2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун ба Өмнөд Европын орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

Share
2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун ба Өмнөд Европын орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь энэ оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны хооронд “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Венецийн Биенналийн үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын албан ёсны павильонууд байрладаг бөгөөд тэндээ улс бүр өөрсдийн үзэсгэлэнгээ толилуулдаг.

Бид 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд улс орноо төлөөлөн оролцохоор сонгогдсон уран бүтээлчдийг газар зүйн бүсчлэлээр ангилан цуврал болгон хүргэж байгаагаа билээ. Энэ удаад Европ тивийн баруун болон өмнөд хэсгийн орнуудаас улсаа төлөөлөн оролцох нь тодорхой болоод буй уран бүтээлч, куратор болон ямар үзэсгэлэнгийн нэр, концепцтэйгээр оролцохоо зарласныг дор толилуулж байна.

Флорентина Холзингер ба Нора-Свантье Алмес. Гэрэл зургийг: Катя Вик.

Австри

Австри улсын 2026 онд төлөөлж перформанс артист Флорентина Холзингер “Seaworld Venice” нэртэй төслөө толилуулахаар сонгогджээ. Флорентина Хольцингер нь Виенны Актионизм, биеийн урлаг, балет, кабаре, цирк зэрэг олон урсгал, хэлбэрийг хослуулсан перформанс ажлуудаараа дэлхийд танигдсан уран бүтээлч. Тэрээр эмэгтэйлэг байдлын дүр төрхийг тоглоомч, шүүмжлэлтэй байдлаар задлан шинжилж, бие махбодын болон бэлгийн хил хязгаарыг давсан бүтээл туурвидаг байна. Түүний 2022 онд анх гүйцэтгэсэн “Sancta” дуурь нь нүцгэн гэлэнмаа нар тэшүүрээр гулгаж байгаа болон лесби ламыг дүрсэлсэн гэдгээрээ хурц шүүмжлэлд өртөж, шашны зүтгэлтнүүдээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан байна. Түүний Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд зориулсан “Seaworld Venice” нэртэй төсөл нь ч мөн адил амар тайван, зөөлөн бүтээл байх магадлал багатай гэж үзэж байна.

Миэт Варлоп. Гэрэл зургийг: Александр Д'Хиэт.

Бельги

Уран бүтээлч Миэт Варлоп “IT NEVER SSST” нэртэй үзэсгэлэн-перформансаа толилуулах болсноор Бельгийн павильонд үйл хөдлөлийн урлаг анх удаа гол байр суурь эзэлж буй явдал юм. Үзэсгэлэнгийн нэрийн хувьд тогтворгүй, түгшүүртэй цаг үед зогсолтгүй урагшилж, зогсонги байдалд орохоос зайлсхийг илэрхийлнэ. Тус үзэсгэлэн Миэт Варлопын хорин жилийн уран бүтээлийн замналыг тусгах бөгөөд түүний өвөрмөц бүтээл нь хөгжим, бүжиг, баримлыг театрын хэллэгтэй сүлэлдүүлэн хослуулна хэмээн куратор Кэролин Думалин тайлбарласан байна.

Зүүн талаас: Хэнрикэ Науман, Сунг Тиэү ба Катлийн Рэйнхардт. Гэрэл зургийг: Виктория Томашко.

Герман 

Германы павильоны комиссарын зүгээс тус улсын 2026 оны павильоны куратораар Берлины Георг Колбе Музейн захирал Катлийн Рэйнхардт ажиллахаар болсныг зарласан билээ. Тэрээр Хэнрикэ Науман болон Сунг Тиэү нарыг Германыг төлөөлөх уран бүтээлчдээр сонгож, тэд хамтдаа павильоны орон зайд зориулан бүтээх “Ruin” нэртэй үзэсгэлэнгээ толилуулах юм.  Тэдний бүтээл Зүүн 1990 онд Зүүн, Баруун Герман нэгдсэний дараах шилжилтийн үеийн судалгаанд тулгуурлаж, Германы түүхийг, түүнчлэн Германы павильоны фашист архитектурыг уран сайхны аргаар дахин эзэмшиж, тайлбарлах замаар авч хэлэлцэх юм. Уран бүтээлч Хэнрикэ Науман нь анх нэр дэвшсэн цагаас авхуулаад 2026 оны 2-р сард зуурдаар таалал төгсөх хүртлээ павильонд зориулсан бүтээл дээрээ эрчимтэй ажиллаж, нас барахаасаа өмнө бүтээлээ дуусгаж амжсан байна. Павильоны баг түүний урлангийн багтай хамтран, уран бүтээлийг бодит болгох юм.

Андреас Ангелидакис. Гэрэл зургийг: Василис Кадырис.

Грек

Уран бүтээлч Андреас Ангелидакис “Escape Room” нэртэй үзэсгэлэнгээрээ Грек улсын  павильоныг орчин үеийн Платоны агуй болгон хувиргахаар төлөвлөж буй юм. Тэрээр Платоны агуй сонгодог зохиолыг өнөөгийн “үнэний дараах” эрин болон үндсэрхэг үзэл, популизм газар авч буй цаг үед, үзэгчийг бүхэлд нь хамруулсан, дотор нь оршин амьдрах боломжтой орон зай болгон шинээр төсөөлсөн байна. Мөн уг инсталляц нь Грекийн павильоны түүхэнд анхаарлаа хандуулж, маргаантай, бүтээгдсэн “үнэн”-үүд мэт элементүүдийг нэгтгэн харуулснаар түүхэн мэдлэгийн төвөгтэй шинжийг ба хэрхэн үндсэрхэг үзэл, суртал ухуулгатай холбогддогийг илчлэхийг зорьжээ.

Зүүн талаас: Изабел Нолан, куратор Жиоржина Жэксон ба продюсер Киан О'Бриэн. Гэрэл зургийг: Сте Мюррай.

Ирландыг төлөөлөх уран бүтээлч Изабел Ноланы бүтээл туурвил сансар огторгуй судлал, түүх, шашин ба домог зүй, мөнх бус чанар ба хайр зэрэг өргөн хүрээтэй, гүн гүнзгий сэдвүүдэд тулгуурладаг. Тэрээр баримал, нэхмэл, уран зураг, гэрэл зураг болон бичвэр зэрэг олон төрлөөр ажиллаж, хүн төрөлхтөн дэлхий ертөнцийг хэрхэн утга учиртай болгодог вэ гэсэн суурь асуултад уран бүтээлээрээ хариулахыг зорьдог байна. Изабел Ноланы “Dreamshook” үзэсгэлэн Венецийн Биенналь дууссаны дараа Ирланд улс даяар байрлах урлагийн музей, байгууллагуудаар аялан олон нийтийн хүртээл болох юм.

Ориол Виланова. Гэрэл зургийг: Ингрид Сала.

Испани

Испани улсыг төлөөлөх уран бүтээлч Ориол Виланова хаягдсан ил захидлын цуглуулга ашиглан гүйцэтгэх “Los Restos” үзэсгэлэнгээ толилуулахаар болжээ. Түүний хувьд эдгээр хаягдсан, түр зуурын чанартай харилцааны хэрэгсэл нь өнгөрсөн цаг үеийн алдагдсан ертөнцүүдийг илэрхийлэхийн зэрэгцээ юу хадгалагдаж, юуг эрхэмлэж, мөн ямар дурсамж, түүхүүд дурсагдаж үлддэг вэ гэсэн өргөн хүрээтэй асуултыг хөндөх юм.

Лубайна Химид. Гэрэл зургийг: Адама Жалло.

Их Британи

Их Британийг төлөөлөх уран бүтээлч Лубайна Химид “Түүхийг таамаглах нь: орчуулгын туршилт” нэртэй шинэ бүтээлийн үзэсгэлэнгээ биенналийн үеэр танилцуулна. Үзэсгэлэнгийн нэрийн хувьд түүхийг урьдчилан таамаглах боломжгүй, харин орчуулга бол үргэлж ойролцоо утгад дөхүүлсэн тайлал байдаг гэсэн утгатай. Лубайна Химид зураач зургаа зурахаас гадна бүтээл туурвина гэдэг нь зохиолч болон перформансын найруулагчийн үүргийг давхар гүйцэтгэж, дүрүүдийг бүтээж, өгүүлэмжийг зохион, яриа хэлэлцээг төсөөлөн бий болгодог гэдгийг онцлохыг зорьсон байна. Тэрээр уран бүтээлч Магда Ставарскатай хамтран сюрреал дуу авианы орчин бүтээх юм.

Алин Буови ба куратор Стилбэ Шродэр. Гэрэл зургийг: Эрнест Тиэсмэйэр.

Луксембург

Уран бүтээлч Алин Буови Луксембургийн павильонд зориулан “La Merde” (Ялгадас) нэртэй, аудио-визуал инсталляцаа танилцуулахаа зарласан байна. Түүний үзэсгэлэн “Ялгадас ярьж чаддаг байсан бол яах вэ?” хэмээн асууж, ичгүүр сонжуур хэрхэн нийгмийн хяналтын механизм болж, бие махбодыг ангилах, хүлээн зөвшөөрөх, сахилга батжуулах эсвэл нүднээс далдруулдаг вэ гэдгийг судална. Энэхүү бүтээл нь кино, орон зайд тархсан дууны зохиомж болон толин гадаргуутай ган архитектурын орон зайг нэгтгэх юм.

Дрис Вэрховэн болон куратор Риэкэ Вос. Гэрэл зургийг: Виллэм Попэлиэр.

Нидерланд

Нидерланд улсын павильонд уран бүтээлч Дрис Вэрховэн болон куратор Риэкэ Вос нар хамтран “The Fortress” нэртэй перформанс болон архитектурын инсталляцыг толилуулахаа зарлаад байна. Тэд Венецийн Биенналь болон Нидерландын павильоныг бүтээлийн эхлэл болгон авч, дэлхийн геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал дунд барууны нийгмийн өөрийгөө хамгаалж буйг сонжино. Дрис Вэрховэн өгүүлснээр: “Венецийн Биенналийн үндэсний павильонууд нь өнгөрсөн цаг үеийн дэлхийн улс орон, соёлын дэг журмыг илэрхийлдэг. Жиардинид хуучин цагийн их гүрнүүд буюу ихэвчлэн барууны орнууд хамгийн нэр хүндтэй байр суурийг эзэлсээр байна. Бодит байдал дээр тэд хилээ хааж, дайн зарлаж, эсвэл геноцид үйлдэж байж энд зэрэгцэн, ахан дүүсийн эв найрамдалтай мэт харагдан оршино” хэмээжээ. Тэрээр перформерсаа 13 олон улсын уран бүтээлчидтэй хамтран гүйцэтгэх юм.

Александрэ Эстрея.

Португал

Александрэ Эстреягийн “RedSkyFalls” бүтээл улсыг Португал улсыг Венецийн Биеннальд төлөөлж оролцоно. Тэрээр үзэсгэлэнд зориулж 2019 оны бүтээлийнхээ логикийг өргөжүүлэн шинэ инсталляц танилцуулна. Александрэ Эстрея нь хөдөлгөөнгүй болон хөдөлгөөнт дүрсийн мэдрэмжийг объект, проекцын өөрчлөлтөөр судалж, яруу найргийн шинжтэй дүрслэлийн хэл бий болгохыг зорьдог уран бүтээлч юм. “RedSkyFalls” ажлаар дамжуулан тэрээр газар хөдлөлтийн бүс нутагт байгалиас өгөх анхааруулгын системийг таних аргачлалыг дижитал эринд компьютероор дамжуулан дахин сэргээх юм.

Ито Баррада ба Мириам Бэн Сала. Гэрэл зургийг: Бэнуа Певерелли.

Франц

Франц улс шинэхэн засвар хийсэн павильондоо уран бүтээлч Ито Баррадагийн “Comme Saturne” үзэсгэлэнг толилуулахаа зарлаад байна. Тэрээр архив, түгээмэл хэллэг, кино, нэхмэл эдлэл болон гар урлалын аргуудыг хослуулсан олон талт бүтээлээрээ олонд танигдсан уран бүтээлч. “Comme Saturne” үзэсгэлэн нь юмс хоорондын холбоо болон хязгаарлалтад тулгуурласан туршилтын үр дүнд биеллээ олдог гэсэн гол санаан дээр суурилна. Энэ нь нэг үг нөгөөг төрүүлж, нэг арга техник домог руу хөтөлж, нэг өнгө материалын түүхийг сануулж, алдаа нь өөрөө дохио болон хувирдаг гэсэн санаа юм. 

