Уран бүтээлч Б.Номин ба Д.Үүрийнтуяа нарын бүтээл Их Британийн Виктория Алберт музейн “Rising Voices” үзэсгэлэнд дэлгэгдлээ
Дэлхийн тэргүүлэх урлагийн музей болох Виктория Алберт музейд гарч буй үзэсгэлэнд анх удаа монгол орчин үеийн уран бүтээлчдийн бүтээл багтсан нь түүхэн үйл явдал юм.
А.Дуламжав
Rising Voices: Contemporary Art from Asia, Australia and the Pacific
(Өсөж буй дуу хоолой: Ази, Австрали, Пасифик арлуудын орчин үеийн урлаг)
Виктория Алберт Музей
Лондон, Их Британи
2026.05.16 - 2027.01.10
Уран бүтээлч Болдын Номин ба Дагвасамбуугийн Үүрийнтуяа нарын бүтээл Их Британийн Виктория Алберт музейд гарч буй “Өсөж буй дуу хоолой: Ази, Австрали, Номхон далайн арлуудын орчин үеийн урлаг” үзэсгэлэнд дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэн Ази, Австрали, Номхон далайн арлын орнуудын нэн орчин үеийн уран бүтээлчдийн дуу хоолойг урлагийн ертөнцийн зах хязгаар бус төв нь юм гэсэн санааг тээн дэлхийн тэргүүлэх урлагийн музей болох Виктория Алберт музейд олны хүртээл болгон хүргэж буйгаараа онцлог. Мөн тус музейд гарч буй үзэсгэлэнд анх удаа монгол орчин үеийн уран бүтээлчдийн бүтээл багтсанаар түүхэн үйл явдал болж байна.
Австралийн Брисбэйн хотын QACOMA музейн цуглуулгаас сонгосон, бүс нутгийн цар хүрээг илэрхийлж, орчин үеийн урлагийг төлөөлөл болсон 70 орчим бүтээлийг үзэсгэлэнд толилуулсан байна. QACOMA нь Queensland урлагийн музей| Орчин үеийн урлагийн музей нэрийн товчлол бөгөөд 1993 оноос хойш Ази Номхон Далайн Орчин үеийн урлагийн триенналь буюу гурван жилд нэг удаа болдог үзэсгэлэнг зохион байгуулж цуглуулгаа баяжуулсаар иржээ.
Гэрэл зургийг: artpress.mn
“Өсөж буй дуу хоолой: Ази, Австрали, Пасифик арлуудын орчин үеийн урлаг” үзэсгэлэн баримал, уран зураг, гэрэл зураг, гар урлал зэрэг урлагийн олон төрөл, уламжлалыг харуулах бөгөөд сэдвийн хувьд гурван хэсгээс бүрдэнэ. “Re-visioning History” (Түүхийг эргэн харах нь) нэртэй эхний хэсэгт түүхэн нөхцөл байдал, дотоодын хямрал, дайны нөлөөллийг уран бүтээлчид хэрхэн хүлээж авч, уран бүтээлдээ шингээснийг харуулжээ. Майкл Парековхайн “Kapa Haka (Whero)” (2003) нэртэй ширүүн дүртэй Маори хамгаалагч бүхий баримал үзэгчдийг угтаж цаашлан Австралийн уугуул иргэд, Папуа Нью Гиней, Шри Ланка, Индонез зэрэг орнуудын уран бүтээлчдийн колоничлол, дотоодын үймээн самууны түүхийг агуулсан, уламжлалт дүрслэлийн хэллэгтэй ажлууд байршжээ.
Гэрэл зургийг: artpress.mn
Дараагийн хэсэг болох “Enduring Knowledge” (Тэсвэрлэн үлдэх мэдлэг) сэдэв танхимуудад өөр өөр соёлоос гаралтай ур ухааны өв, уламжлалт материал, арга барил болон зан үйлийг орчин үед уран бүтээлчид хэрхэн үргэлжлүүлж, өөрийн бүтээлч сэтгэлгээтэй хослуулан уламжлан авч явж байгааг онцолно. Иран, Авганистан, Пакистан, Энэтхэгийн уран бүтээлчид миниатур зураг дүрслэлийн уламжлалаар дамжуулан эмэгтэйчүүдийн эрх, төр засаглалын хямрал, хавчилт зэрэг нийгэм дахь асуудлуудыг харуулсныг эндээс үзэх боломжтой. Мөн орчин үеийн урлагт гар урлалын уламжлал ямар байр суурь эзэлж байгааг Австралийн уугуул иргэдийн нэхэх аргаар бүтээсэн ажлууд болон Хавайн уламжлалт шувууны өдөн урлал зэргээр үзүүлэхийг зорьжээ. Энд мөн Хятад гаралтай ч Тианамэны бослогын улмаас Австралид суурьшсан уран бүтээлч А Шиан хэрхэн Жиндэжэны алдарт хөх цагаан шаазан урлаачдаас суралцан өөрийн соёл, уламжлал, түүхийг эргэцүүлснийг “China China” (1998) цуврал баримлаас харж болно.
Гэрэл зургийг: artpress.mn
Үзэсгэлэнгийн сүүлийн хэсэг болох “Evolving Faith” (Хувьсаж буй сүсэг бишрэл) танхимд сүсэг бишрэл, шашин шүтлэг өнөө цагийн урлагт хэрхэн илэрч буйг өгүүлнэ. Энд монгол зургийн уламжлал хэрхэн буддын шашны урлагийн дүрслэлийн хэлэмж, арга барилыг агуулан орчин цагийн Монголын нийгэм, соёлыг байдлыг илэрхийлж буйг Б.Номингийн “Labyrinth game” (2012) ба Д.Үүрийнтуяагийн “Path to wealth” (2013) бүтээлүүдээр өгүүлэхийг зорьжээ. Энэхүү хоёр бүтээл 2015 оны 11-р сараас 2016 оны 10-р сар хүртэл үргэлжилсэн 8 дахь удаагийн Asia Pacific Triennale (APT8) үзэсгэлэнд сонгогдон оролцож хожим QACOMA музейн цуглуулгад багтжээ. “Өсөж буй дуу хоолой” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс гадна тус музейн цуглуулгад Б.Номингийн “Tomorrow” (2014), “The Cup of Life” (2023) мөн Д.Үүрийнтуяагийн “Tumbash model XQ” (2014), “Unnamed energy” (2014) зэрэг бүтээлүүд хадгалагддаг байна.
Үзэсгэлэнг зохион байгуулагчдын хувьд дэлхийн нийт хүн амын 60 хувь оршин суудаг Ази, Австрали, Номхон далайн арлууд хэмээн тодорхойлсон асар уудам бүс нутагт амьдарч буй уран бүтээлчид, тэдгээрийн соёл, бүтээл туурвилын уламжлал орчин цагт хэрхэн илэрч байгааг дөрөвхөн танхимд багтаан харуулах гэсэн нь өргөж дийлэхгүй ачааг үүрэхийг оролдсон мэт. Нөгөөгөөр одоог хүртэл Евроамерик төвт сэтгэлгээнд баригдан орших орчин үеийн урлагийн ертөнцийг тэнцэтгэх оролдлого, зүтгэл юм. Энд монгол орчин үеийн урлагийн тэргүүлэх уран бүтээлчдийн дуу хоолой багтаж, төлөөлөл болж буй нь олзуурхалтай.