Q&A: Даваагийн Дорждэрэм - 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь дахь Монголын Павильоны уран бүтээлч

Share
Q&A: Даваагийн Дорждэрэм -  61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь дахь Монголын Павильоны уран бүтээлч
Уран бүтээлч Д.Дорждэрэм. Гэрэл зургийн сурвалж: 2026 оны Монголын Павильоны зохион байгуулагчид

Q&A: Даваагийн Дорждэрэм -  61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь дахь Монголын Павильоны уран бүтээлч

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь дахь Монгол улсын павильоны “Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” үзэсгэлэн албан ёсоор 5-р сарын 8-ны өдөр нээлтээ хийсэн билээ.

Энэ жил Монголын павильонд дөрвөн уран бүтээлч болох Г.Гэрэлхүү, Д.Дорждэрэм, Б.Номин, Ё.Төгөлдөр нар бүтээлээ толилуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн куратораар урлагийн түүхч, доктор Ц.Уранчимэг, хамтрагч куратораар Томас Эллер нар ажилласан.

Зүүн талаас: Ё.Төгөлдөр, Б.Номин, Г.Гэрэлхүү ба Д.Дорждэрэм. Гэрэл зургийн сурвалж: 2026 оны Монголын Павильоны зохион байгуулагчид

“Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” үзэсгэлэн нь соёл иргэншлүүд хэрхэн холбогдож, харилцан хуваалцаж, эвлэрэн зохицон оршиж ирсэн түүхэн нөхцөлүүдээс гадна шашны олон ургалч үзэл ба тэвчээр хүлээц, материалын харилцан нөлөөлөл, хүн болон хүн-бус оршихуйн харилцаа зэрэг сэдвүүдийг онцолсон. Үзэсгэлэн мөн Монголыг олон ургалч үзэл, уужим хандлага, тэсвэр хатуужил бүхий орон хэмээн харуулах үзэл баримтлалыг дэвшүүлэхээр зорьжээ.

Харин үзэсгэлэнг зохион байгуулах ажлыг Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин, Хөх Нар Монголын Орчин Үеийн Урлагийн Төв болон Биенналийн сантай хамтран хэрэгжүүлж байна.

Бид павильоны дөрвөн уран бүтээлч тус бүрээс Венецийн Биенналийн талаар ижил асуулт асуусан бөгөөд уран бүтээлч Даваагийн Дорждэрэмийн хариултыг энд хүргэж байна.

Д.Дорждэрэм нь Улаанбаатар хотноо ажиллаж амьдардаг уран бүтээлч бөгөөд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангид суралцаж 2005 онд төгссөн. Тэрээр орчин үеийн урлагийн олон талт илэрхийлэл, мультимедиа бүхий бүтээлүүд туурвисаар ирсэн бөгөөд нь тэдгээр нь баримал, хоёр хэмжээст бүтээл, инсталляцын заагийг бүдгэрүүлж, зарим тохиолдолд биет бүтээл нь үйл хөдлөлийн бүтээлийнх нь нэгэн хэсэг болж харилцан хэлбэрээ өөрчилнө. Тэрээр 2014 оноос хойш Хүн.Байгаль.Хайр.Эрх Чөлөө орчин үеийн урлагийн бүтээлчдийн нэгдлийг үүсгэн байгуулж хамтын бүтээлүүдээрээ танигдсан билээ. Дорждэрэмийн бүтээлүүд Монголын Уран зургийн галерей, Японы Фукуока Музей, Сингапурын Урлагийн Музейн цуглуулгад хадгалагддаг бөгөөд 2008 онд Сингапурт дэлгэгдсэн бүтээл нь нэр хүндтэй APB Сангийн Сигнатур Арт шагналын эзнээр тодорч байсан. Мөн тэрээр Герман, Сингапур, Бельги, Япон, Хятад, Франц, Итали зэрэг улс орнуудад зохиогдсон үзэсгэлэн, урлагийн наадмуудад амжилттай оролцож байсан түүхтэй.

Artpress: Таны хувьд Венецийн Биенналь гэж юу вэ? Энэ хот, энэ биенналь үзэсгэлэн юуг илэрхийлдэг вэ? 

Даваагийн Дорждэрэм: Миний хувьд Венецийн Биенналь бол дэлхийн орчин үеийн урлагийн хамгийн том уулзвар. Венец хот өөрөө түүх, ус, задрал, дурсамж зэрэг олон давхар мэдрэмжийг агуулдаг нь их онцгой санагддаг. Тэр орчинд урлаг үзнэ гэдэг өөрөө маш хүчтэй туршлага байдаг.

AP: Монгол улсыг төлөөлнө гэдгийг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?

ДД: Маш том хариуцлага гэж хүлээж авч байгаа. Урлаг спорт шиг өрсөлдөөн биш ч, дэлхийн хамгийн том урлагийн платформ дээр Монголын орчин үеийн урлагийг төлөөлнө гэдэг өөрөө нэр төрийн хэрэг. Монголын орчин үеийн урлагийн дуу хоолойг илүү олон хүнд хүргэх боломж гэж бодож байна.

AP: Энэхүү павильоныг бий болгох нэгэн зорилгын төлөө хамтдаа ажиллах үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

ДД: Нэг цаг үед зэрэгцэн уран бүтээлээ хийж ирсэн найзуудтайгаа хамт оролцож байгаа нь хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Бидний хооронд олон жилийн ойлголцол, итгэлцэл байдаг учраас энэ павильон их органик байдлаар бүтэж байна гэж санагдаж байгаа.

AP: Биенналийн үеэр ямар уран бүтээлчийн бүтээл эсвэл аль улсын павильон таны сонирхолыг татав?

ДД: Биенналь дээрх бараг бүх павильоныг үзсэн. Тэр дундаас Тайван, АНУ-ын павильонууд болон Жиардини орчим дахь үндсэн павильонуудын шийдлүүд их сонирхол татаж байсан. Ер нь тухайн улс өөрийн орчин үеийн урлагийн хэлээ яаж гаргаж ирж байгааг харах надад хамгийн сонирхолтой байлаа.

AP: Энэ жил танаас бид өөр юу хүлээж болох вэ? 

Энэ жилдээ тайван ажиллана. Харин ирэх жилийн хавар гарах баримал голлосон бие даасан үзэсгэлэндээ илүү анхаарч байна.

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн