“График 2026” үзэсгэлэн: Монгол ба Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн

“График 2026” үзэсгэлэн нь Монгол, Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг танилцуулахаас гадна график урлагийн чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийн бүтээлүүдийг олон нийтэд толилуулж буйгаараа онцлогтой.

Share
“График 2026” үзэсгэлэн: Монгол ба Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн

График 2026

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

2026.06.13 - 2026.06.20

Э.Эмүлэн

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “График 2026” уламжлалт бар зургийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн дэлгэгджээ. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнийн санаачилгаар Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй төслийн нэгэн хэсэг юм. Төслийн хүрээнд ХБНГУ-ын Райнэ болон Эссен хотуудад хоёр орны график урлагийн уран бүтээлчдийн солилцооны хөтөлбөр болон сургалтыг зохион байгуулсан байна. 

“График 2026” үзэсгэлэн нь Монгол, Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг танилцуулахаас гадна график урлагийн чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийн бүтээлүүдийг олон нийтэд толилуулж буйгаараа онцлогтой. Үзэсгэлэнд хоёр орны 50 гаруй уран бүтээлчийн төрөл бүрийн график бүтээлүүд дэлгэгджээ.

График урлаг нь хавтгай, хоёр хэмжээст гадаргуун дээрх бүхий л урлагийн илэрхийллийг багтаадаг дүрслэх урлагийн өргөн ойлголт юм. Үүнд гар зураг, иллюстраци, бар зураг, гэрэл зураг, дижитал зураг зэрэг олон төрөл багтдаг. Үзэсгэлэнгийн дийлэнх бүтээлүүдийг барлах аргаар бүтээсэн байлаа.

Барлах урлаг гэдэг нь эх бар ашиглан дүрсийг цаасан дээр буулгах урлаг юм. Энэ нь дотроо модон бар, чулуун бар, төмөр бар, торгон бар, хулдаасан бар, зэс бар зэрэг олон техниктэй бөгөөд техник бүр өөрийн гэсэн өвөрмөц илэрхийлэлтэй байдаг. Түүнчлэн, монотип, дижитал офорт, офорт зэрэг онцлог техникийг ч мөн ашигласан бүтээлүүд байв. Эдгээрээс монотип нь нэг удаагийн, цор ганц, давтагдашгүй хэвлэл бүтээдгээрээ онцлогтой юм.

Бүтээлүүдээс график урлагийн олон төрлийн техникийн гайхамшгийг харахын зэрэгцээ уран бүтээлчдийн ялгаатай хэв маягийг мэдрэх боломжтой байлаа. Герман уран бүтээлчдийн бүтээлүүд нь ихэвчлэн дотоод ертөнц, сэтгэл зүйн төлөвийг эргэцүүлсэн абстракт шинжтэй байсан бол Монгол уран бүтээлчдийн дүрслэлд эх орон, газар нутаг, хүн ба байгалийн холбоо, уламжлалт соёлын сэдэв түлхүү зонхилж байв. Энэ нь  хоёр орны соёлын онцлог төдийгүй монголчуудын ертөнцийг үзэх үзэл, сэтгэхүйн хэв маягийг илтгэнэ.

Тухайлбал, уран бүтээлч Б.Намуун болон З.Уянга нарын бүтээлд хоёуланд нь “араг” дүрслэгдсэн боловч агуулга, илэрхийллийн хувьд өөр өөр шийдэлтэй байв. Монголчуудын аж амьдралын салшгүй хэрэгсэл болох араг нь элбэг дэлбэг амьдрал, эд баялгийг бэлгэддэг. Б.Намууны бүтээлд араг дангаар гол дүрслэл болон гарч, бэлгэдлийн утгыг нь төвд авчирсан бол З.Уянгын бүтээлд “араг түүж буй эхнэр”-ийн дүрээр дамжуулан монгол ардын домог, итгэл үнэмшлийг өгүүлжээ. Тодруулбал, “эмэгтэй хүн аргал түүхдээ урдаа байгаа зовлон бэрхшээлийг араг давуулан шиддэг” гэх уламжлалт ойлголтыг бүтээлдээ шингээснээрээ онцлог байлаа.

Гэрэл зургийг: artpress.mn

Уран бүтээлч Ц.Нармандахын бүтээлүүд тод өнгө, хэмнэлтэй дүрслэлээрээ орчин үеийн поп урлагийг санагдуулах атлаа эртний хадны сүг зургийн хэллэгийг ашигласнаараа онцлог байв. Тэрээр “Нүүдэл”, “Наадам”, “Цагаан сар”, “Нэг өдөр” зэрэг бүтээлүүддээ Монголын уламжлалт баяр ёслол, ахуй амьдралын чухал үйл явдлуудыг дүрсэлжээ. Ингэхдээ эртний дүрслэлийн хэлбэрийг орчин үеийн өнгө, найруулгатай хослуулснаар өнгөрсөн ба одоо цагийн холбоо, соёлын уламжлалын залгамж чанарыг тодотгосон байна.

Гэрэл зургийг: artpress.mn

Эдгээрээс гадна Э.Энхзаяа, Х.Сүрэн, З.Уянга, Л.Бумандорж, Д.Баярцэцэг, Н.Зулцэцэг зэрэг олон уран бүтээлчид уламжлалт соёлын сэдвээс ангид, хувь хүний дотоод ертөнц, абстракт дүрслэл зэрэг олон талт агуулгыг бүтээлдээ тусгажээ. Ингэснээр үзэсгэлэн нь орчин үеийн график урлагийн сэдэв, илэрхийллийн өргөн хүрээг таниулж байв.

Мөн үзэсгэлэнгийн хугацаанд уран бүтээлчид өөрсдийн туршлага, арга барил, судалгааны ажлаа хуваалцсан илтгэл, хэлэлцүүлэг болон бар зураг хэвлэх сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. Эдгээр арга хэмжээ нь уран бүтээлчдийн харилцан суралцах, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үзэгчдийг график урлагийн онол, практикт илүү ойртуулж, уг урлагийн төрлийг гүнзгий ойлгоход дэмжлэг үзүүлж байна.

Read more

Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Марко Пологийн нас барсны 700 жилийн ойд зориулан Венецийн Биенналийн зүгээс Монгол улсад толилуулж буй “Where Splendid Horses Run” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Баатарзориг болон С.Долгор нарын бүтээл дэлгэгдэнэ.

Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"

Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"

БНСУ-ын Гванжу хот ба тус хотын  шилдэг уран бүтээлчдийг хилийн чанадад сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг "Соёлт хот Гванжу" үзэсгэлэн 2026 онд Улаанбаатар хотноо "Бие биедээ тусах гэрэл" нэртэйгээр Уран Зургийн Галерейд гарч байна.