Ёндонжамцын Төгөлдөрийн "Wolf Loving Princess" үзэсгэлэн Бангкокийн VER галерейд гарч байна

Share
Ёндонжамцын Төгөлдөрийн "Wolf Loving Princess" үзэсгэлэн Бангкокийн VER галерейд гарч байна
Гэрэл зургийг VER Галерей ба уран бүтээлчийн зөвшөөрлөөр ашиглав (Courtesy of Gallery VER and the artist)

Wolf Loving Princess

VER Галерей

Бангкок, Тайланд улс

2026.02.21-2026.04.25

Уран бүтээлч Ёндонжамцын Төгөлдөрийн Тайланд дахь анхны бие даасан “Wolf Loving Princess” үзэсгэлэн Бангкок хотноо VER галерейд гарч байна.

Энэхүү үзэсгэлэнд тэрээр “Wolf Loving Princess” нэртэй шинэ бүтээлийн цувралаа танилцуулж байгаа бөгөөд хэл, домог зүй, зүүд ба мөрөөдөл хоорондын харилцааг уран сэтгэмжээр судалсан бүтээлүүдийг толилуулж байна. Тус шинэ цувралыг бүтээхэд амьтны ертөнц гол эх сурвалж болж, хүн ба зэрлэг байгаль хоорондох заагийн тухай эргэцүүлэхийг уриална.

Ё.Төгөлдөр нь 1977 онд Улаанбаатар хотноо төрсөн ба уран зураг, хар зураг, баримал, гэрэл зураг, дижитал хэвлэл, видео болон медиа зэрэг олон төрлийн хэлбэрээр бүтээлээ туурвидаг уран бүтээлч юм. Тэрээр 2026 оны 5-р сард нээлтээ хийх 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчийн нэгээр сонгогдсон билээ.

“Wolf Loving Princess” үзэсгэлэн. Гэрэл зургийг VER Галерей ба уран бүтээлчийн зөвшөөрлөөр ашиглав (Courtesy of Gallery VER and the artist).

“Wolf Loving Princess” үзэсгэлэнд ном, уран зураг, баримал, видео инсталляц, дуу авианы зэрэг олон төрлийн бүтээл дэлгэгджээ. Уран бүтээлч хагас уран сэтгэмжит “орчуулгын” аргачлалаар монгол бичиг, “Animal Mongolian” хэмээх бичиг, бинар код, англи хэл зэргийг ашиглан хүний ертөнцийг үл үзэгдэх оршихуйтай үзэгчийг холбоно. “Sarah” болон “Connor” нэрсийг “гүнж” болон “чононд хайртай” хэмээн шинээр буулгаж, цааш дэлгэрүүлсэн нь мөн үзэсгэлэнгийн концепц, үзэл санааны эхлэх цэг болсон аж.

Үзэсгэлэнгийн куратор Риркрит Тираванижагийн үзэсгэлэнд зориулсан бичвэрт Ё.Төгөлдөр өөрийн үзэсгэлэнгийнхээ тухай ийнхүү өгүүлжээ:   

“Миний хүү Улаадай принтерт маш их дуртай. Тэр тоглоомуудаа сканердаж, манай гэрийн бүхий л орон зайг дүүргэхээр тасралтгүй зураг хэвлэдэг. Принтер гэрт байхгүй үед ч тэр боломжтой бүх “принтер” шиг гадаргууг ашиглан хэвлэмэл зургуудаа байрлуулна. Хана, хөргөгчийн завсар, хаалганы доогуур шургуулах гэх мэт дүүргэнэ. Би түүний бүтээлч байдлыг нэгэн төрлийн мессеж гэж харж, түүнд илүү анхаарал хандуулж эхэлсэн. Хэрэв би харж буй зүйлээ бичиж, өөрийн олон давхар орчуулгын аргаараа хөрвүүлбэл яах бол? Тэгвэл энэ нь эдгээр тайллуудыг тээсэн “могой” болон хувирах юм.

Би өөрийгөө сонирхолтой жижиг деталь олж харах чадвартай гэж боддог. Тэдгээрийг богино бичлэг, зураг, ноорог хэлбэрээр цуглуулдаг. Дараа нь эдгээр деталь дээр тулгуурлан уран сэтгэмжийн өгүүлэмж бий болгодог бөгөөд тэр нь энэ дэлхий дээрх сониуч оршихуйн цаг хугацааг илэрхийлдэг мэт санагддаг. Манай гариг дээрх бүхий л амьд биет миний сонирхлыг татдаг бөгөөд нээлттэй, уран сэтгэмжийг бүтээхийн тулд зарим түүхийг анхааралтай сонгон авдаг. Мөн би уран сэтгэмжийн элементүүдийг бүтээх дуртай.”

Уг үзэсгэлэнд мөн өмнө нь Сингапурын Урлагийн музейд дэлгэгдэж байсан Ё.Төгөлдөрийн 2015 оноос хойш хөгжүүлж буй “Falcon” (2011) цуврал, Францын KADIST урлагийн төвийн цуглуулгад хадгалагддаг “Serpent” зэрэг чухал бүтээлүүд багтсан гэдгээрээ мөн онцлог.

VER галерей нь 2006 онд Бангкок хотод уран бүтээлчдийн санаачилгаар байгуулагдсан галерей юм. Тус галерей нь концептуал урлагаар дагнасан болон төрөл бүрийн медиагаар ажилладаг уран бүтээлчидтэй хамтран ажилладаг байна. 

Read more

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Өөрчлөгдөх боломж, ухамсарлах шаардлагын тухай сануулах “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн

Энэ удаагийн “Сүүлчийн зүүд” үзэсгэлэн нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг онцлон авч үзэж, хүний үйл ажиллагаа болон хүн, байгалийн харилцан хамаарлын талаар эргэцүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэн ба эмзэг байгаль дэлхийн хамгаалагч байх нь

“Зээр юу зүүдэлсэн бэ?” үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлч өөрөө анагаагч, хамгаалагчийн дүрээр бүтээлүүддээ давтагдан оршиж, хүн ба байгаль хоорондын тасарсан холбоог дахин сэргээх боломжийг эрэлхийлжээ.

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Венецийн Биенналийн “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн Марко Пологийн мөрөөр Монголд ирлээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн байгууллагуудын нэг болох Венецийн Биенналь өөрийн Түүхэн архивын сангийн “Тэнгэрийг бүтээгч салхи. Марко Пологийн мөрөөр Венецийн Биенналь” төслөөр дамжуулан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.