Британийн музейд самурайн соёлын тухай үзэсгэлэн дэлгэгдэнэ

Share
Британийн музейд самурайн соёлын тухай үзэсгэлэн дэлгэгдэнэ

"Самурай"

Британийн музей 

Лондон, Их Британи

2026.02.03 - 2026.05.04

Британийн музейд 2026 оны 2-р сард нээгдэх гэж буй “Самурай” нэртэй томоохон үзэсгэлэн нь сүүлийн мянга гаруй жилийн туршид самурай нар хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг өгүүлэх бөгөөд тэдний тухай домог болон дүр төрх нь хэрхэн бүтсэнийг харуулах шинэлэг үзэсгэлэн болох юм. Дундад зуунаас авхуулаад самурайнууд янз бүрийн зорилгоор зохиомол түүх домгийг уугуул Япон болон гадаад оронд түгээж энэхүү домог нь ч хувьсан өөрчлөгдсөөр өдийг хүржээ. 

Үзэсгэлэнд Британийн музейн цуглуулга болон дотоод, гадаадын 29 музейн цуглуулгаас бүрдсэн 280 гаруй үзмэр, дижитал материал дэлгэгдэнэ. Эдгээр үзмэрүүдээр дамжуулан Японы дайчин ангийн олон зуун жилийн туршид бүрэлдэн тогтсон өвөрмөц дүр төрхийг олны хүртээл болгох аж. 

Японд муша эсвэл буши хэмээгддэг самурайнууд 1100-аад оноос эхлэн дайн тулаанд оролцож, улмаар улс төрийн ноёрхлыг гартаа авчээ. 1615 оноос эхэлсэн энх тайван цагт тэд тулалдааны талбараас холдон, төрийн албан хаагч, эрдэмтэн судлаач, урлагийг ивээн тэтгэгчдийн үүрэг гүйцэтгэх болжээ. Энэ үед самурай ангийн тал хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байв. 19-р зууны сүүлч гэхэд тэдний удам дамжсан давуу эрхт байр суурийг халж, эх оронч үзэл, өөрийгөө золиослох сэтгэлийг сурталчилсан бушидо-гийн домог хүчтэй дэлгэрсэн байна.

Үзэсгэлэнд анх удаа олны хүртээл болох үзмэр цөөнгүй бөгөөд үүнд Британийн музей саяхан шинээр худалдан авсан, тансаг хийцийн самурайн иж бүрдэл хуяг дуулга багтана. Цахилдаг цэцгийн навч хэлбэртэй, алтадсан туг бүхий дуулга нь эзнээ танигдахуйц болгохоос гадна сүр хүчийг нь илтгэх зорилготой байжээ.

©Британийн музей

Үзэсгэлэн нь зөвхөн зэр зэвсэг, хуяг дуулгаар хязгаарлагдахгүй. Уран зураг, модон барын хэвлэл, ном судар, хувцас хэрэглэл, шаазан эдлэл, гэрэл зураг, мөн кино, телевиз, манга, видео тоглоом зэрэг орчин үеийн урлагийн бүтээлүүдийг хамтад нь толилуулна. Үүнд Японы нэрт уран бүтээлч Ногүчи Тэцүягийн үзэсгэлэнд тусгайлан зориулан бүтээсэн шинэ бүтээлүүд ч багтжээ.

Бас нэг онцлох үзмэр бол Жон С. Веберийн цуглуулгаас ирсэн, улаан хүрэн өнгийн эмэгтэйчүүдийн гал унтраах хүрэм, малгай юм. Эдгээрийг Эдо цайзад алба хааж байсан эмэгтэйчүүд өмсдөг байжээ. Модон барилгууд зонхилсон Эдо хотод (өнөөгийн Токио) гал түймэр маш элбэг тохиолддог байсан тул эмэгтэй гал унтраагчдийг “Эдогийн цэцэгс” хэмээн нэрлэдэг байв. Харин энэ хүрэм дээр дүрсэлсэн догшин урсгал дунд сүлжилдсэн оосорт дэгээний хээ нь галын аюулаас хамгаалахыг бэлгэддэг аж.

©Британийн музей

Миланы Тривульцио сангийн цуглуулга дахь Доменико Тинтореттогийн бүтээсэн Ито Манчёгийн ховор хөрөгт 1582 онд Ватиканд илгээсэн элчийг тэргүүлж явсан, 13 настай самурай хүүг дүрсэлжээ. Энэхүү айлчлал нь Япон улсаас Европ тивд хийсэн анхны дипломат төлөөлөгчийн айлчлал байсан бөгөөд 1545 онд португал худалдаачид, номлогчдоор дамжин Христийн шашин Японд нэвтэрсний дараахан өрнөсөн нь Япон ба өрнийн зүгийн улс хоорондын харилцааны түүхэн эргэлтийн мөч байв.

Өрнө дорнын соёл хоорондын харилцааг гүн гүнзгий тусгасан өөр нэгэн үзмэр нь Венецийн Дорно дахины урлагийн музейн цуглуулгаас ирсэн Бурбоны угсааны Генри, Бардигийн гүнтний хөрөг юм. Тэрээр 1889 онд Японд айлчлах үеэрээ өөрийн хөргийг самурай дайчны дүрээр захиалан зуруулсан байна. Сонирхолтой нь энэ үед Японд самурайн соёл хурдтайгаар мөхөж байсан бол өрнө дахинаа самурайг эсрэгээр агуу хүчирхгээр төсөөлж байсныг энэхүү хөрөг тод томруун харуулна.

Үзэсгэлэн мөн Японы хуяг дуулганаас сэдэвлэсэн Louis Vuitton брэндийн хувцас загвар, Assassin’s Creed: Shadows (2025), Nioh 3 (2026) зэрэг алдартай видео тоглоомууд зэргээр дамжуулан самурайн соёл нь орчин цагийн хувцас загвар, кино, тоглоомын ертөнцөд хэрхэн нөлөөлснийг харуулна. Nioh 3 тоглоом гэхэд л үзэсгэлэн нээгдсэнээс ердөө гуравхан хоногийн дараа худалдаанд гарах юм. Энэ бүхэн нийлээд самурайнууд өдгөө ч дэлхий даяар бүтээлч сэтгэлгээг өдөөж байгааг харуулна.

Самурай бол домог ба дурсамж, уламжлал ба шинээр бүрэлдэх түүх юм. Самурай үзэсгэлэн нь түүх хэрхэн шинэчлэгдэн бичигддэгийг мөн соёл хоорондын харилцаа солилцоогоор дамжуулан үндэсний үнэмлэхүй чанар хэрхэн бүрэлддэгийг судлан харуулах цаг үеэ олсон шинэлэг үзэсгэлэн болно.  

Үзэсгэлэн Британийн музейн Сэйнсбүри үзэсгэлэнгийн галерейд 2026 оны 2-р сарын 3-ны өдрөөс 5-р сарын 4 хүртэл үргэлжлэх бөгөөд Хуо гэр бүлийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа болно. 

Read more

Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Марко Пологийн нас барсны 700 жилийн ойд зориулан Венецийн Биенналийн зүгээс Монгол улсад толилуулж буй “Where Splendid Horses Run” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Баатарзориг болон С.Долгор нарын бүтээл дэлгэгдэнэ.

Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"

Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"

БНСУ-ын Гванжу хот ба тус хотын  шилдэг уран бүтээлчдийг хилийн чанадад сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг "Соёлт хот Гванжу" үзэсгэлэн 2026 онд Улаанбаатар хотноо "Бие биедээ тусах гэрэл" нэртэйгээр Уран Зургийн Галерейд гарч байна.

“График 2026” үзэсгэлэн: Монгол ба Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн

“График 2026” үзэсгэлэн: Монгол ба Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн

“График 2026” үзэсгэлэн нь Монгол, Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг танилцуулахаас гадна график урлагийн чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийн бүтээлүүдийг олон нийтэд толилуулж буйгаараа онцлогтой.