НордАрт 2026 олон улсын үзэсгэлэн Монголын орчин үеийн урлагийг онцолно
“Салхи ба сүнслэг оршихуйн завсар – орон зайн мөрүүд” тусгай төслийн хүрээнд Монголоос 14 уран бүтээлч оролцохоор сонгогджээ.
НордАрт 2026
Бюдельсдорф хот, Герман
2026.06.06 - 2026.10.04
НордАрт олон улсын үзэсгэлэн нь дэлхийн орчин үеийн урлагийн нэр хүндтэй платформуудын нэг юм. 2026 оны НордАрт үзэсгэлэн 6-р сарын 6-ны өдрөөс 10-р сарын 4-ний хооронд Германы Бюдельсдорф хотын Күнстверк Карслхютте урлагийн цогцолборт зохион байгуулагдана.
Тус олон улсын үзэсгэлэн нь Карслхютте төмөрлөгийн үйлдвэрийн барилга, талбайг Европын хамгийн том орчин үеийн урлагийн үзэсгэлэнгийн орон зай болгож хувиргадаг билээ.
Энэ жилийн НордАртын ерөнхий куратораар Волфганг Грамм, Инга Ару, Тасо Грамм нар ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэн онцлох хөтөлбөр, гурван тусгай төсөл ба 2025 оны шагналтнуудыг хэсэг зэргээс бүрдэнэ. Монгол уран бүтээлчдийн хувьд энэ удаад куратор О.Оюунтуяагийн тодорхойлсон “Салхи ба Сүнслэг Оршихуйн Завсар – Орон Зайн Мөрүүд” тусгай төслийн хүрээнд оролцох юм.

2026 оны НордАртын онцлох хөтөлбөр болох “Vilnius – Riga – Tallinn: Notes from the Fringe” (Вильнүс-Рига-Таллин: Зах хязгаарын тэмдэглэл) үзэсгэлэн нь Балтын тэнгисийн орнууд болох Литва, Латви, Эстони улсын уран бүтээлчдийг онцлох бөгөөд куратораар Меда Норбутаитэ ажиллажээ. Европын хувьд эмзэг, ээдрээтэй геополитикийн бүс нутагт амьдрах уран бүтээлчид хэрхэн өөрийн гэсэн онцгой мэдрэмж бүхий уран сайхны хэллэгийг бий болгодог болохыг үзэсгэлэнд толилуулах юм. Үзэсгэлэнд оролцож буй хорин хоёр уран бүтээлч тогтворгүй, хурдтай өөрчлөгдөж буй дэлхий дээрх эмзэг байдал, харьяалал, хурцадмал байдлыг хэрхэн мэдэрч, илэрхийлж буйг харуулах юм.
Тусгай төслүүд:
1.“Салхи ба Сүнслэг Оршихуйн Завсар – Орон Зайн Мөрүүд”

Монголын орчин үеийн урлагийн төлөөлөл бүхий арван дөрвөн уран бүтээлчдийн бүтээл НордАртын тусгай төслүүдийн нэг болон оролцож байгаа билээ. Энэхүү төслийг куратор Оюунжаргалын Оюунтуяа “Салхи ба Сүнслэг Оршихуйн Завсар – Орон Зайн Мөрүүд” хэмээн нэрлэсэн нь сонгогдсон бүтээлүүдийн хандлагаас улбаатай. “Салхи” нь хөдөлгөөн, хувьсал, байгалийн үл үзэгдэх хүчийг илэрхийлэх бол “сүнс” бол дотоод мэдрэмж, дурсамж, ухамсрыг бэлгэднэ. Эдгээр хоёр түвшин огтлолцсоноор материаллаг ба биет бус оршихуйн давхарга зэрэгцэн оршиж, хүн, байгаль, орон зайн харилцааг шинэ өнцгөөс мэдрүүлэх боломжийг нээнэ хэмээжээ. Тус үзэсгэлэнд уран бүтээлч Ж.АНУнаран, Б.Болормаа, Д.Булгантуяа, Б.Дөлгөөн, Ц.Хандмаа, Лхажав, Б.Нямхүү, О.Ням-Очир, У.Одмаа, М.Отгонтуул, Оюун-Эрдэнэ, Н.Сүхбүрэн, Э.Цолмонбат, Ж.Түвшинжаргал нарын бүтээл дэлгэгдэх юм.
Уран бүтээлийн хувьд салхи, уулс, задгай хээр талын архетип дүрслэлүүд бүхий уран зураг, керамик, уран баримал, инсталляц, текстиль болон холимог медиа ажлууд багтжээ.
Мөн НордАрт үзэсгэлэн нээгдхээс өмнө керамик уран бүтээлч Н.Сүхбүрэн, У.Одмаа болон уран барималч Ж.Түвшинжаргал нар Берлин хотноо зохиогдсон солилцооны хөтөлбөрт оролцон үзэсгэлэнд зориулсан шинэ бүтээл туурвижээ. Тэд тус бүрийн бүтээл туурвилдаа ашигладаг материалын мөн чанар, хувирал, ажиллах арга барилдаа төвлөрөн уран бүтээлийн судалгаа явуулсан байна.
2. Landscape of Thought - орчин үеийн Хятадын урлаг