Зүүн талаас: Жианмариа Андрэета, Лука Билер, Юл Томатала, Мириам Лаура Леонарди, Литик Аллаянс, Нина Вэйкфорд. Гэрэл зургийг: Дэл ЛаГрэйс Волкано

Швейцар 

Швейцар улсын павильонд гарах “The Unfinished Business of Living Together” нэртэй үзэсгэлэнг кураторууд болох Жианмариа Андрэета, Лука Билер ба уран бүтээлч Нина Вэйкфорд нар санаачлан, Мириам Лаура Леонарди, Литик Аллаянс, Юл Томатала нартай хамтран хөгжүүлсэн байна. Тэд хуучны телевизийн нэвтрүүлгүүд дээр суурилан ижил хүйстэн байх нь нийгмийн хэм хэмжээ, хэн ярьж, хэний дуу хоолой сонсогдохыг хэрхэн тодорхойлдгийг судлах нэгэн түүхэн тодорхой жишээ хэмээн авч үзжээ. Телевизийн ток-шоунуудын хэлбэр, бүтэц, механизмыг дахин авч үзэж, дахин бүтээх замаар уг үзэсгэлэн нь монтаж болон инсталляцын арга барилаар ажиллаж, медиа дэд бүтцийн талаар илүү өргөн хүрээний асуултуудыг дэвшүүлэх юм.

Read more

Францын Сентр Помпиду Өмнөд Солонгос улсад салбар музейгээ нээнэ

Францын Сентр Помпиду Өмнөд Солонгос улсад салбар музейгээ нээнэ

Ханва Соёлын Сан ба Сентр Помпидугийн хамтран байгуулж буй Сентр Помпиду Ханва музей энэ оны 6-р сард нээлтээ хийнэ. Франц улс болон Өмнөд Солонгос улс хооронд дипломат харилцаа тогтоосны 140 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Ханва Соёлын Сан (Hanwha Foundation of Culture) болон Сентр Помпиду (Centre Pompidou) хамтран Сөүл хотод

Залуу уран бүтээлч Б.Отгонжаргал дотоод сэтгэлийн “Хөх тал”-аа Монголын уран зургийн галерейд толилуулж байна

Залуу уран бүтээлч Б.Отгонжаргал дотоод сэтгэлийн “Хөх тал”-аа Монголын уран зургийн галерейд толилуулж байна

Хөх тал Монголын уран зургийн галерей Улаанбаатар, Монгол улс 2026.04.11 - 2026.04.19 Залуу уран бүтээлч Базардарын Отгонжаргал Монголын уран зургийн галерейд гарч буй “Хөх тал” анхны бие даасан үзэсгэлэнгээрээ дамжуулан дурсамж ба мартагдал, хоосрол ба боломж зэрэгцэн орших дотоод сэтгэлийн тал нутаг, уудам орон зайг илэрхийлжээ.

CAB урлагийн орон зайд үйл хөдлөлийн урлагийн үдэш болно

CAB урлагийн орон зайд үйл хөдлөлийн урлагийн үдэш болно

Перформанс буюу үйл хөдлөлийн урлаг нь уран бүтээлчид өөрийн боловсруулсан сэдэв, санаа, хөтөлбөрөө үйл хөдлөлөөр дамжуулан илэрхийлдэг орчин үеийн урлагийн нэгэн төрөл.  "Хөх нар" орчин үеийн урлагийн төвийн үүсгэн байгуулагч, куратор Ё.Далх-Очирын онцолсноор Монголд энэ төрлийн үйлдлийн урлагийг 2004 онд анх удаа зохиолч, яруу найрагч Б.Сэргэлэн

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази ба Номхон далайн арлын орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази ба Номхон далайн арлын орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь энэ оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны хооронд “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Венецийн Биенналийн үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын албан ёсны павильонууд байрладаг бөгөөд тэндээ улс бүр өөрсдийн үзэсгэлэнгээ толилуулдаг. Бид 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд улс орноо