Бэхэн зургийн гайхамшиг: М.Болортуяагийн “Бэхэн Сүлдэр” бие даасан үзэсгэлэн

Share
Бэхэн  зургийн гайхамшиг: М.Болортуяагийн “Бэхэн Сүлдэр” бие даасан үзэсгэлэн
М.Болортуяа. "Сүүлчийн тулаан" 2026.

Мөнхжаргалын Болортуяа

“Бэхэн Сүлдэр” үзэсгэлэн

Лхам галерей

2026.05.23-2026.06.23

А.Ганзаяа

Мөнхжаргалын Болортуяа нь СУИС-ын ДУДС-ийг дүүргэсэн бөгөөд өдгөө зураач-урлагийн бүтээл сэргээн засварлагч, хүүхдийн номын зураачаар ажилладаг. Түүний бүтээлүүд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Итали, Турк, Камбож зэрэг олон улсын үзэсгэлэнгүүдэд  дэлгэгдэж байжээ. 

2016 онд “Арт Болориа-Амьтад”, 2018 онд “Арт Болориа-Өхөөрдөм амьтад”, 2021 онд “Жигүүр”, 2023 онд “Анхны хавар”, 2024 онд “Этүгэн” зэрэг хэд хэдэн бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байжээ. Энэ удаа тэрээр Лхам галлерейд  “Бэхэн Сүлдэр” хэмээх ээлжит үзэсгэлэнгээ дэлгэлээ. “Сүлдэр” хэмээх үгийг монгол хэлний тайлбар  толинд  “сүлд, сүр жавхлан, эз совин, сүг сүнс” хэмээн тайлбарлажээ. 

М.Болортуяа. "Ижил" 2026.

Зураач Болортуяагийн хувьд амьтдын дүрслэлийг өөрийн гол илэрхийлэмж болгон ашигладаг бөгөөд энэхүү шалтгаанаа sonin.mn сайтад өгсөн нэгэн ярилцлагадаа “Би бага байхаасаа л амьтанд хайртай, нохойтой их найзалдаг байлаа. Хайр татам бяцхан амьтдад маш их дурладаг. Амьтад чинь өөрөө их өргөн сэдэв. Тэгээд л “анималиит” урсгалаар дагнасан даа.” хэмээн тайлбарлажээ.

Үзэсгэлэнгийн  танхимд байх бүтээлүүд сүрлэг, хүч чадалт амьтдыг хар цагаан өнгө болоод гэрэл сүүдрийн эсрэгцлээр дүрсэлсэн байх бөгөөд үзэсгэлэнгийн дэглэлт өөрөө гэрэл сүүдрийн тоглолт болоод нам гүм байдал дээр төвлөрөн бэлтгэгдсэн нь ажиглагдав. Ингэснээр үзэсгэлэнгийн танхим, бүтээлүүд нэгэн цул болж, нам гүм дунд хүчит банхар архирч, морьд давхиж, барс ноцолдох мэт санагдана. 

Түүний бүтээлүүд бэх, усан будаг, цаас гэсэн гурван зүйлээс бүрдэх ба үүн дээр зураач бэхийн техник, ур чадварыг ашиглан динамик бөгөөд урсамтгай  хөдөлгөөн, хар цагааны эсрэгцэл дээр суурилсан тэнцвэрт агшныг бүтээдэг байна. 

“Бэхэн сүлдэр” үзэсгэлэн. Гэрэл зургийг: artpress.mn

Бүтээлүүдэд дүрслэгдсэн амьтад нь бидний тэр бүр таарч хараад байдаггүй  сүрлэг,  догшин амьтад байх бөгөөд амьтдын дүрслэл реалист шинжтэй аж. Гэвч цааш нь сайтар ажиглавал амьтан бүр ямар нэгэн өгүүлэмжийг харуулахаас гадна зургийн хүрээ, арын дэвсгэр дэх ууссан дүрслэл нь сүнслэг мэдрэмжийг төрүүлнэ. Үүнээс үзвэл зураачийн “Хамгаалалт, тэнцвэр, сүнслэг, амар амгалангийн энергийг орон зайд түгээхийг зорьсон” хэмээсэн нь биеллээ олсон мэт. 

М.Болортуяагийн сонгогдсон үзэсгэлэнгүүдээс  дурьдвал, Камбожийн “16th Asia Art Alliance Exhibition” (2024), “Korea & Mongolia” (2024), Хятадын “Second Qingdao International Watercolor Festival” (2025), “Бүхэл-The Whole” (2026) эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн зэрэг болно. 

“Бэхэн сүлдэр” үзэсгэлэнгээс та бүхэн бэхэн гайхамшгаар бүтээсэн сүнслэг, сүр хүчит амьтдын догшин ширүүн, энхрий, зөөлөн төрхийг, цаашлаад тэдний мөн чанар, өгүүлэмжийг тодхон харах боломжтой. 

Read more

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

М.Батзоригийн "Гарц ба Орц" үзэсгэлэн: Монголын дүрслэх урлагийн контемпорари хандлага хааш чиглэнэ вэ?

“Exit and Entry” үзэсгэлэн B Contemporary Art Gallery 2026.09.04 - 2026.09.27 А.Ганзаяа Март овогтой Батзориг нь 2001 онд ДУДэС-ийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр, 2003 онд СУИС-ийг “Монголын уран зургийн хийсвэр сэтгэлгээний зарим онцлог” сэдвээр магистр, 2022 онд “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

Б.Баттогтохын “Hope” үзэсгэлэн: оршихуйн үргэлжлэлд үлдэх ба үлдээх үр

“HOPE” үзэсгэлэн CAB урлагийн орон зай 2026.09.07 - 2026.09.12 Э.Эмүлэн Уран бүтээлч Б.Баттогтохын “HOPE” бие даасан үзэсгэлэн CAB урлагийн орон зайд гарч байна. “HOPE” хэмээх нэр нь “Итгэл найдвар” хэмээн орчуулагдахаас гадна “Humanity, Origin, Planet, Existence” гэх үгсийн эхний үсгийн нийлбэр юм. Үүнээс тус үзэсгэлэнгийн

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

"ҮсэгТоо" нэгдэл анхны үзэсгэлэнгээ толилуулж байна

“Хотын чимээ” үзэсгэлэн 2026.08.07 - 2026.08.30 B Contemporary Art Gallery Э.Эмүлэн “Хотын чимээ” үзэсгэлэнд орчин үеийн Улаанбаатар хотын үзэгдэл, нийгмийн өөрчлөлт, хүний өдөр тутмын амьдралыг уран бүтээлчид өөр өөрсдийн өнцөг, арга барилаар илэрхийлжээ. Тус үзэсгэлэн нь 2025 онд байгуулагдсан залуу уран бүтээлчдийн “ҮсэгТоо” нэгдлийн анхны үзэсгэлэн