Хөх Нар Орчин Үеийн Урлагийн Төвийн “CAB” урлагийн орон зайг танилцуулж байна

Share
Хөх Нар Орчин Үеийн Урлагийн Төвийн “CAB” урлагийн орон зайг танилцуулж байна
Гэрэл зургийг: artpress.mn

Монголын орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл болох Хөх Нар Орчин Үеийн Урлагийн Төв “CAB” нэртэй уран бүтээлчдийн орон зайг нээж орчин үеийн урлагийн олон талт илэрхийлэл, туршилт, судалгаа, хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Хөх Нар Монголын Орчин Үеийн Урлагийн Төв нь 2002 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын орчин үеийн урлагийн уран бүтээлчдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг идэвхтэй зохион байгуулсаар ирсэн билээ. Хөх Нар Төвийн хувьд Улаанбаатар театр, Байгалийн түүхийн музей гэх мэтчилэн өөр өөр байршлууд, орон зайд үйл ажиллагаагаа явуулж үзэсгэлэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн бол энэ удаад “САВ” орон зайгаар дамжуулан биет орон зайд эргэн ирлээ. 

Гэрэл зургийг: artpress.mn

Нэрийн хувьд хоёр утгыг илэрхийлэх бөгөөд латинаар “CAB” нь Contemporary Art Bar буюу орчин үеийн урлагийн бар гэсэн үгийн товчлол бол харин кириллээр уншвал “САВ” буюу ямарваа нэгэн зүйлийг агуулах, дүүргэх сав гэсэн утгыг агуулна. Тэгвэл энэ савыг юугаар дүүрэх вэ? “CAB” нь уран бүтээлчдийн үзэсгэлэн, перформанс, видео арт, судалгаанд суурилсан төсөл, хэлэлцүүлэг, боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх орон зай бөгөөд орчин үеийн урлагийг олон нийтэд ойртуулж, үзэгчидтэй шууд харилцах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголын орчин үеийн урлагийг олон улсын түвшинд холбох чухал платформ болохоор зорьж байгаа юм байна.

"САВ" урлагийн орон зайг Хөх Нар Төвийн гишүүд хамтран байгуулсан бөгөөд уран бүтээлчид өөрсдөө үйл ажиллагааг нь хариуцан авч явна. Тэдний зүгээс Хөх нар төвийн гишүүн байхаас үл хамааран төрөл бүрийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахад нээлттэй бөгөөд дотоод, гадаадын уран бүтээлчдийн хамтарсан төслүүд, судалгаа, солилцоог идэвхтэй дэмжин ажиллана гэдгийг онцолсон юм.

2026 оны 1-р сарын 27- ний өдөр нээгдсэн цагаас хойш “CAB” урлагийн орон зайд уран бүтээлч Б.Хишигсүрэнгийн "Хулан" үзэсгэлэн, Б.Цэрэннямын “Psychedelicprism ба Demi Moors” гэрэл зургийн үзэсгэлэн, нээлттэй микрофон болон дуу хөгжмийн олон арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Харин дараачийн арга хэмжээ болох уран бүтээлч Б.Бат-Эрдэний “Савдаг” үзэсгэлэн маргааш буюу 2026 оны 3-р сарын 10-ны өдөр нээлтээ хийх бөгөөд 3-р сарын 14 хүртэл үргэлжилнэ. 

“CAB” урлагийн орон зай

Хаяг: Төв шуудангийн хойно, Монтел төвийн баруун хойно, Эрдэнэс Таван толгой оффисийн баруун талд, Гэрэл төвийн 1-р давхар

И-мэйл: cab.ulaanbaatar@gmail.com

Instagram: @khukhnar.cab

Facebook: Сав арт спэйс / Cab art space / khukhnar.cab

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн