2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази ба Номхон далайн арлын орнуудыг төлөөлөх уран бүтээлчид
61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь энэ оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны хооронд “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Венецийн Биенналийн үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын албан ёсны павильонууд байрладаг бөгөөд тэндээ улс бүр өөрсдийн үзэсгэлэнгээ толилуулдаг.
Бид 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд улс орноо төлөөлөн оролцохоор сонгогдсон уран бүтээлчдийг газар зүйн бүсчлэлээр ангилан цуврал болгон хүргэж байгаагаа билээ. Энэ удаад Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази ба Номхон далайн арлын орнуудаас улсаа төлөөлөн оролцох нь тодорхой болоод буй уран бүтээлч, куратор болон ямар үзэсгэлэнгийн нэр, концепцтэйгээр оролцохоо зарласныг дор толилуулж байна.

Австрали
2026 оны Венецийн биеннальд оролцох Австралийн павильон маш их маргаан дагуулаад байгаа билээ. 2025 оны 2-р сард Австралийг төлөөлөх уран бүтээлчээр Халэд Сабсаби болон куратораар Майкл Дагостино нар сонгогдсон билээ. Гэвч павильоны Креатив Австрали байгууллага Ливан улсад төрсөн Халэд Сабсабигийн өмнө туурвисан бүтээлдээ Хэзболлагийн удирдагчийг дүрсэлсэн нь талцал үүсгэх эрсдэлтэй хэмээн павильоны төслийг цуцлахаар шийдвэрлэжээ. Павильон цуцлагдсан явдал томоохон маргаан дэгдээж эцэст нь Креатив Австрали байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд огцроход хүрчээ. Ийнхүү таван сарын дараа Халэд Сабсаби ба Майкл Дагостино нарыг Австрал улсыг төлөөлөх багаар дахин томилогдсон юм.
Халэд Сабсаби нь Ливаны баруун хойд хэсгийн Триполи хотод төрж, Ливаны иргэний дайны үеэр 1977 онд Австрали улс руу цагаачилсан уран бүтээлч юм. Тэрээр видео, инсталляц, холимог медиа зэрэг олон төрлийн хэлбэрээр ажилладаг. Түүний бүтээлүүд олон нийттэй харилцан ажиллахад чиглэсэн, ялгаатай нийгмийн бүлгүүдийг хамарч, төрөл бүрийн медиа ашигладаг. Куратор Майкл Дагостино нь Сидней Их Сургуулийн Чау Чаз Винг музейн захирлаар ажилдаг байна.
Өнгөрсөн жил тус улсыг төлөөлөн оролцсон уран бүтээлч Арчи Моор “kith and kin” бүтээлээрээ Венецийн биенналийн Алтан арслан шагнал хүртсэнээрээ Австралийн уран бүтээлч анх удаа уг нэр хүндтэй шагналыг хүртсэн тохиолдол болсон юм.

Вьетнам
Вьетнам улс анх удаа Венецийн дүрслэх урлагийн биеннальд “Art in the Global Stream” нэртэй үзэсгэлэнгээрээ оролцохоо зарлав. Куратор До Туонг Лины хувьд тус үзэсгэлэнгээр дамжуулан асар их соёлын харилцан үйлчлэл, тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй даяаршлын ертөнцөд Вьетнамын урлагийн үзэл хандлагыг танилцуулахыг зорьж буй юм. Тэрээр уран бүтээлч Хэнри Лэтэй хамтран уг төслийг хэрэгжүүлэх юм. Уран бүтээлч Хэнри Лэ буюу Лэ Хуу Хиэу нь 1982 онд Вьетнамд төрж, өдгөө Ханой хотод амьдардаг.

Индонези
Зургаан жил завсарласны дараа Индонези улс Венецийн Биеннальд эргэн оролцохоо зарлалаа. Жакарта хотын Үндэсний Урлагийн Галерейн урлаг судлаач, куратор Аминудин Т.Х. Сирегар павильоныг хариуцан ажиллах бөгөөд Индонезийн соёлын онцлогийг хуучин ном, литограф хэвлэл болон архивын материалуудаар дамжуулан харуулах юм. Тэрээр “Printing the Unprinted” нэртэй үзэсгэлэнгээр дамжуулан тус улсын урлагийн түүхийг өгүүлэх олон янзын төрөл, философийг олон улсын үзэгчдэд танилцуулахыг зорьж байна. Үзэсгэлэнгийн нэрийг одоогоор зарлаагүй байгаа бөгөөд кураторын сонгосон түүхэн бүтээлүүдийг 14 залуу уран бүтээлчийн орчин үеийн бүтээлүүдтэй хослуулан толилуулах юм.

Пакистан
Фаиза Батт нь 61 дэх Венецийн дүрслэх урлагийн биеннальд Пакистан улсыг төлөөлөн оролцох бөгөөд тус улс 2019 онд павильоноо анх байгуулснаас хойш хоёр дахь удаагаа оролцож буй явдал юм.
Лахор хотод төрж, өдгөө Лондон хотод ажиллаж амьдарч буй Фаиза Батт нь зураасан зураг, уран зураг, баримал зэрэг олон төрлөөр бүтээл туурвидаг орчин үеийн уран бүтээлч юм. Тэрээр бүтээл туурвилдаа Өмнөд Азийн уламжлалт уран зургийн арга техник, миниатюр зургийн уламжлалт дүрслэл, бэлгэдлээс санаа авч, ашигладаг байна. Харин павильоны куратораар Биатриз Сифуэнтэс Фелисианогийн ажиллана. Тэд хамтдаа “Punj•AB—A Sublime Terrain” нэртэй павильоноороо дамжуулан 1947 оны Энэтхэгийн хуваагдлын үеэр Пунжаб бүс нутгийн соёлын орон зай хэрхэн хуваагдсан талаар өгүүлнэ.

Сингапур
Уран бүтээлч Аманда Хэнг Сингапур улсаа төлөөлөн Венецийн биеннальд оролцохоор болсныг Сингапурын урлагийн музей мэдээлжээ. Тэрээр куратор Сэлэн Яаптай хамтран төслөө хэрэгжүүлэх юм. Аманда Хэнг нь перформанс, инсталляц, гэрэл зураг болон оролцоонд суурилсан урлагийг зэрэг олон талт бүтээл туурвидаг, орчин үеийн урлагийн тэргүүлэгч уран бүтээлч юм. 1980-аад оны сүүлээр Сингапурын урлагийн орчинд гарсан чухал өөрчлөлтийн үеэр гарч ирсэн тэрээр хүний биеийг төвд тавьсан бүтээлүүдээрээ танигдсан бөгөөд өдөр тутмын үйлдлүүдээр дамжуулан жендерийн үүрэг, нийгмийн хүлээлт, амьдралын дурсамжийг судлан шинжилдэг.
Сингапурын улсын хувьд Венецийн биеннальд 12 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ удаад Соёл, Олон нийт, Залуучуудын Яамны дэмжлэгтэйгээр, павильоны комиссараар Үндэсний Урлагийн Зөвлөл ажиллаж, Сингапурын урлагийн музей зохион байгуулж байна.

Филиппин
Манила хотод төрсөн уран бүтээлч, кино найруулагч Жон Куисон болон Филиппин-Америк гаралтай куратор Мара Гладстоүн нар Филиппин улсыг энэ удаагийн Венецийн биеннальд төлөөлөхөөр сонгогдсон байна. Тэд Филиппиний павильонд “Sea of Love / Dagat ng Pag-ibig” нэртэй үзэсгэлэнгээ толилуулах бөгөөд Жон Куйсоны сүүлийн гучин жилийн турш бүтээсэн уран зураг, видео, баримал болон бусад бүтээлүүдийг дэлгэх юм. Энэхүү үзэсгэлэнд дэлхий дамнасан худалдааны харилцаанд Филиппиний далайчдын оруулсан чухал боловч ихэвчлэн дурддаггүй хувь нэмрийг онцолж харуулна. Филиппин улсын олон арлуудаас бүрдэх өвөрмөц газарзүй болон соёлын онцлогийг тусган харуулах уг үзэсгэлэн нь далайг саад бэрхшээл бус харин хөдөлгөөн, харилцан үйлчлэлийн идэвхтэй орон зай хэмээн эргэцүүлэн үзэх болно.

Шинэ Зеланд
Шинэ Зеланд улсын хувьд төсөв, нөөц хүрэлцээгүй гэх шалтгаанаар 2024 оны Венецийн Биеннальд оролцох боломжгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэтэл тухайн жил Маори уран бүтээлчдийн Матаахо Коллектив биенналийн үндсэн үзэсгэлэнгийн дээд шагнал болох алтан арсланг хүртсэн байна. Үүнээс үүдэн Шинэ Зеланд улс өмнөх хандлагаа өөрчилж, Венецийн Биеннальд оролцох дэмжлэгийг 2030 он хүртэл олгохоо амласан байна.
2026 онд уран бүтээлч Фиона Пардингтон Шинэ Зеландын павильонд бүтээлээ толилуулахаар сонгогдсон байна. Тэрээр 1961 онд Аукланд хотод төрсөн бөгөөд Маори болон Шотланд гаралтай гэрэл зурагчин юм. Түүний уран бүтээлийн ихэвчлэн натюрморт төрлөөр төвлөрдөг бөгөөд “таонга” (үнэт өв, эрхэм эд зүйлс) болон байгууллагын цуглуулгад хадгалагдаж буй эд өлгийн зүйлсийг онцлон харуулж, колоничлол, соёлын өвийн хадгалалт, дурсамж зэрэг сэдвүүдийг судалдаг.

Энэтхэг
Энэтхэг улс 2019 оноос хойш анх удаа Венецийн дүрслэх урлагийн биеннальд оролцохоо зарласан байна. Павильоны куратор Амин Жафер уран бүтээлч Алвар Баласубраманиан, Сумакши Синг, Ранжани Шэттар, Асим Вакиф, Шарма Сонам Таши нартай хамтран “Geographies of Distance: remembering home” нэртэй үзэсгэлэнгээ толилуулна. Тэдний хувьд “гэр” хэмээх ойлголт нь бодит газар орон зай гэхээс илүү өөр өөр хэсгүүдээс бүрдэх түүх, домог зүй, дурсамжуудын байнга хувьсан өөрчлөгдөх төлөв байдал хэмээн авч үзэж аж.
Таван уран бүтээлчийн хувьд Энэтхэг орны өөр өөр бүс нутгийг төлөөх бөгөөд бүтээлдээ уламжлалт, органик материал ашигладаг арга барилаараа нэгдэж, үзэсгэлэндээ соёл иргэншлийн болон байгаль орчны хамтын дурсамж, даяаршлын нөлөөн дунд хувьсан өөрчлөгдөж буй үндэсний онцлогийг илэрхийлэх юм. Үйл хөдөлгөөн, хөгжим, дүрслэх урлагийг хослуулсан тус павильон нь биенналь үргэлжлэх хугацаанд тоглолт, хэлэлцүүлгийн тусгай хөтөлбөрүүдийг мөн багтаах болно. Энэхүү хамтарсан үзэсгэлэнг Энэтхэгийн Соёлын Яам, Нита Мукеш Амбани Соёлын Төв болон Серендипити Урлагийн Сан хамтран зохион байгуулна.