Q&A: Ганболдын Гэрэлхүү - 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлч

Share
Q&A: Ганболдын Гэрэлхүү - 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь дахь Монголын павильоны уран бүтээлч
Гэрэл зургийн сурвалж: 2026 оны Монголын Павильоны зохион байгуулагчид

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь дахь Монгол улсын павильоны “Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” үзэсгэлэн 5-р сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Энэ жил Монголын павильонд дөрвөн уран бүтээлч болох Г.Гэрэлхүү, Д.Дорждэрэм, Б.Номин, Ё.Төгөлдөр нар бүтээлээ толилуулах бөгөөд үзэсгэлэнгийн куратораар урлагийн түүхч, доктор Ц.Уранчимэг, хамтрагч куратораар Томас Эллер нар ажиллаж байгаа билээ.

Зүүн талаас: Ё.Төгөлдөр, Б.Номин, Г.Гэрэлхүү ба Д.Дорждэрэм. Гэрэл зургийн сурвалж: 2026 оны Монголын Павильоны зохион байгуулагчид

“Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” үзэсгэлэн нь соёл иргэншлүүд хэрхэн холбогдож, харилцан хуваалцаж, эвлэрэн зохицон оршиж ирсэн түүхэн нөхцөлүүдээс гадна шашны олон ургалч үзэл ба тэвчээр хүлээц, материалын харилцан нөлөөлөл, хүн болон хүн-бус оршихуйн харилцаа зэрэг сэдвүүдийг онцлох юм. Үзэсгэлэн мөн Монголыг олон ургалч үзэл, уужим хандлага, тэсвэр хатуужил бүхий орон хэмээн харуулах үзэл баримтлалыг дэвшүүлэхээр зорьжээ.

Харин үзэсгэлэнг зохион байгуулах ажлыг Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин, Хөх Нар Монголын Орчин Үеийн Урлагийн Төв болон Биенналийн сантай хамтран хэрэгжүүлж байна.

Бид тус үзэсгэлэнг нээхээс өмнө дөрвөн уран бүтээлч тус бүрээс Венецийн Биенналийн талаар ижил асуулт асуусан бөгөөд уран бүтээлч Ганболдын Гэрэлхүүгийн хариултыг энд хүргэж байна.

Ганболдын Гэрэлхүү нь Дүрслэх урлагийн дээд сургуульд монгол зургийн уламжлалд суралцаж 2010 онд төгссөн. Монгол зургийн уламжлалт арга барилыг гүнзгий эзэмшсэн, түүний дүрслэлийн баялаг хэллэгээс уран бүтээлийнхээ үндсэн санаа, урам зоригийг авдаг туршлагатай зураач юм. Түүний бүтээлд Буддын шашин, тэнгэр үзэл, ардын аман зохиолоос гаралтай дүрүүд эртний баатрууд орчин цагийн робот, машин техниктэй нүүр тулж, тулааны талбарт сүлэлдэн оршдогоороо онцлог. Түүний бүтээлүүд Герман дахь Бамберг, Диосезаны музей, Швейцар дахь Зиггийн цуглуулга, Япон дахь Фүкүокагийн Азийн урлагийн музей, Австралийн QAGOMA галерейн цуглуулгад хадгалагдаж байна.

Artpress: Таны хувьд Венецийн Биенналь гэж юу вэ? Энэ хот, энэ биенналь үзэсгэлэн юуг илэрхийлдэг вэ? 

Ганболдын Гэрэлхүү: Венецийн Биенналийг яг үнэндээ тийм ноцтой, том гэж хардаггүй. Биенналиуд дундаа тэргүүн зэргийн, шаардлага ба цензур өндөртэй гэж боддог. Ингээд хэлэхлээр ямар сонин хүн бэ гэж бодож магадгүй. Айхтар сүртэй юм бол боддоггүй ээ. 

Венец хот нь өөрөө түүхийн үнэт өвтэй, сонин содон түүхээр боссон, хотынх нь ерөнхий харагдах байдал нь ч тэр сүнслэг орчин юм шиг санагддаг. Биенналь энэ хотод зохион байгуулагддаг нь оновчтой шийдэл гэж хардаг. 

AP: Монгол улсыг төлөөлнө гэдгийг та хэрхэн хүлээж авч байгаа вэ? 

ГГ: Монголыг төлөөлж биеннальд оролцох болоход айхтар сандраагүй, шинэ бүтээл хийгээд оролцох юм байна даа л гэж бодсон. Хариуцлага гэж хүлээж авна гэхдээ надад хичээх ёстой юм байна гэдгийг хамгийн ихээр бодогдуулсан зүйл бол манай баг. Дөрвөн уран бүтээлчийн арын ажлыг зохицуулж, баг болж ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь уран бүтээлчид. Энэ хүмүүс баг болж арын албанд ажиллаж байгаа нь надад хамгийн их хариуцлагыг мэдрүүлж, сандралыг төрүүлж байсан.

AP: Монголын павиольоныг танилцуулах хэвлэлийн хурал дээр оролцож байгаа уран бүтээлчид хоорондоо найзууд, нэгэн цаг үед зэрэгцэн бүтээн туурвиж байгаа найзуудтайгаа сонгогдох сайхан байна гэж хэлж байсан. Павильоныг бий болгох нэгэн зорилгын төлөө хамтдаа ажиллаж буй энэ хугацаанд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач? 

ГГ: Монгол зургийн ангийн оюутан байхдаа монгол зургаар төгссөн өмнөх үеийнхнийхээ ажлуудыг хардаг байсан. Тэр үед Б.Номин эгч байлаа. Дэрмээгийн (Д.Дорждэрэм) төгсөөд удаагүй байхдаа гаргасан амжилт мөн оюутан байхад нь ямар хүн, ямар бүтээл хийдэг вэ гэдгийг ажигладаг байлаа. Ё.Төгөлдөр ахыг сургууль төгссөн хойноо мэддэг болсон. Энэ гурван хүний бүтээл, юу хийдгийг оюутан байх үеэсээ ажиглаж, сонирхож, хүндэлдэг байлаа. Бүтээлийг нь харж, суралцаж, хүндэлдэг байсан хүмүүстэйгээ нэг баг болж биеннальд оролцоно гэдэг бол их гоё сайхан мэдрэмж байсан.

Энэ Павильоныг бий болгохын тулд гурван уран бүтээлчдээс гадна бусад уран бүтээлчидтэйгээ хамтран баг болсон. “Team Mongolia” гэж бидний уриа байгаа юм. Энэ нь Монголын дүрслэх урлагийн төлөө цаашаа олон хүнд урам дэм, олон хүнд сайн сайхан үүд хаалгыг нээгээсэй гэсэн хүсэл дээр суурилсан.  

Баг болж ажиллах болсон бас нэг шалтгаан нь Монголын дүрслэх урлагийн экосистем нь бүрэлдэхүүн муутай, галерейнууд мэргэжлийн ажиллагаа муутай. Гэтэл уран бүтээлч нар нь байгаад, зүтгээд, цааш явах боломж нь харагдаад байдаг. Бидний өмнөх үеийн уран бүтээлчдийн хувьд цааш явах боломж байсан ч үүд хаалга нь нээгдэж өгдөггүй байсан. Үүний хэцүү талыг мэддэг болохоор нэг баг болж Венецийг Биеннальд орохыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн. 

AP: Биенналийн үеэр ямар уран бүтээлчийн бүтээл эсвэл аль улсын павильон таны сонирхлыг татаж байна?

ГГ: Одоогоор сонирхсон уран бүтээлч, павильон гэж байхгүй. Тийм хүлээлт тавиагүй байгаа.

AP: Энэ жил танаас бид өөр юу хүлээж болох вэ? 

ГГ: 2025 онд эхэлсэн цуврал ажлуудаа дуусгах санаа байна. Хажуугаар нь гурван хэмжээст буюу баримлын ажил эхлүүлэх төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ ажлуудаа энэ жилдээ үзэсгэлэн болгох төлөвлөгөөгүйгээр ажиллаж байгаа. 

Read more

Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Марко Пологийн нас барсны 700 жилийн ойд зориулан Венецийн Биенналийн зүгээс Монгол улсад толилуулж буй “Where Splendid Horses Run” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Баатарзориг болон С.Долгор нарын бүтээл дэлгэгдэнэ.

Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"

Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"

БНСУ-ын Гванжу хот ба тус хотын  шилдэг уран бүтээлчдийг хилийн чанадад сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг "Соёлт хот Гванжу" үзэсгэлэн 2026 онд Улаанбаатар хотноо "Бие биедээ тусах гэрэл" нэртэйгээр Уран Зургийн Галерейд гарч байна.

“График 2026” үзэсгэлэн: Монгол ба Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн

“График 2026” үзэсгэлэн: Монгол ба Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн

“График 2026” үзэсгэлэн нь Монгол, Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг танилцуулахаас гадна график урлагийн чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийн бүтээлүүдийг олон нийтэд толилуулж буйгаараа онцлогтой.