Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ БААГ-ийн "Савдаг" B Contemporary Art Gallerу-д эргэн ирлээ

“Савдаг” нь уламжлал ба орчин үе, хавтгай ба хэмжээст орон зай, харагдах ба үл харагдах ертөнцийн зааг дээр орших үзэсгэлэн.

Share
Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ БААГ-ийн "Савдаг" B Contemporary Art Gallerу-д эргэн ирлээ
Гэрэл зургийг: B Contemporary Art Gallery

Б.Бат-Эрдэнэ "БААГ"

САВДАГ IIII.II

2026.06.12 - 2026.06.28

B Contemporary Art Gallery

Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ буюу БААГ нь 2023 онд B Contemporary Art Gallery-д дэлгэсэн “Амилалт” үзэсгэлэнгээрээ уламжлалт дүрслэлийн нарийн гүйцэтгэл, бэлгэдэлт өгүүлэмжийг өөрийн мэдрэмжээр дахин тайлбарлаж байсан бол “Савдаг” нь түүний уран бүтээлийн сэтгэлгээ шинэ хэмжээс рүү шилжсэнийг илтгэнэ.

Энэхүү шилжилт нь зөвхөн сэдвийн өөрчлөлт бус, дүрслэлийн хэл, материалын сонголт, орон зайтай ажиллах арга барилын шинэ эрэл хайгуул юм. БААГ-ийн энэ удаагийн бүтээлүүдэд нимгэн төмөр карказаар бүтээсэн куб бүтэц дотор загасны нарийн ясыг эвлүүлэн байгуулсан, танил атлаа үл таних шинэ дүрүүд оршино. Тэдгээр монгол зургийн бурхадын дүрслэлд харагддаг тэгш хэмт зохион байгуулалт, нарийн шугаман хэмнэлийг санагдуулах утсан бүтэц дунд амь орсон мэт үзэгдэнэ.

БААГ монгол зургийн мэргэжлээр суралцсан бөгөөд монгол зураг нь нарийн зураас, бийрийн даралтын ялгаагаар хавтгай гадаргуун дээр орон зайн мэдрэмжийг бүтээдэг бол “Савдаг” үзэсгэлэнд энэ ойлголт бодит хэмжээст хэлбэрт шилжжээ. Видео дүрсний жирэлзэх, бүдгэрэх, давхцах, тасалдах зэрэг эффектүүд гэрэл, хөдөлгөөний тусламжтайгаар дүрслэлийг тогтворгүй атлаа амьд төлөвт оруулж, үзэгчийг бүтээлийн дотоод орон зайд татан оролцуулна.

Монгол зургийн сургалтын нарийн дэг, нягт ажиллагаа түүний бүтээлүүдэд өнөө хэр хадгалагдсаар байна. Анхны харцаар анзаарагдахгүй өнгөрч болох жижиг хэсгүүд хүртэл өөрийн гэсэн бүтэц, утга агуулгатай бөгөөд бүтээлд ойртох тусам шинэ дүрс, холбоос, давхаргуудыг нээж өгнө.

Цагаан утсан бүтэц дунд зохиомжийн төвд шингэсэн улаан утас онцгой анхаарал татна. Тэр нь амь судал мэт, үл үзэгдэх эрчим хүчний урсгал мэт, эсвэл оршихуйн хамгийн эмзэг бөгөөд хүчирхэг цэг мэт мэдрэгдэнэ. Загасны яснаас бүтсэн шинэ дүрүүдийг нэвтлэн, утсан орон зайг холбон зангидах энэ улаан амь нь хөдөлгөөнгүй мэт дүрслэлд амьсгал оруулж, бүтээлийн дотоод хэмнэлийг тэтгэнэ. Хэрэв цагаан утаснууд нь орон зай, дурсамж, цаг хугацааны үл үзэгдэх сүлжээ бол улаан утас нь түүний дундуур цохилох амьдралын хэмнэл юм.

“Савдаг” нь уламжлал ба орчин үе, хавтгай ба хэмжээст орон зай, харагдах ба үл харагдах ертөнцийн зааг дээр орших үзэсгэлэн. Үзэгч бүтээл бүрийг тойрон алхах тусам тэдгээрийн нарийн бүтэц, давхар утга, эмзэг хөдөлгөөнийг шинээр нээж, харагдах зүйлсийн цаана орших үл үзэгдэх холбоог өөрийн мэдрэмжээр танин мэдрэх боломжтой.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн