Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ
Дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн байгууллагуудын нэг болох Венецийн Биенналь өөрийн Түүхэн архивын сангийн “Тэнгэрийг бүтээгч салхи. Марко Пологийн мөрөөр Венецийн Биенналь” төслөөр дамжуулан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.
Where Splendid Horses Run (Гайхамшигт хүлэг морьд давхих газар)
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
2026.06.24 - 2026.07.20
Э.Эмүлэн
Венецийн Биенналийн Контемпорари урлагийн түүхэн архивын “Тэнгэрийг бүтээгч салхи - Марко Пологийн мөрөөр Венецийн Биенналь” төслийн хүрээнд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдлээ.
Венецийн Биенналийн Контемпорари урлагийн түүхэн архив нь Венецийн Биенналийн албан ёсны архив, судалгаа, кураторын үйл ажиллагааны төв бөгөөд дэлхийн контемпорари урлагийн хамгийн нэр хүндтэй байгууллагуудын нэг юм. Тус архив нь дүрслэх урлаг, кино, архитектур, театр, хөгжим, бүжгийн салбарын олон сая баримт материалыг хадгалж хамгаалахын зэрэгцээ тэдгээрт тулгуурласан үзэсгэлэн, хэвлэл, судалгааны төсөл болон олон улсын соёлын солилцооны хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг.
Энэ удаагийн үзэсгэлэн нь Венецийн худалдаачин, аялагч Марко Пологийн нас барсны 700 жилийн ойд зориулан хэрэгжиж буй “Тэнгэрийг бүтээгч салхи - Марко Пологийн мөрөөр Венецийн Биенналь” олон улсын санаачилгын нэг хэсэг юм. Төслийн хүрээнд Марко Пологийн Венецээс Ази тив рүү туулсан түүхэн зам мөрийг даган Хятадын Ханжоу, Италийн Венец, Туркийн Истанбул, Энэтхэгийн Шинэ Дели хотуудад үзэсгэлэн зохион байгуулсны дараа тав дахь зогсоол болох Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.
Марко Поло аяллын тэмдэглэлдээ Монгол орныг онцгойлон дүрсэлж, Венеци хотоос дорно зүгт хийсэн аяллынхаа хамгийн дурсамжтай мөчүүдийг түүнд зориулсан байдаг. Тиймд Венецийн Биенналийн ерөнхийлөгч Пиетранжело Буттафуоко Монгол дахь зогсоолыг онцгой ач холбогдолтой хэмээн тодорхойлсон юм. Тэрээр “Марко Пологийн аялал нь Монголын эзэнт гүрний тогтоосон энх тайван, тогтвортой байдлын үетэй давхцан өрнөсөн бөгөөд энэ түүхэн өв өнөөдөр ч хүмүүсийн дурсамж, соёлын ухамсарт амьд хэвээр байна. Мөн энэхүү өргөн уудам, хязгааргүй орны төгсгөлгүй тэнгэрийн дор орших тал нутаг, байгалийн сүрлэг тогтоц нь ‘Гайхамшигт хүлэг морьд давхих газар” хэмээх үзэсгэлэнгийн нэрийг хүртэл сэдэлжүүлсэн юм. Энэ бүхэн нь эдгээр нутагт аж төрөн амьдардаг хүмүүсийн эрх чөлөөт сэтгэлгээ, уудам алсын харааны гэрч болж байна” хэмээн тайлбарлажээ.

Дээд эгнээ, зүүн талаас: Итали Улсын Элчин сайд Жованна Пиккаррэта, Венецийн Биенналийн Ерөнхийлөгч Пьетранжело Буттафуоко, үзэсгэлэнгийн куратор Луижа Лонарделли. Доод эгнээ, зүүн талаас: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгаль, нээлтийн үйл ажиллагаанд оролцогчид, Уран бүтээлч Сэвдэт Эрэк, С.Долгор, Б.Баатарзориг. Гэрэл зургийг: Б.Одгэрэл ©Венецийн Биенналь.
“Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэнд уран бүтээлч Батжаргалын Баатарзоригийн 12 бүтээл мөн Сэр-Одын Долгорын 18 бүтээлийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд толилуулсан нь өрнө ба дорно, уламжлал ба орчин үеийг холбосон харилцан яриаг илэрхийлнэ. Үзэсгэлэнгийн нэрийг өгөхдөө Монголын орчин үеийн уран зохиолын үндэслэгчдийн нэг Д.Нацагдоржийн 1933 оны “Миний нутаг” шүлгээс сэдэл авсан байна. Куратор Луижиа Лонарделлигийн тайлбарласнаар уг шүлэг нь уудам орон зай, улирлын мөчлөгт хэмнэл мөн эрх чөлөө, онгон дагшин байдлын түүнд мэдрүүлжээ. Тэрээр Б.Батзориг болон С.Долгор нарын бүтээлүүдийг нэгтгэн дэглэснээр тэдгээрийн музейн танхимуудыг дамнасан туульслаг өгүүлэмжийн доторх “цэг таслал” мэтээр төсөөлжээ. Энэхүү өгүүлэмж нь хэдэн зуун жилийн түүхтэй визуал болон материаллаг соёлын өвийн дунд өөрийн хэмнэл, завсарлага, шинэ тайлбарыг эрэлхийлж буйг илэрхийлсэн болохыг тайлбарласан юм.

Үзэсгэлэнгийн зохион байгуулалтын хувьд танхимын ханыг улаан хилэн хөшгөөр бүрсэн нь улаан хивсний бэлгэдлийг санагдуулж, уламжлал ба орчин үеийг холбох тэрхүү шинэ замаар үзэгчдийг хөтлөх мэт сэтгэгдлийг төрүүлэв. Үзэгчид энэхүү орчинд Монголын уламжлал, түүх, орчин үеийн холбоог уран бүтээлүүдээр дамжуулан мэдрэх боломжтой байлаа.


Гэрэл зургийг: artpress.mn
Зураач С.Долгор нь Дүрслэх урлагийн дээд сургуульд монгол зургийн чиглэлээр суралцаж төгссөн цагаасаа хойш монгол зургаас гадна орчин үеийн урлагийн олон төрлөөр бүтээлээ туурвисаар иржээ. Үзэсгэлэн дахь түүний бүтээлүүдэд чөлөөт өнгөний шийдэл болон монгол зургийн онцлог болох олон үйл явдлыг нэг хавтгайд давхарлан илэрхийлэх арга барил тод ажиглагдана. С.Долгорын уран бүтээлүүдэд уламжлалт нүүдэлчин соёл, гэрт амьдрах болон хотжилтын үйл явц, хөгжил ба эсрэгцэл, нүүдэлчин ахуйгаас суурин соёл руу шилжих үйл явцыг давхар утгаар илэрхийлдэг нь хүчтэй харагдана.


Гэрэл зургийг: artpress.mn
Монгол зургийн уламжлал нь буддын шашны танка зургийн уламжлалтай нягт холбоотой байсаар ирсэн. Харин 1990-ээд оны ардчиллын дараах үед уран бүтээлчид энэ уламжлалыг дахин шинэчлэн, шашны дүрслэлийн элементүүдийг орчин үеийн шүүмжлэл, нийгмийн агуулгатай хослуулах чиг хандлагын томоохон төлөөл бол уран бүтээлч Б.Баатарзориг билээ. Түүний бүтээлүүдэд монгол зургийн уламжлал, танка дүрслэл болон орчин үеийн иконографийн элементүүд хослон, Монголын түүхэн болон өнөөгийн соёлын гибрид шинжийг илэрхийлдэг бөгөөд зарим тохиолдолд орчин үеийн хэрэглээний соёлын шүүмжлэл мөн агуулагддаг нь үзэсгэлэн дахь бүтээлүүдээс ажиглагдана.
Харин Дүрслэх урлагийн музейн гадна талд Турк уран бүтээлч Сэвдэт Эрэкийн уулзалт, харилцааны орон зай бүхий “Амфибио” бүтээлийг босгосон нь олон нийтэд зориулсан хөтөлбөрүүдийг зохион байгуулахад зориулагджээ. Энэхүү орон зай нь 6 дугаар сарын 24–27-ны өдрүүдэд Монголын Зохиолчдын Эвлэлээс бэлтгэсэн уран зохиолын уншлагын хөтөлбөрийн тайз болон хувирах юм.
“Гайхамшигт морьд давхих газар” үзэсгэлэн нь Д.Нацагдоржийн “Миний нутаг”-аас сэдэвлэсэн нэрийн дор Монголын байгаль, түүх, соёлын давхаргыг Марко Пологийн аяллын замналтай холбон, өрнө ба дорно, уламжлал ба орчин үеийн хоорондын соёлын харилцан яриаг урлагаар дамжуулан илэрхийлсэн цогц төсөл болж байна.