2026 оны Венецийн дүрслэх урлагийн биенналийн “Минор түлхүүрийн аянд” үзэсгэлэнгийн концепцтай танилцья
61 дэх Венецийн Дүрслэх урлагийн Биенналийн зохион байгуулагчдын зүгээс үндсэн үзэсгэлэнд оролцохоор сонгогдсон 111 уран бүтээлчдийн нэрийг зарлахаас гадна үндсэн үзэсгэлэнтэй холбоотой төлөвлөгөөт ажлуудын талаар танилцуулсан билээ.

Биенналийн ерөнхий куратор Койо Куо нь Венецийн Биенналь болохоос өмнө харамсалтайгаар өөд болсон ч Биенналийн үндсэн үзэсгэлэн түүний тодорхойлсон алсын хараа, төлөвлөгөөний дагуу “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Куратор Койо Куогийн сонгож, хамтран ажиллаж байсан баг биенналийн үндсэн үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд тус багт Гэйб Бэкхурст Фейхо, Мари Хэлэн Пэрэир, Раша Салти нар зөвлөхийн үүргийг гүйцэтгэж, ерөнхий редактораар Сидхарта Миттер ба туслах судлаачаар Рори Цапаи нар ажиллаж байгаа юм байна.

Кураторын багийн гишүүд өмнө нь Дакар дахь Койо Куогийн үүсгэн байгуулсан RAW Material Company байгууллагад 2025 оны 4-р сард чуулж, долоо хоногийг хамт өнгөрөөснөөр үзэсгэлэнгийн концепц, үндсэн сэдвүүдийг тодорхойлсон байна. Койо Куогийн кураторын арга барил нь хамтын ажиллагааг эрхэмлэсэн, нээлттэй хандлагатай байсныг илтгэнэ.
Үзэсгэлэнгийн бүтцийн хувьд уламжлалт байдлаар тус тусдаа хэсгүүдэд хуваагдах бус, бүтээл хооронд урсах далд утга санаа, ач холбогдолыг харгалзсан үндсэн сэдвүүдийн дагуу дэглэнэ. Эдгээр сэдвүүдийг “Шүтээн” (Shrines), “Цуваа” (Procession), “Сургуулиуд” (Schools) ба “Амралт” (Rest) хэмээн нэрлэж, тодорхойлсон байна.
Шүтээн (Shrines):
Үзэгчдийг Төв Павильон руу хөтөлдөг орон зай болох Сала Чини буюу Чинигийн өрөө хэмээх танхимд “шүтээн”-ий хэсэг байх бөгөөд энд Исса Самб (1945–2017) ба Беверли Буканан (1940–2015) нарын уран бүтээлд хүндэтгэл үзүүлнэ.
Исса Самб нь уран бүтээлч, яруу найрагч, жүжгийн зохиолч бөгөөд Дакарт байгуулагдсан хувьсгалч уран бүтээлчдийн нэгдэл болох “Laboratoire Agit’Art”-ийн хамтран үүсгэн байгуулагч. Тэрээр Койо Куод маш их нөлөөлсөн багш бөгөөд урам зоригийн эх сурвалж нь байсаар ирсэн юм. Койо Куо түүний уран бүтээл болон амьдралын философийг олон улсын төслүүддээ хүндэтгэн дурдсаар ирсэн байдаг.
Харин Беверли Букананы уран бүтээлтэй Койо Куо харьцангуй сүүлд танилцсан байна. Түүний бүтээлүүд нутаг орон ба нийгмийн бүлгүүдтэй нүүр тулсан, нарийн мэдрэмжтэй тайлалыг үзэгчдэд хүргэдэг байв. Беверли Букананы Лэнд арт болон нийтийн орон зайд зориулсан баримлаа бүтээхдээ “монументалийн эсрэг” хандлагтай байсан бөгөөд ихэвчлэн түүхэн дурсамж, хүн амын оюун санааны төвлөрөл бүхий газруудад бүтээлээ байрлуулдаг байжээ.
Эдгээр хоёр уран бүтээлч хоёулаа урлагийг зүгээр нэг объект бус харин бүтээх, шинийг төрүүлэх чадвартай амьд үйл явц гэж үздэг байжээ.
Цуваа (Procession)
Карнавалын бүжгийн дэг болон Афро-Атлантын тэнгисийн ард иргэдийн соёлын томоохон хэсэг болох цуваа, чуулганаас гарвалтай энэхүү сэдэв орон зай дахь динамик үйл хэллэгийг илэрхийлэхийн хажуугаар ажиглагч байхаас илүүтэйгээр олны дунд нэгдэн оролцохыг уриална.
Сургуулиуд (Schools)
Сургуулиуд гэдэг нь тухайн нутаг орны хөрснөөс бий болсон атлаа нөгөөгүүр үндэстэн дамнасан шинжтэй экосистемүүд бүрэлдэн гарч ирдэг гэсэн санааг илтгэнэ. Зах зээлийн нөлөөллөөс хараат бус байдлаар үүсдэг эдгээр сургуулиуд нь хоорондоо уулзаж учрах, мэдлэг хуваалцах орон зай бөгөөд урлагийн болон нийгмийн хариуцлагыг сүлэлдүүлсэн, хамтын ажиллагаанд тулгуурласан нийтлэг ёс зүйг илэрхийлнэ.
Амралт (Rest)
Үзэсгэлэн дахь бүтээлүүд колончлолын үр дагавар, байгаль орны сүйрэл, газар орчны дурсамж зэрэг сэдвүүдийг хөндөхийн сацуу шууд болон шууд бус утгаар амсхийж, амьд ертөнцтэй харьцах боломжийг олгодог орон зай байх юм. Уран бүтээлчийн урлан, ногоон цогцолбор, суралцах орчин зэргийг санагдуулах “баян бүрд” мэт орон зайнуудаар дамжуулан “Минор түлхүүрийн аянд” үзэсгэлэнгийн гол сүнс болох хамтын ажиллагаа, хүмүүн төрлөхтөний хүнлэг нигүүлсэнгүй чанарт итгэх итгэлийг илэрхийлнэ.

Үйлдлийн урлаг буюу перформанс (Performances)
Перформансын хөтөлбөрийн хувьд бие махбодь бол мэдлэг, дурсамжийн ай сав байхаас гадна улс төрийн асуудлаар нэгдэж эсэргүүцэх орон зай ба эдгэрэлийн нэгэн хэлбэр гэсэн санаан дээр төвлөрнө.
Биенналийн Жардини хэсэгт яруу найрагчдын цуваа зохион байгуулагдах бөгөөд энэ нь 1999 онд куратор Койо Куо есөн Африк яруу найрагчийн хамт Сенегалын Дакар хотоос Мали улсын Тимбукту хүртэл хийсэн “Poetry Caravan” аяллаас сэдэвлэсэн юм. Энэхүү перформанс нь түүний дурсгалыг хүндэтгэн, яруу найраг болон хүүрнэлийн урлагт зориулсан орон зайг бий болгох юм.
Энд түүнчлэн мэдлэг, хүч чадлын жигүүрийг дэлгэхээр хүн төрлөхтний язгуур мөрөөдлийг эрэлхийлэгч гэгддэг гриотуудад (Баруун Африкийн туульч, ерөөлч магтаалч) хүндэтгэл үзүүлэхээр яруу найрагчид хуран чуулна.
Утга зохиолын ишлэлүүд
Биенналийн зохион байгуулагчдын зүгээс Койо Куогийн кураторын ажлаа гүйцэтгэх явцад сурвалж болсон утга зохиолын бүтээлүүдийг мөн дурдсан байна. Үүнд Тони Моррисоны “Хайрт” болон Габриэль Гарсия Маркезийн “Зуун жилийн ганцаардал” багтана. Койо Куогийн хувьд эдгээр бүтээлүүд цаг хугацаа болон өөр ертөнц хоорондын заагийг дүрсэлж, сэтгэл хөдлөлөөс сатааруулах бус улам гүн гүнзгийрүү дагуулах шидэт реализмаар хоорондоо холбогддог хэмээжээ. Эдгээр зохиолуудад гардаг сэдэв, санаа нь мөн дээр дурдсан үзэсгэлэнгийн үндсэн сэдвүүдтэй мөн холбогдох аж.