Зураач Цэгмидийн Соёлмаа “Зэрэглээн цаана” хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ HUE Art Gallery-д толилуулж байна

Share
Зураач Цэгмидийн Соёлмаа  “Зэрэглээн цаана” хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ HUE Art Gallery-д толилуулж байна
Гэрэл зургийг: Э.Эмүлэн

Цэгмидийн Соёлмаа 

“Зэрэглээн цаана” үзэсгэлэн

HUE Art Gallery

2026.04.21 - 2026.05.16

Зураач Ц.Соёлмаагийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн HUE Art Gallery-д дэлгэгджээ. Тэрээр 2024 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ Лхам галерейд “Зүүдний зэрэглээ” нэрийн дор толилуулж байсан бол энэ удаад “Зэрэглээн цаана” хэмээн нэрлэсэн нь уран бүтээлчийн хувьд эдгээр хоёр үзэсгэлэнг утга агуулгын хувьд уялдуулан холбож буйг илтгэнэ. Үзэсгэлэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд, өмнөх “Зүүдний зэрэглээ” үзэсгэлэнгийн бүтээлүүд ч нэг хэсгийг эзэлж байв. Түүнээс хойших бүтээлүүд нь түүний зүүдний зэрэглээн цаана орших ертөнцийг толилуулжээ.

Ц.Соёлмаа нь БНХАУ-ын Бээжин хотын Дүрслэх Урлагийн Төв Академид Хятадын уламжлалт уран зургийн чиглэлээр долоон жил суралцсан. Хятад үндэсний зураг нь хүн, уул-ус, цэцэг-шувуу, уран бичлэг гэсэн төрөлд хуваагддаг бөгөөд тэрээр цэцэг-шувууны чиглэлээр мэргэшсэн байна. Мөн тэрээр хятад зургийн техникийн суурь болсон үндсэн хоёр том арга ажиллагаа болох гүнг-би болон шие-и техникийг хослуулан бүтээлээ туурвидаг.

Гүнг-би нь маш нарийн, нягт нямбай бийрийн хөдөлгөөн, зураасаар байгалийг дүрсэлдэг реалист арга барил юм. Энэ нь ихэвчлэн өгүүлэмжийн сэдвийг торго, будааны цаасан дээр бэх, шороон будаг ашиглан зурдаг онцлогтой. Харин шие-и буюу бичилтэд арга барил нь илүү чөлөөт сэтгэлгээний шинжтэй бөгөөд ихэвчлэн будааны боловсруулаагүй цаасан дээр бэх, шороон будаг ашиглан тухайн үеийн сэтгэгдлийг буулгадаг. 

Гэрэл зургийг: Э.Эмүлэн

Эдгээр техникийг хослуулснаар зураач Ц.Соёлмаагийн бүтээлүүд нь бодит байдал болон хийсвэрлэлийн зааг дээр оршино. Бодит байдлыг байгаагаар нь дуурайхаас илүүтэй өөрийн хөгжлийн явц, мэдрэмжүүдээ зураас, өнгө бүрд шингээдэг байна. 

Гүнг-би нь их хугацаа шаарддаг арга барил тул түүний бүтээл бүр уран бүтээлчээс нарийн анхаарал, тэвчээр шаарддаг тул түүний хувьд өөртэйгөө нүүр тулж, өөрийгөө танин мэдэх нэгэн төрлийн бясалгал болдог нь уран бүтээлчийн энэ арга техникт татагдах шалтгаан болсон байна. Бүтээлийн санааны хувьд эхлээд бодит дүрслэл нь түлхүү орж ирдэг бөгөөд зураас бүрийг нарийн төлөвлөдөг. Гэвч зарим тохиолдолд бүтээл нь өөрөө хөтөлдөг бөгөөд уран бүтээлчийн хувьд зурах явц нь уран бүтээлийн гол цэг нь болдог ажээ.

