Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

“Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлч өөрөө анагаагч, хамгаалагчийн дүрээр бүтээлүүддээ давтагдан оршиж, хүн ба байгаль хоорондын тасарсан холбоог дахин сэргээх боломжийг эрэлхийлжээ.

Share
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь
Гэрэл зургийг: artpress.mn

Зээр юу зүүдэлсэн бэ? 

Жалхаажавын Мөнхцэцэг

2026.06.18 - 2026.07.15

Хаан банк галерей

Э.Эмүлэн

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн голлох уран бүтээлч Жалхаажавын Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн Хаан банк галерейд гарч байна. Энэхүү үзэсгэлэн нь тосон зураг, холимог техник, зөөлөн баримал бүхий олон төрлийн бүтээлүүдээс бүрдэнэ. Мөн түүний  2025 оны ижил нэрт орчин үеийн бүжгийн төслийн хувцас, үзүүлбэрт ашигласан эд зүйлсийг дэлгэн үзүүлжээ. Тус төсөл нь хөдөлгөөнт бүжиг, видео арт, перформансыг нэгтгэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын “Жаахан шарга” театрын тайзнаа тавигдсан юм. 

Ж.Мөнхцэцэг нь Улаанбаатар хотын Дүрслэх урлагийн дээд сургуулийг 1987 онд төгсөж, улмаар Минск хотын Театр, урлагийн академид тайзны зураач мэргэжлээр суралцсан. Тэрээр тосон зургийн суурьтай бөгөөд 1997 оноос холимог техникийн туршилтуудыг хийж, өдгөө тосон зураг, зураасан зураг, коллаж, хүрэл болон зөөлөн баримал, инсталляц, ассембляж зэрэг дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээл туурвидаг. Тэрээр Тайланд, Япон, Хонконг, Итали, БНХАУ, Сингапур, Тайвань, АНУ зэрэг улсад бүтээлүүдээ толилуулж байсан ба 2015 болон 2022 оны Венецийн Биенналь дахь Монголын павильонд оролцсон юм. Түүний уран бүтээлийн гол сэдэв нь эх хүн, шарх, ба эмзэг байдлыг хөндөн ирсэн бөгөөд эдгэрэл, анагаалт руу шилжсээр өдгөө байгаль ба хүн хоорондын нягт холбоо хамаарлыг тодруулах болсон байна. 

Гэрэл зургийг: artpress.mn

Үзэсгэлэнгийн танхимд ороход “Зээрийн зүүд”, “Сүүт өргөсний илааршил” хэмээх хоёр коллаж бүтээл үзэгчийг угтана. Эдгээр бүтээлд зээрийн биеийн хэсэг, хүний толгойн анатомийн зураг болон сүүт өргөс ургамлыг эвлүүлэн дүрсэлжээ. “Зээрийн зүүд” бүтээл нь Монголын тал нутагт татсан төмөр хашаанд тээглэн амиа алдсан зээрүүдээс сэдэвлэсэн юм. Энэхүү сэдвийг уран бүтээлч өмнө нь 2022 оны Венецийн Биеннальд толилуулсан “Гүнээс гүнд” үзэсгэлэндээ мөн хөндөж, төмөр орон дээр голоороо тасарсан зээрийн биеийг зөөлөн баримлаар дүрсэлж, дээр нь хөлд орж буй янзаганы дүрсийг прожектороор тусган үзүүлжээ. Ийнхүү үхэл ба шинэ амьдралын эсрэгцлийг зэрэгцүүлснээр амиа алдсан зээрийг анагаан, түүнд дахин амьдрал бэлэглэх гэсэн “Зээрийн зүүд” бүтээлийн утга санаа бүрэлдэн тогтсон байна.

Гэрэл зургийг: artpress.mn

Удаах “Шивнэгч” хэмээх тосон зурагт мөн төмөр орон дээр хэвтэх зээрийн янзага, сүүт өргөсийг дүрсэлжээ. Хажууд нь уран бүтээлч өөрийн хөргийг бүтээж, гараас нь ид шидийн хүч цацарч буй мэтээр дүрсэлсэн нь анагаах, амь хайрлах үйлдлийг бэлгэдэж байна. Харин сүүт өргөс нь Монголын тал нутагт ургадаг эмийн ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд биеийг тэнхрүүлэх үйлчилгээтэй юм. Ийнхүү зээр, сүүт өргөс, уран бүтээлчийн дүрийг нэгэн орон зайд нэгтгэснээр хүний оролцоотойгоор байгаль, амьд биетийг эдгээж, хамгаалах боломжийн тухай бэлгэдэлт өгүүлэмжийг бүтээлээрээ илэрхийлжээ.

Харин “Төрөгсөд Төөрөгсөд” бүтээлд уран бүтээлч өөрийн хөргийг зээрийн биетэй нэгтгэн дүрсэлсэн байв. Мөн урт хар сүлжмэл үс болон үсээр бүтсэн хар шувууны дүрслэл нь үзэгчийн анхаарлыг татна. Үс нь Ж.Мөнхцэцэгийн дүрслэлийн хэлний чухал элемент болон давтагддаг. Түүний бүтээлүүд дэх эмэгтэйн үсний засалт нь дан ганц гоо зүйн сонголт бус, тодорхой бэлгэдлийн утга агуулдаг. Урт үсний сэдлийг тэрээр Өндөр Гэгээн Занабазарын Дарь эхийн баримлуудаас улбаалан хөгжүүлжээ. 2012 оны “I am Taking a Power from Birds-2” бүтээлд урт хар үс сүлжилдэн шувууны дүрийг бүтээдэг бол 2017 оны “Хамгаалагч шувууг хадгалагч” бүтээлд хамгаалагч шувуу болон хадгалагч дүрүүд урт хар үсээр хоорондоо холбогдсон байдаг. Иймд үс нь Ж.Мөнхцэцэгийн бүтээлүүдэд амьдралын хүчийг дамжуулагч, анагаах увдисыг тээгч элемент болдог бөгөөд шувуу нь хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг юм.

Гэрэл зургийг: artpress.mn

Танхимын голд байрлах саарал өнгийн зөөлөн баримал нь зээрийн толгойтой, хүний биетэй, маш урт хөлтэй бөгөөд гараас нь хар үс унжина. Цаана нь харагдах арьсны өнгөтэй зөөлөн баримал нь мөн зээрийн цээжин бие байх ба нэг урд хөлийг тунгалаг материалаар хийсэн хүний гар бүрхсэн байв. Баримлуудыг даавууны өөдсийг нийлүүлэн оёсон байх ба эдгээр нь “Гүнээс гүнд” үзэсгэлэнгийн “Сансрын бие” хэмээх мөнгөлөг, сунадаг материалаар хийсэн амьтан ба хүний эрлийз биетүүдийг санагдуулна. Энэ нь уран бүтээлчийн амиа алдсан хүүхэд болон амьтдыг эдгээн, ахин амьдрал өгч, сансрын биетүүд болгосон бүтээл юм.

Гэрэл зургийг: artpress.mn

Энэхүү үзэсгэлэнд зээр нь зөвхөн хүний үйл ажиллагааны улмаас хохирсон амьтан бус, эмзэг байгаль дэлхийн бэлгэдэл болон хувирчээ. Харин уран бүтээлч өөрөө анагаагч, хамгаалагчийн дүрээр бүтээлүүддээ давтагдан оршиж, хүн ба байгаль хоорондын тасарсан холбоог дахин сэргээх боломжийг эрэлхийлж байна. Үзэсгэлэнгийн турш давтагдах зээр, урт хар үс, сүүт өргөс зэрэг дүрслэлүүд нь амьдрал, үхэл, эдгэрэл, нөхөн сэргэлтийн тухай нэгэн цогц өгүүлэмжийг бүрдүүлжээ.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн