Зураач Ө.Гандуламын Нуугдсан цэцэгс үзэсгэлэн Хаан галерейд гарч байна

Share
Зураач Ө.Гандуламын Нуугдсан цэцэгс үзэсгэлэн Хаан галерейд гарч байна
Гэрэл зургийг: Э.Эмүлэн

Нуугдсан цэцэгс

Хаан галерей

Улаанбаатар, Монгол улс

2026.03.06 - 2026.03.23

“Нуугдсан цэцэгс” үзэсгэлэн нь СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн уран зургийн ахлах багш, зураач Өлзийноровын Гандуламын найм дахь удаагийн бие даасан үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн нь зураачийн хүмүүст амьдралын хэмнэлээс түр ангижирч, дотогшоо өнгийн, гоо сайхныг мэдэрч, дотоод амар амгаланг олох мөчийг бэлэглэх гэсэн хүслээс урган гарчээ. Үзэсгэлэн зотон дээр тосон будгаар бүтээсэн хорин дөрвөн бүтээлээс бүрдэнэ.

Зураач Ө.Гандулам нь Дүрслэх Урлагийн Сургуулийг зураасан зургийн ангид суралцан төгсөж, улмаар 2001 онд В.И.Суриковын нэрэмжит Уран Зургийн Академийг уран зургийн мэргэжлээр төгссөнөөр Оросын академик уран зургийн хэв маягийг эзэмшсэн байна. 

Эх орондоо ирсэн цагаасаа хойш тэрээр зураасан зураг, уран зургийн багшаар ажиллаж, модон барын арга барилыг сургалтад нэвтрүүлэн “Зураас” бар зургийн аргаар дагнасан бүтээлийн үзэсгэлэнг таван удаа зохион байгуулжээ. Харин 2013 оноос уран зургийн ахлах багшаар ажиллахдаа өрнийн академик сургалтын уламжлалыг монгол хөрсөнд баяжуулан хөгжүүлэхийг зорьжээ.

Уран бүтээлийн эхэн үедээ тэрээр модон бар, хулдаасан бар, төмөр бар, хуурай зүү, монотип зэрэг техникээр монгол түүхэн уламжлал, ахуйн онцлог, хүний дотоод ухамсрыг илэрхийлсэн бүтээлүүд туурвиж байсан бол 2000-аад оноос эхлэн, реалист хөрөг, аж байдлын сэдвээс өнгийн орон зайн судалгаанд шилжиж, реализм, импрессионизм, экспрессионизмын огтлолцолд орших өөрийн гэсэн илэрхийллийг эрэлхийлэх болжээ. Энэ үеэс бүтээлүүдэд нь дүрслэл илт бүдгэрч, өнгө ба хэмнэл давамгайлан, хүний дотоод мэдрэмж, сэтгэлзүйн төлөвийг илтгэсэн бүтээлүүд туурвих болсон байна. 

Гэрэл зургийг: Э.Эмүлэн

“Нуугдсан цэцэгс” үзэсгэлэнд зураач өөрийн дотоод мэдрэмж, гүн бодролыг бясалган, байгаль болон цэцэгсийн дүр зургийг импрессионист хэв маягаар буулгасан байна. Будгийг ойр ойрхон тавьж, өнгө ба гэрлийн уусал, хэмнэлийг илэрхийлснээр бүтээлүүд нь холоос ажиглахад байгаль амилсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ингэхдээ үзэгчийг бүтээлийн орон зайд татан оролцуулж, өөрийн дотоод ертөнц рүү өнгийх боломжийг бүрдүүлсэн байна.

Монгол орны тал нутгийн цэцэгсийн гоо үзэсгэлэн, цөөрөмд тусах тусгал, ой моддын олон өнгө төрх, нарны гэрэл, салхинд сэрчигнэх навчис зэрэг байгалийн дүрслэл нь зураачийн хувьд эмэгтэй хүн төдийгүй эрэгтэй хүнийг ч багтаажээ. Байгаль гэдэг хүнтэй салшгүй холбоотой бөгөөд урлаг гэдэг угтаа хүний л тухай болохыг зураач онцолсон юм. Тухайлбал,  “Миний доторх чи” болон “Чиний доторх би” бүтээлүүд нь эмэгтэйн доторх эрэгтэй, эрэгтэйн доторх эмэгтэйг илэрхийлжээ. Харин “Нуугдсан цэцэгс” бүтээлдээ тэрээр эмэгтэйчүүдийг илүү тусгасан байна. 

“Намайг олооч” хэмээх бүтээлээрээ зураач нуугдсан цэцэгсийн жинхэнэ төрхийг хайхыг уриалж, үзэсгэлэнгийн гол санаагаа тэнд төвлөрүүлжээ. Цэцэгс гадаад үзэмжээрээ үзэсгэлэн төгөлдөр байдагтай адил, хэдийгээр эмэгтэй хүнийг цэцэгстэй зүйрлэдэг ч тэдний дотоод ертөнцөд давтагдашгүй онцлог, гүн утга оршдогийг уг бүтээл илэрхийлнэ. Ийнхүү “Нуугдсан цэцэгс” үзэсгэлэн нь үзэгчдийг өөрсдийн дотор нуугдсан цэцэгсийг нээн илрүүлэхийг уриалсан уран бүтээлийн орон зай болж байна.

Үзэсгэлэн 2026 оны 3-р сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн