Уртнасангийн Батцоожийн дотоод ертөнц рүүгээ чиглэсэн эргэлт: “Гийчид” үзэсгэлэн

Энэ удаагийн “Гийчид” үзэсгэлэнд зураач илүү хувийн орон зай, дотоод мэдрэмж рүүгээ хандсан бөгөөд бодит дүр ба хийсвэр дүрслэлийг хослуулан, амьдралын урсгал дахь учралуудыг дүрсэлжээ.

Share
Уртнасангийн Батцоожийн дотоод ертөнц рүүгээ чиглэсэн эргэлт: “Гийчид” үзэсгэлэн
У.Батцоож.“Чанга хурц явбал өстөн олон болно. Дуугүй номхон суувал толгой дээр гарна. Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчид олон”

Э.Эмүлэн

Уртнасангийн Батцоож

Гийчид 

Монгол зураг Art 21 Gallery

2026.04.15 - 2026.05.15

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Уртнасангийн Батцоож нь 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгсжээ. Тэрээр төгсөөд уран бүтээлээсээ түр завсарлага авсан бөгөөд 2016 оноос тууштай уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. Түүний анхны бие даасан үзэсгэлэн нь 2018 онд “Ойллого” нэртэйгээр Сэнгэраги арт галерейд гарч байсан бол хоёр дахь бие даасан үзэсгэлэн нь 2022 онд “Б-Урлан-209” хэмээх өөрийн урлангийн нэртэйгээр Монгол арт галерейд дэлгэгдэж байв.

Түүний “Ойллого” үзэсгэлэнгийн бүтээлүүдэд монголчуудын аз хийморийг бэлгэдэх морь, байгалийн дүрслэлийг талстлаг бүтэц, задгай хэлбэрээр илэрхийлсэн нь абстракт экспрессионизм болон кубизмийн шинжтэй байв. Харин “Б-Урлан-209” үзэсгэлэнд түүний уран бүтээл илүү цул дүрслэлд шилжиж, амьдралын энгийн ахуйг илэрхийлэхэд чиглэсэн нь ажиглагддаг. 

Энэ удаагийн “Гийчид” үзэсгэлэнд зураач илүү хувийн орон зай, дотоод мэдрэмж рүүгээ хандсан бөгөөд бодит дүр ба хийсвэр дүрслэлийг хослуулан, амьдралын урсгал дахь учралуудыг дүрсэлжээ. Түүний хувьд “гийчид” гэх ойлголт нь зөвхөн хүмүүсээр хязгаарлагдахгүй харин амьдралд тохиогоод өнгөрөх олон мэдрэмж, бодол, дурсамж, зүүд зэрэг ухамсар ба дотоод ертөнцийн олон хэлбэрийг хамарна. Иймээс үзэсгэлэнд бодит дүрүүдээс гадна цаг хугацааны урсгал, сэтгэл зүйн төлөв байдал, уран бүтээлчийн дотоод дуу хоолой, ухамсрын шилжилтүүд шингэсэн байлаа. 

Эдгээрийг илэрхийлэхдээ тэрээр тод, ханасан өнгө, хялбаршуулсан хэлбэр, сэтгэл хөдлөлийн хүчтэй илэрхийлэл бүхий бийрийн хөдөлгөөн, бэлгэдэлт тэмдгүүдийг ашигласан нь түүний уран бүтээлд гарч буй дүрслэлийн хэлний хувьсал, илэрхийллийн шинэ шатанд шилжиж буйг илтгэнэ.

“Чанга хурц явбал өстөн олон болно. Дуугүй номхон суувал толгой дээр гарна. Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчид олон” хэмээх бүтээлд зураач залуу, идэр, ахмад насны гурван эрийн дүрийг реалист бус хэлбэрээр дүрсэлсэн нь хүний амьдралын явц дахь дотоод өөрчлөлт, сэтгэл зүйн олон давхаргыг илэрхийлжээ. Гурван дүрийг нэг түвшинд, ижил планд байрлуулсан нь тэдгээрийн аль нь ч нөгөөгөөсөө давуу бус, тэнцүү утга агуулгатайг илтгэнэ. Мөн тодорхой бус дүрслэл, өнгөний уусалт, хэмнэл нь тэдний хоорондын салшгүй холбоог мэдрүүлнэ.

