Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ “Савдаг” үзэсгэлэнгээ CAB орон зайд нээлээ

Share
Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ “Савдаг” үзэсгэлэнгээ CAB орон зайд нээлээ
Гэрэл зургийг: artpress.mn

Савдаг IIII.I

CAB урлагийн орон зай

Улаанбаатар, Монгол улс

2026.03.10 - 2026.03.14

“Савдаг IIII.I” үзэсгэлэн нь уран бүтээлч Батчулууны Бат-Эрдэнэ буюу BAAG-ийн тав дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд савдаг хэмээх сэдвийг хөндсөн дөрөв дэх бие даасан үзэсгэлэн юм. Савдаг нэрийн дор өмнө нь "Тэнгэрт нэгэн удаа (2018), Хүүднэс (2022), Амилалт (2023) гэсэн гурван үзэсгэлэн толилуулж байсан билээ. Газар усны эзэд гэгддэг савдгийн удаах хувилбараа тэрээр САВ урлагийн орон зайд ил болгож байна. Уран бүтээлчийн тайлбарласнаар "Cавдаг өөрийг нь ойлгохгүй, хүн төрөлхтөн савдгийг яаж ойлгохоо мэдэхгүй байгаа учраас өөр өөр хэлбэрээр гарч ирсээр л байна."

Дэлхий ертөнц тэр чигтээ ус байсан талаар бага насандаа нэгэн хичээл дээр сонссоноос хойш энэ ойлголт Б.Бат-Эрдэний ой санамжид тодоор бичигдэн үлджээ. Үүнээс үүдэн түүний хувьд ертөнц өөрөө ус байгаад, уснаас үүссэн юм бол ус бол тархи юм байна гэсэн бодлоос энэ удаагийн савдаг бий болсон бөгөөд өмнөх бүтээлүүдтэй нь мөн уялдана.

2021 онд Хөх Нар Монголын Орчин Үеийн Урлагийн Төвийн зүгээс Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт зохион байгуулсан Булаг Арт Кэмп 2021-д оролцох үеэр Б.Бат-Эрдэний бүтээсэн “Ус” бүтээлд ус бол тархи гэх санаа өмнө мөн илэрч байсан. Туул голын ай сав газар болон хүрээлэн буй орчин нь Улаанбаатар хотоос улбаалан ихэд гэмтэж, голын ус бохирдолтой, эргэн тойрны мод хөх сааралтаж, хүйтэн өнгөтэй болсныг хараад хүн шээх болгондоо тархи руугаа шээж байгаа юм байна гэх бодол төржээ. Булаг Арт Кэмпд оролцож байх үеийн аагим халуунд хажуугаар урсаж байсан голын усанд шумбаад ормоор байвч цэвэр тунгалаг усгүйн улмаас таван литрийн цэвэр усны савыг бөөрнөөс нь цоолон хүйтэн ус хийж, хөлөө дүрэх сэдэл төрж, үйлдлийн болон олон нийтийг хамруулсан “Ус” нэртэй ажлаа гүйцэтгэсэн байна. 

Гэрэл зургийг: artpress.mn

Материалын хувьд өмнө нь савдаг керамикаар илэрч байсан бол энэ удаад уран бүтээлч загасны яс, куб хэлбэрийн карказан дотор нарийн тогтолцоо, тэнцвэрийг олж татсан утас, гэрэл болон проекторын тусгал ашиглажээ. Тэрээр загасны ясыг анх удаа ашигласан бөгөөд лусын амьтны элементийг ашигласнаараа усны эзэн савдаг ямар байж болохыг үзэгчдэд харуулна. Савдгийг агаарт хөөргөх утаснууд нь бурхан зургийн тигийг санагдуулах бөгөөд амин судлыг нь улаан утсаар ялгаж өгсөн нь тун онцлог. Б.Бат-Эрдэнэ удаагийн савдгаараа дамжуулан хурц, хэрцгий бус нандин, хэврэг тогтолцоог илэрхийлэхийг зорьжээ. 

“Савдаг IIII.I” үзэсгэлэнд тусгайлан зориулсан дуу авианы бүтээлийг уран бүтээлч О.Анхбаяр зохиосон байна. Түүний хувьд Б.Бат-Эрдэний бүтээлийн элементүүд, утсан дээр гүйлдэх гэрлийн тусгалын хэмнэл, савдаг тус бүрийн хэлбэр, оршин буй орон зайнаас мэдэрсэн мэдрэмжээ дуу авиагаар илэрхийлсэн нь үзэсгэлэнгээс авах мэдрэмжийг улам тодосгоно.

Гэрэл зургийг: artpress.mn

Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нь 1983 онд Улаанбаатар хотноо төрж өссөн, баримал, видео, инсталляц зэрэг олон төрлийн медиаг хослуулан бүтээлээ туурвидаг уран бүтээлч. Тэрээр Монголын Урлагийн зөвлөлийн Улаан гэр, ХААН Банкны галерей, 976 галерей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, MN17 галерей болон Плэйтайм наадам, Чойжин Ламын музейн гадаа орон зайд бүтээлүүдээ толилуулж байжээ. Мөн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам, Голландын Today’s Art Festival, Норвегийн Insomnia Festival, Солонгосын Чонжу Биенналь, Лэнд Арт Монголиа Биенналь зэрэг олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд уригдан оролцож байсан туршлагатай уран бүтээлч юм.

“Савдаг IIII.I” үзэсгэлэн 2026 оны 3-р сарын 14-ний өдөр хүртэл САВ урлагийн орон зайд гарна. 

May be an image of ‎text that says '‎a CAB SAVDAG SAV ر HIU BAAG SOLO EXH EXHIBITION KHUKH NAR ЛoP"CAB" " CAB! ART SPACE MARI MAR10-13 10 -13 10-13‎'‎

Read more

Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Марко Пологийн нас барсны 700 жилийн ойд зориулан Венецийн Биенналийн зүгээс Монгол улсад толилуулж буй “Where Splendid Horses Run” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Баатарзориг болон С.Долгор нарын бүтээл дэлгэгдэнэ.

Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"

Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"

БНСУ-ын Гванжу хот ба тус хотын  шилдэг уран бүтээлчдийг хилийн чанадад сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг "Соёлт хот Гванжу" үзэсгэлэн 2026 онд Улаанбаатар хотноо "Бие биедээ тусах гэрэл" нэртэйгээр Уран Зургийн Галерейд гарч байна.

“График 2026” үзэсгэлэн: Монгол ба Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн

“График 2026” үзэсгэлэн: Монгол ба Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн

“График 2026” үзэсгэлэн нь Монгол, Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг танилцуулахаас гадна график урлагийн чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийн бүтээлүүдийг олон нийтэд толилуулж буйгаараа онцлогтой.