Хятадын уламжлалт уран зурагт бийрийн хөдөлгөөн, зураас төдийгүй уран бүтээлчийн өөрийн зан чанар, эрч хүч, энергийг чухалчилдаг бөгөөд дүрсийн хэлбэр, шугам, гадаад төрхийг зөв илэрхийлэх, өнгө будгаа агуулгатай нь холбож, хамгийн тохиромжтойг сонгох, зургийн хэмжээ, харьцааг мөн зөв хуваарилахыг онцолдог. Эдгээр зарчим нь зураач Ц.Соёлмаагийн дотоод ертөнцийг илэрхийлэх хэл нь болсон байна. 

Түүний бүтээлүүдэд ургамал, мод, цэцэгс, шувуу, эрвээхэй, соно зэрэг дүрүүд голцуу гарах бөгөөд дүр бүхэн түүний хувьд бэлгэдэлт утгыг агуулна. Мөн бүтээл дахь зориудын хоосон зай нь нь Хятадын уламжлалт уран зурагт чухал байр суурь эзэлдэг техник төдийгүй гүн утга агуулгатай философийн илрэл юм. Энэ нь зориуд дүүргээгүй орон зайг ашиглан бүтээлд тэнцвэр, зохицол, яруу найргийн болон үзэл санааны гүн гүнзгий байдлыг бий болгодог. 

Эдгээр “хоосон” хэсгүүд нь зүгээр нэг хоосон зай биш, харин ус, тэнгэр, манан эсвэл далд утгыг илэрхийлж, үзэгчийн төсөөллийг идэвхжүүлдэг. Ингэснээр бүтээл нь илүү олон давхар утгатай болж, Даоизмын “үйлдэхгүй байх” (wu wei) зарчимтай уялддаг. “Үйлдэхгүй байх” зарчим нь аливааг хүчлэх, хэт удирдахын оронд юмсын өөрийн жамаар нь урсгах, саад болохгүй байхыг хэлдэг.

Ц.Соёлмаа, Байгаль эх-1. Гэрэл зургийг: Э.Эмүлэн

Даосизмын үзэл санаанаас гадна түүний бүтээлүүдэд буддизмын үзэл санаа, бэлгэдлүүд чухал байр суурь эзэлнэ. Түүний “Эх нутаг” болон “Байгаль эх-1” зэрэг бүтээлүүдэд бурхан зургийн ном номлох мутарлагыг дүрсэлсэн байна. Энэ нь Бурхан багш анх Дөрвөн Үнэний сургаалаа айлдсан буюу анх “номын хүрдийг эргүүлсэн”-ийг бэлгэддэг. Тус мутарлагыг хоёр мутраар үйлдэх бөгөөд баруун мутрын алга гадагш эргэж, зүүн мутрын алга дотогш харна. Хоёр мутрын долоовор болон эрхий хурууны үзүүрүүдийг нийлүүлж дугуй хэлбэр үүсгэдэг нь арга билгийн нийлэмжээр хүрд үүсэхийг бэлгэдэх бөгөөд өөрийн ухамсрыг ертөнцийн ухамсартай нэгтгэж, оюун санаа болон сүнсний тэнцвэрийг олж, гэгээрэлд хүрж, түүнийгээ түгээх утга санааг агуулдаг.

Тус мутарлагыг байгаль эх, эх нутагтай холбон дүрсэлснээр хэнийг ч алагчилдаггүй байгаль эхийн хайрыг илэрхийлсэн байна. Мутарлага дээр суусан шувуу, эрвээхэйг дүрсэлснээр айдасгүй амар амгаланг илэрхийлжээ. Бусад бүтээлүүдэд мөн зэн урсгалын симбол, арга билиг, бадамлянхуа цэцэг зэрэг буддын шашны бусад бэлгэдлүүд түлхүү үзэгдэнэ.

Гүнг-би арга барилд өгүүлэмж мөн чухал байр суурь эзэлдэг бөгөөд зураач Ц.Соёлмаа нь бүтээлдээ тодорхой цаг хугацаанд баригдаж, өнгөрсөн, одоо эсвэл ирээдүйг тодорхой дүрслэхийг хичээдэггүй байна. Аливааг хүн л тодорхой хувааж, заагладаг бол байгальд бүх зүйл зогсошгүй тойрогт үргэлжилдэг гэсэн санаагаар тэрээр үргэлжилсэн үйл явдал, хөдөлгөөнийг дүрслэхийг хичээдэг ажээ.

Ц.Соёлмаа, Сэтгэгдэл-2. Гэрэл зургийг: Э.Эмүлэн

“Сэтгэгдэл-2” бүтээл нь Японы Акүтагава Рюүносүкэ зохиолчийн “Аалзны утас” зохиолоос санаа авчээ. Тус бүтээлд гол дүр нь тамд зовж байхад Будда түүнийг нэг удаа аалзны амийг өршөөж байсан тул боломж олгож, тэнгэрээс алтан аалзны утас унжуулдаг. Тэр утсаар диваажин руу авирч байхад араас нь бусад нүгэлтнүүд авирч буйг хараад, утсыг тасрах вий гэж эмээн тэдэн рүү орилж эхлэхэд утас тасарч тэр буцаад там руу унадаг. Энэхүү амьдралын тойрог, карма, дармагийн тухай ойлголтыг тэрээр бүтээл дахь ургамал, аалз, аалзыг идэх гэж буй шувуугаар илэрхийлжээ. 

“Зэрэглээн цаана” нь зураач Ц.Соёлмаагийн өөртөө ойртсон, амьдралыг гүн бясалган туурвисан бүтээлийн үзэсгэлэн байв. Хэдий Хятад уран зургийн арга барилыг эзэмшсэн ч түүний бүтээлүүдээс Монгол хүний сэтгэлгээг олж харах боломжтой.

Read more

Д.Дорждэрэмийн “Харьцангуйн тохиол” ес дахь бие даасан үзэсгэлэн B Contemporary Art Gallery-д гарч байна

Д.Дорждэрэмийн “Харьцангуйн тохиол” ес дахь бие даасан үзэсгэлэн B Contemporary Art Gallery-д гарч байна

Даваагийн Дорждэрэм Харьцангуйн тохиол 2026.04.15 - 2026.05.03 Б Контемпорари арт галерей Д.Дорждэрэм нь Улаанбаатар хотноо ажиллаж амьдардаг уран бүтээлч бөгөөд “Харьцангуйн тохиол” нь түүний ес дахь бие даасан үзэсгэлэн юм. Энэ удаад тэрээр органик (мод, эсгий) болон синтетик (эпокси) биет материалуудаас гадна тохиол, зөн совин,

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун ба Өмнөд Европын орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун ба Өмнөд Европын орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь энэ оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны хооронд “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Венецийн Биенналийн үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын албан ёсны павильонууд байрладаг бөгөөд тэндээ улс бүр өөрсдийн үзэсгэлэнгээ толилуулдаг. Бид 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд улс орноо

Францын Сентр Помпиду Өмнөд Солонгос улсад салбар музейгээ нээнэ

Францын Сентр Помпиду Өмнөд Солонгос улсад салбар музейгээ нээнэ

Ханва Соёлын Сан ба Сентр Помпидугийн хамтран байгуулж буй Сентр Помпиду Ханва музей энэ оны 6-р сард нээлтээ хийнэ. Франц улс болон Өмнөд Солонгос улс хооронд дипломат харилцаа тогтоосны 140 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Ханва Соёлын Сан (Hanwha Foundation of Culture) болон Сентр Помпиду (Centre Pompidou) хамтран Сөүл хотод

Залуу уран бүтээлч Б.Отгонжаргал дотоод сэтгэлийн “Хөх тал”-аа Монголын уран зургийн галерейд толилуулж байна

Залуу уран бүтээлч Б.Отгонжаргал дотоод сэтгэлийн “Хөх тал”-аа Монголын уран зургийн галерейд толилуулж байна

Хөх тал Монголын уран зургийн галерей Улаанбаатар, Монгол улс 2026.04.11 - 2026.04.19 Залуу уран бүтээлч Базардарын Отгонжаргал Монголын уран зургийн галерейд гарч буй “Хөх тал” анхны бие даасан үзэсгэлэнгээрээ дамжуулан дурсамж ба мартагдал, хоосрол ба боломж зэрэгцэн орших дотоод сэтгэлийн тал нутаг, уудам орон зайг илэрхийлжээ.