НордАртын тусгай төслийн нэг болох “Landscape of Thought” (Бодол санааны зураг) үзэсгэлэнгээр дамжуулан орчин үеийн Хятадын урлагийг олны хүртээл болгохыг зорин куратор Тасо Грамм ба Хуан Зафт нар хамтран ажиллажээ.
Тэдний өгүүлснээр Хятадын соёл нь эрс тэс, эсрэгцлүүдийг зөрчил бус харин харилцан биеэ нөхөх хүч гэж ойлгодог сэтгэлгээний уламжлалтай бөгөөд энэхүү үзэл Хятадын орчин үеийн урлагийн суурь мэдрэмжийг тодорхойлдог байна. Үүний дагуу үзэсгэлэнд Хятадын уламжлалт каллиграф, сонгодог гар урлалын элементүүд аж үйлдвэрийн бүтэц болон орчин үеийн медиа хэлбэрүүдтэй огтлолцон орших аж.
3. Silsila - Төв азийн эмэгтэй уран бүтээлчид

“Silsila” (араб хэлээр “гинж” эсвэл “удмын бичиг”) төсөл нь Төв азийн долоон эмэгтэй уран бүтээлчдийн бүтээлийг толилуулах бөгөөд куратораар Манучехр Кудратор ажиллажээ. Исламын шашны Суфи урсгалд “silsila” хэмээх ойлголт нь үеэс үед дамжих мэдлэгийн хэлхээ, дамжлагын шугамыг илэрхийлдэг. Аливаа нийгэмд соёлын ой санамжийг амьд байлгаж, хойч үедээ дамжуулдаг хүмүүс нь ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Тус үзэсгэлэн энэхүү үл үзэгдэх уламжлалын дамжлагыг мэдрэх боломжийг олгох бөгөөд өнгөрсөн ба одоо, зан үйл ба өдөр тутмын амьдрал, хувь хүний илэрхийлэл ба хамтын дурсамжийн хоорондох холбоосыг харуулах юм. “Silsila” үзэсгэлэн нь ACO Wagenremise баримлын цэцэрлэгт хүрээлэнд байрлана.
4. Бернд Рейтэрын “Irony of Fate”

“Irony of Fate” буюу “Хувь тавилангийн ёжлол” хэмээх том хэмжээний мультимедиа инсталляцаараа уран бүтээлч Бернд Рейтэр дэлхий дахины хүчний тэмцлийн эмгэнэлт үр дагаврыг харуулах юм. Америкийн санхүүгийн ноёрхлыг илэрхийлэх хуучны лимузин машинууд Оросын цэргийн хүчний сүрдмээр дүрслэлийн дор бут цохигдохын хажуугаар хөдөлгөөнт дүрсүүд дайны дүр төрхийг тасралтгүй давталтаар харуулна. Энэхүү бүтээл нь өнөөгийн цаг үеийг дүрслэн үзүүлж, хариуцлага, ойлголт болон хүчирхийллийн хэвлэл мэдээллийн байнгын оршихуйтай холбоотой асуултуудыг хөнджээ.
НордAрт Шагналын эзэд:
2025 оны НордАрт Шагналыг Екатерина Захарова хүртсэн бөгөөд тэрээр энэ удаад “Human Being Mosaic” хэмээх цувралаараа бүтээлээрээ эргэн ирнэ. Мөн үзэгчдийн шагналын эзэд болох Виеслав Сметек, Ронен Шарабани, Пол Кричли нар энэ жилийн үзэсгэлэнд шинэ бүтээлүүдээ толилуулах аж.
НордАрт олон улсын үзэсгэлэнд сонгогдсон нийт уран бүтээлчдийн нэрсийн жагсаалттай энд танилцана уу.