У.Батцоож.“Чанга хурц явбал өстөн олон болно. Дуугүй номхон суувал толгой дээр гарна. Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчид олон.” 2025.

Хүний амьдралын үе шат бүрийн онцлог, хувьслыг зураач дүрүүдийн харц, нүүрний хувирал, өнгөний шийдлээр илэрхийлсэн бөгөөд цэцгийн дүрслэлийг нэмснээр амьдралын түр зуурын чанарыг бэлгэдэн, хүний насыг цэцгийн настай зүйрлэсэн байна. Мөн зураач тус бүтээлийн ахмад насны дүрд өөрийн багш, ардын зураач Ц.Энхжаргал агсны дүрийг шингээж уран бүтээлчийн дотоод холбоо, хүндлэл, дурсамжийг илэрхийлжээ. 

Үзэсгэлэнд түүний багшаас гадна хайртай дүү охин Жаахан Долгор, бага насны дурсамжид үлдсэн гудамжны буланд цуглардаг байсан ах нар, алдарт зохиолч А.С.Пушкин зэрэг дүрүүд багтсан нь уран бүтээлийг намтарчилсан, дотоод ертөнцөд чиглэсэн шинжтэй болгосон байв. Мөн “Жүүсэнд дуртай залуу” бүтээлдээ өөрийн хөргийг шингээсэн нь “гийчид” гэх ойлголтыг өөрийн оршихуй, ухамсрын түвшинд өргөтгөн авч үзсэнийг илтгэнэ.

У.Батцоож. “Жүүсэнд дуртай залуу” 2025.

Жаахан Долгорын дүр нь үзэсгэлэнгийн голлох дүрийн үүргийг гүйцэтгэж бүтээлүүдэд гэгээлэг, тайван мэдрэмжийг дамжуулах бөгөөд зураачийн хувьд бодит дүр төдийгүй дотоод ертөнцийнх нь гэрэл гэгээ, хайр энэрлийн бэлгэдэл болсон байв. Түүнчлэн бүтээлүүдийн цаг хугацаа, орон зай нь тодорхойгүй байгаа нь зүүд, сэтгэгдлийн шинжтэй бөгөөд өнгөрсөн, одоо ба ирээдүйн салшгүй холбоо, амьдралын мөч бүрийн үнэ цэнийг дүрслэлийн хэлээр илэрхийлсэн юм.

Гэрэл зургийг: artpress.mn

 Харин “Сайн байцгаана уу?” бүтээлд нэгэн дүрийн царайг хоёр хуваан, нэг талыг энгийн эмзэг, нөгөө талыг сүүдэрлэж, нууцлаг байдлаар дүрсэлсэн нь нийгэм дахь олон дүр төрх, дүр эсгэлт, үнэн ба худлыг эргэцүүлэх боломжийг олгоно. 

У.Батцоож. "Сайн байцгаана уу?" 2026.

Зураач Уртнасангийн Батцоожийн “Гийчид” үзэсгэлэн нь уран бүтээлчийн дүрслэлийн хэлний хувьсал, дотоод ертөнц рүү чиглэсэн эргэлтийг тодорхой харуулсан, намтарчилсан шинжтэй бүтээлүүдийн цогц болж байна. Тэрээр бодит ба хийсвэр дүрслэлийг уялдуулан, “гийчид” гэх ойлголтыг зөвхөн хүмүүсийн хүрээнээс давуулж, дурсамж, мэдрэмж, ухамсрын шилжилтүүдийг багтаасан өргөн утгаар тайлбарласан нь уг үзэсгэлэнгийн гол онцлог юм. 

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн