Зураач Цэндийн Ган-Эрдэний “Мөнх Тэнгэрт” үзэсгэлэн ба мөнх тэнгэрийн дор зэрэгцэн буй оршихуйн тусгал
Ц.Ган-Эрдэний “Мөнх Тэнгэрт” үзэсгэлэн нь мөнх тэнгэрийн дор орших бидний оршихуй, тэдгээртэй зэрэгцэн орших нүдэнд харагдах болоод үл харагдах оршихуйг урлагаар дамжуулан дүрслэн гаргажээ.
А.Ганзаяа
Цэндийн Ган-Эрдэнэ
Мөнх Тэнгэрт
Чингис Хаан Үндэсний музей
2026.05.08-2026.06.13
2022 оноос хойш Монгол Улсын Соёлын элч, зураачаар ажиллаж буй Ц.Ган-Эрдэнэ Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан “Мөнх Тэнгэрт” бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байна. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд хэд хэдэн өөр сэдвүүдийг дүрслэн харуулах ч, танхимд ороход танд хамгийн түрүүнд бүтээлүүдийн “нэгэн цул байдал” мэдрэгдэнэ.
Зураач Ган-Эрдэнэ нь 1979 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 2001 онд СУИС-ын харьяа Дүрслэх урлагийн дээд сургуульд “Чимэглэлийн уран зураг” мэргэжлээр, 2010 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Мюнстер хотын Дүрслэх урлагийн академид тус тус суралцаж байв. Өдгөө Монгол болоод ХБНГУ-д оршин сууж, ажиллаж, амьдардаг.
Ц.Ган-Эрдэний бүтээлүүд Германы Арт Карлсрухэ (Art Karlsruhe) олон улсын үзэсгэлэнд 10 гаруй жилийн турш оролцож, Германы Берг музей (Museum Berg), Хэнкэлл Урлагийн Цуглуулга (Art Collection Henkell), Итали дахь Бенеттоны цуглуулга (Art Collection Benetton) зэрэг цуглуулгад хадгалагддаг. Бие даасан болон хамтарсан 200 гаруй үзэсгэлэнг ХБНГУ-ын музей, галерей болоод Монгол, Нидерланд, Дани, БНСУ, Косово зэрэг улсуудын музей, галлерейд гаргаж байсан туршлагатай.

Түүнийхээр бол “хүн нэгэн зэрэг хоёр орон зайд оршдог” бөгөөд үүнийгээ дурсамж, өнгөрсөн түүх, санах сэтгэл, ганцаардал, нандигнал зэрэг олон сэдвүүдээр дамжуулан илэрхийлэхдээ “тусгал” гэгчийг онцгойлон дүрсэлнэ. Тусгалыг мөн хэд хэдэн янзаар илэрхийлсэн бөгөөд энэ дундаас жаазны шилийг бүтээлийнхээ нэгэн хэсэг болгон ашиглан дүрсэлсэн нь онцлууштай байлаа.
Бүтээлүүдэд санан дурсагдах нутгийн зам, өвгөдийн сүнс, тэдний дурдатгал, хурдан морьдын тусгал, тэдний байгаль эхтэй холбогдох нандин холбоос, хүмүүсийн амьдралын өнгөрсөн, одоогийн дотоод дахь зэрэгцээ оршихуй зэрэг гүнзгий сэдвүүдийг харуулна. Үүгээр бид өмнө нь байсан, одоо байгаа, ирээдүйд байж мэдэх тусгалуудыг өөрсдийн дотроос олж харна.
“Нутгийн зам” цуврал зургуудаас магадгүй монгол хүмүүс бид л газар шороо, уул устайгаа холбогдох холбоосыг мэдэрч чадах биз. Зураач нутгийн замыг реалист хэв маягаар зурсан нь гэрэл зураг мэт тод боловч үзэгч бидний сэтгэлд зүүд, зэрэглээ мэт хол, дурсамжийн минь хаа нэгтээ зурайн үзэгдэж, сэтгэлд гуниг, догдлолыг зэрэг төрүүлнэ.

“Тэнгисийн эргээр алхагч” бүтээл дэх эмэгтэйн тусгалд өөр нэгэн эмэгтэй харагдах бөгөөд түүнийг цэнхэр өнгөөр түлхүү илэрхийлж, нүүрний хувирлыг дүнсийлгэн, хөлийг нь уясан байна. Энэ тусгал цагаан даашинзтайн эмэгтэйн дотоод байдал, туулж яваа амьдрал аль эсвэл өнгөрсөн дэх дурсамж гээд алийг нь ч харуулж байж болох юм. Энд л зураачийн “Бид нэгэн зэрэг хоёр газар оршдог” гэх санаа ил болох мэт.

“Адууны өвөг” бүтээл нь монголчуудын эрт үеэс үр хойчдоо захиж ирсэн өвгөдөө хүндлэх, дурсан санах болон өвөг дээдэс нь үр хойчоо харж хандан, ивээдэг гэсэн уламжлалт сэтгэлгээтэй холбоотой. Энэ нь хүн, амьтан, байгалийн холбоосыг тодотгож, олон оршихуйн зэрэгцээ байдлыг харуулах мэт.

“Борооны дараа”, “Бүжигчин”, “Тэнгисийн эргээр алхагч” зэрэг бүтээлүүдэд зургийн жаазны шилийг ашиглан ахин нэг тусгал, хэмжээс үүсгэснээрээ онцлог байв. “Борооны дараа” зургийг ажиглавал морьд, морьдын сүүдэр болоод жаазан дээрх тусгал нэгэн зэрэг оршиж, гурван хэмжээст байсан дүрслэл товойн дөрвөн хэмжээстэй болно. Энэ нь бидний зэрэгцээ оршихуйг хамгийн тодоор харуулсан бүтээл болжээ.
Ц.Ган-Эрдэний “Хөх Тэнгэрт” үзэсгэлэн нь мөнх тэнгэрийн дор орших бидний оршихуй, тэдгээртэй зэрэгцэн орших нүдэнд харагдах болоод үл харагдах оршихуйг урлагаар дамжуулан дүрслэн гаргажээ.