Q&A: Ёндонжамцын Төгөлдөр - 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлч

Share
Q&A: Ёндонжамцын Төгөлдөр -  61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлч
Уран бүтээлч Ё.Төгөлдөр. Гэрэл зургийн сурвалж: 2026 оны Монголын Павильоны зохион байгуулагчид

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь дахь Монгол улсын павильоны “Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” үзэсгэлэн албан ёсоор 5-р сарын 8-ны өдөр өдөр нээж байгаа билээ.

Энэ жил Монголын павильонд дөрвөн уран бүтээлч болох Г.Гэрэлхүү, Д.Дорждэрэм, Б.Номин, Ё.Төгөлдөр нар бүтээлээ толилуулах бөгөөд үзэсгэлэнгийн куратораар урлагийн түүхч, доктор Ц.Уранчимэг, хамтрагч куратораар Томас Эллер нар ажиллаж байгаа билээ.

Зүүн талаас: Ё.Төгөлдөр, Б.Номин, Г.Гэрэлхүү ба Д.Дорждэрэм. Гэрэл зургийн сурвалж: 2026 оны Монголын Павильоны зохион байгуулагчид.

“Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” үзэсгэлэн нь соёл иргэншлүүд хэрхэн холбогдож, харилцан хуваалцаж, эвлэрэн зохицон оршиж ирсэн түүхэн нөхцөлүүдээс гадна шашны олон ургалч үзэл ба тэвчээр хүлээц, материалын харилцан нөлөөлөл, хүн болон хүн-бус оршихуйн харилцаа зэрэг сэдвүүдийг онцлох юм. Үзэсгэлэн мөн Монголыг олон ургалч үзэл, уужим хандлага, тэсвэр хатуужил бүхий орон хэмээн харуулах үзэл баримтлалыг дэвшүүлэхээр зорьжээ.

Харин үзэсгэлэнг зохион байгуулах ажлыг Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин, Хөх Нар Монголын Орчин Үеийн Урлагийн Төв болон Биенналийн сантай хамтран хэрэгжүүлж байна.

Бид тус үзэсгэлэнг нээхээс өмнө дөрвөн уран бүтээлч тус бүрээс Венецийн Биенналийн талаар ижил асуулт асуусан бөгөөд уран бүтээлч Ёндонжамцын Төгөлдөрийн хариултыг энд хүргэж байна.

Ёндонжамцын Төгөлдөр нь 1977 онд Улаанбаатар хотноо төрсөн ба уран зураг, хар зураг, баримал, гэрэл зураг, дижитал хэвлэл, видео болон медиа зэрэг олон төрлийн хэлбэрээр бүтээлээ туурвидаг уран бүтээлч юм. Тэрээр Улаанбаатар Биенналь (2025), Тайландын Биенналь, Чианг Рай (2023), 13-р Гванжугийн Биенналь (2021), Сингапурын Урлагийн Музей (2024), Кунстхалле Дюссельдорф (2024), Констхалл Трондхайм (2019), Green Grassi галерей, Лондон (2018), Para Site, Хонконг (2017), The Drawing Center, Нью-Йорк (2016), Sculpture Center, Нью-Йорк зэрэг олон улсын томоохон байгууллагуудын үзэсгэлэнд оролцсон. Түүний бүтээлүүд Уитнигийн Америкийн Урлагийн Музей болон Фрэнсис Ж. Гринбургерийн цуглуулгад хадгалагддаг байна.

Artpress: Таны хувьд Венецийн Биенналь гэж юу вэ? Энэ хот, энэ биенналь үзэсгэлэн юуг илэрхийлдэг вэ? 

Ёндонжамцын Төгөлдөр: Би найзуудтайгаа Монгол улсын павильонд үзэсгэлэн гаргах боломж тааралдсанд гоё байна. Энэ хотод ажлаа дэглээд харах гоё л санагдаж байна.

AP: Монгол улсыг төлөөлнө гэдгийг та хэрхэн хүлээж авч байгаа вэ? 

ЁТ: Манай дэлхий дээр олон улс байгаа, олон биенналийн нэг нь гэж харж байгаа. Яг ямар шүүмж эсвэл үзэгч нарын санаа гарахыг би урьдчилан хэлэх боломжгүй байна. Монгол павильонд ажлаа үзүүлэхэд хувьдаа баяртай байна.

AP: Монголын павиольоныг танилцуулах хэвлэлийн хурал дээр оролцож байгаа уран бүтээлчид хоорондоо найзууд, нэгэн цаг үед зэрэгцэн бүтээн туурвиж байгаа найзуудтайгаа сонгогдох сайхан байна гэж хэлж байсан. Павильоныг бий болгох нэгэн зорилгын төлөө хамтдаа ажиллаж буй энэ хугацаанд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач? 

ЁТ: Тийм, энэ удаа бид олуулаа баг болж орж байгаа. Энэ мэдрэмж миний хувьд сонирхолтой л байлаа. Тийм, бид найзууд. Бид одоо цугтаа үзэсгэлэн гаргаж байгаагаар энэ бол бас туршилт байх. Ямар хүүрнэл болохыг одоо хэдэн хоногууд харуулах байх, манай кураторууд дэглэлтээ яаж шийдэх, үзэгчид юу мэдрэх одоо удахгүй харагдах байх.

AP: Биенналийн үеэр ямар уран бүтээлчийн бүтээл эсвэл аль улсын павильон таны сонирхлыг татаж байна?

ЁТ: Би 2013 оноос хойш Венецийн биенналийг үзэж яваа. Таалагдсан олон ажлууд үзсэн, энэ жил ч гэсэн бүгдийг үзнэ.

AP: Энэ жил танаас бид өөр юу хүлээж болох вэ? 

ЁТ: Шинэ ажлууд хийх гоё, санаж байгаа юмаа хийнэ. Одоохондоо төлөвлөгөө хийгээгүй л байна.

Read more

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Энэ удаагийн “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг онцлон авч үзэж, хүний үйл ажиллагаа болон хүн, байгалийн харилцан хамаарлын талаар эргэцүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

“Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлч өөрөө анагаагч, хамгаалагчийн дүрээр бүтээлүүддээ давтагдан оршиж, хүн ба байгаль хоорондын тасарсан холбоог дахин сэргээх боломжийг эрэлхийлжээ.

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн байгууллагуудын нэг болох Венецийн Биенналь өөрийн Түүхэн архивын сангийн “Тэнгэрийг бүтээгч салхи. Марко Пологийн мөрөөр Венецийн Биенналь” төслөөр дамжуулан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.