион байгуулж ирсэн энэхүү биенналь нь Тайванийн дотоодын урлагийн салбарыг дэлхийн орчин үеийн урлагийн ертөнцтэй холбосоор ирсэн байна. Тэгвэл 2027 онд болох 15 дахь Тайпэй Биенналийн ерөнхий куратораар дэлхийд танигдсан куратор болох Сесилия Алемани ажиллахаар болсныг зарлаад байгаа билээ. Тэрээр Нью Йоркийн Хайлайны (High Line) ерөнхий куратор бөгөөд 2022 оны Венецийн Биенналийн “Milk of Dreams” үндсэн үзэсгэлэнгийн ерөнхий куратораар ажиллаж байжээ.
Бухара Биенналь, Узбекистан

Азийн шинэхэн биенналь үзэсгэлэнгүүдийн нэг Бухара Биенналь нь аль хэдийнээ орчин үеийн урлагийн салбарт шинэ жишиг тогтоон дэлхий нийтийн анхаарлыг хүртээд байгаа билээ. Узбекистаны Урлаг ба Соёлын Хөгжлийн Сан (ACDF)-ийн санаачилгаар хэрэгжиж буй энэхүү биенналь нь ЮНЕСКО-гийн “Гар урлал ба ардын урлагийн бүтээлч хот” хэмээх статустай Бухар хотыг амьд, тасралтгүй хөгжиж буй соёлын дүүрэг (Cultural District) болгон хувиргах зорилготой юм. Бухара Биенналийн онцлог нь арга хэмжээнд оролцож буй уран бүтээлчид өөрийн бүтээлээ заавал Узбекистан улсын нутаг дэвсгэрт боловсруулж, гүйцэтгэх шаардлагатай байдаг байна. Ингэснээр дэлхийн орчин үеийн урлагийн уран бүтээлчид болон Узбекистаны уламжлалт гар урлалын мастер урчуудын хооронд шууд хамтын ажиллагаа өрнөх боломж бүрдэж, мэдлэг, ур чадварын харилцан солилцоог дэмждэг. 2025 онд болсон анхны Бухара Биеннальд Монголоос уран бүтээлч Цэцэгмаагийн Номин оролцож байсан билээ.
Харин 2027 онд болох хоёр дахь удаагийн Бухара Биенналийн уран сайхны директораар Тайланд гаралтай, Нью Йорк хотод ажиллаж амьдардаг архитектор Кулапат Янтрасаст томилогджээ. Түүний үүсгэн байгуулсан WHY архитектурын фирм нь дэлхийн томоохон музей, соёлын байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд үүнд Метрополитан музейн шинэ жигүүр, Луврын музейн шинэ танхимын бүтээн зэрэг багтана.
Гванжу Биенналь, Өмнөд Солонгос

Азийн хамгийн анхны бөгөөд нөлөө бүхий биенналь үзэсгэлэнгүүдийн нэгт зүй ёсоор ордог Гванжу Биенналь 16 дахь хувилбараа энэ оны 9-р сарын 5-с 11 сарын 15-ны хооронд толилуулах юм. Биенналийн уран сайхны директор Хо Тзу Ньен ба хамтрагч кураторуудын тодорхойлсон “Чи амьдралаа өөрчлөх ёстой” хэмээх сэдвийн дагуу зохиогдох үзэсгэлэнгийн 43 уран бүтээлчийн нэрийг зохион байгуулагчдын зүгээс зарлажээ. Эндээс онцолбол нэрт перформанс уран бүтээлч Тэчинг Сиэ, Венецийн Биеннальд Сингапур улсыг төлөөлөн оролцож буй Аманда Хэнг, видео бүтээлээрээ танигдсан Матью Барни болон Узбекистаны уран бүтээлч Саодат Исмаилова нар оролцох аж.
Өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ удаад кураторуудын зүгээс уран бүтээлчдийн тоог хумьж, нягт агуулгыг чухалчилсан байна. Ингэснээр сонгосон уран бүтээлч тус бүрийн уран бүтээлийн замналыг өгүүлэх хэд хэдэн бүтээлийг толилуулж, үзэгч тэдгээрийн уран бүтээлийн хэлбэр, үзэл санаа зэрэг нь хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харах боломжтой.
Кочи-Музирис Биенналь, Энэтхэг

Энэтхэгийн Кочи-Музирисын Биенналь нь Азийн хамгийн өвөрмөц бөгөөд хамгийн том орчин үеийн урлагийн үзэсгэлэнгүүдийн нэгт тооцогддог. Энэтхэгийн өмнөд хэсгийн Кэрала мужийн эрэг дагуу зохион байгуулагддаг энэхүү биенналь нь уламжлалт “цагаан хайрцаг” бүхий галерейн загварын оронд уран бүтээлчдийн удирдан зохион байгуулдаг “лаборатори” маягаар явагддаг байна. Тус үзэсгэлэн нь зөвхөн музей, галерейн орчинд хязгаарлагдалгүй Кочи хэрэм, Виллингдон арал зэрэгт байрлах түүхэн барилга, колочлолын үеийн орхигдсон агуулах болон нийтийн задгай орон зайгаар тархан дэлгэгддэг онцлогтой.
2027 оны 12-р сард нээлтээ хийх 7 дахь удаагийн Кочи-Музирис биенналийн ерөнхий куратораар Франц-Алжир гаралтай уран бүтээлч Кадэр Аттиа ажиллахаар болсон байна. Тэрээр өмнө нь 12 дахь Берлин Биенналийн куратораар ажиллаж дэлхий нийтэд танигдсан нэгэн билээ.