Артпресс санал болгож байна: 2026 онд хэвлэгдсэн Монголчуудын соёл, урлагийн тухай шинэ номнууд

Share
Артпресс санал болгож байна: 2026 онд хэвлэгдсэн Монголчуудын соёл, урлагийн тухай шинэ номнууд

2026 он талдаа ороод буй энэ үед редакцийн зүгээс энэ онд хэвлэгдсэн Монголчуудын урлаг, соёлын холбогдолтой судалгааны бүтээлүүд болон каталогуудаас танилцуулж байна.

Британи Дахь Монголын Түүх, Соёлын Өв

Редактор Сю Берн

Чингис хаан Үндэсний Музей

2026 оны 2-р сар

Чингис хаан Музейн зүгээс “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг 2014 оноос хойш санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх, мэдээллийн сан үүсгэх зорилготой төсөл юм. Тус төслийн хүрээнд хэвлэгдсэн цувралын 13 дахь боть болох “Британи Дахь Монголын Түүх, Соёлын” Өв номд Их Британи дахь музей, номын сан, архив болон хувь цуглуулгуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өвүүдийг нь дээжлэн сонгож хэвлүүлсэн анхны бүтээл билээ. 

“Дэлхийд тархсан Монгол өв” цувралаар өмнө нь ОХУ-н Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс, Хархорум хотын өв, Монголын бурхны шашны эрдэнэс, Монголын Эзэнт гүрний үеийн дурсгалууд, Монголын гоёл чимэглэл, гар урлалын дурсгалууд болон Эрхүүгийн тойргийн орон нутаг судлах музей дахь Монгол болон Дорно дахины бурхны шашны өв нэртэйгээр хэвлүүлж байжээ. Мөн Унгар, Тайвань, Япон, Дани, Норвег дахь Монголын түүхэнд холбогдох соёлын дурсгалт зүйлсийг эмхэтгэн олон нийтийн хүртээл болгож байжээ.

Venice and Mongols

Никола ди Космо (Nicola di Cosmo) ба Лорензо Пуббличи (Lorenzo Pubblici)

Орчуулагч: Силвия Нотини

Princeton University Press

2026 оны 3-р сар 

13-р зууны дунд үед Монголчуудын Европыг донсолгож эхлэх үед Венецийн худалдаачид, дипломатчид болон далайчид Дорнын алслагдсан зах зээлүүдэд хүрэх асар их боломж байгааг ойлгон Монголын эзэнт гүрэнтэй өргөн цар хүрээтэй худалдааны сүлжээ байгуулжээ. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үр дүнд бий болсон дэлхийн зах зээлд тухайн үеийн хамгийн хөгжингүй далайн хүчнүүдийн нэг болох Венец улс өрнө дорныг холбосон гүүр болж чадсан тухай “Venice and the Mongols” бүтээлд өгүүлнэ.

Зохиогчид Монголчууд Европын худалдаачдыг дэмжсэнээр эзэнт гүрний өргөн уудам нутагт бараа бүтээгдэхүүн, үзэл санааны солилцоо хэрхэн өрнөснийг тайлбарладаг. Мөн хаадтай хамтран ажилласнаар Венецийн бүгд найрамдах хот-улс аюулгүй худалдаа хийж, нөлөөгөө тэлэн, газар нутгаа зүүн тийш өргөжүүлж, Европыг шинэ зах зээлүүдэд нээж өгсөн тухай өгүүлдэг. Үүнээс гадна худалдааны арга барил, соёлын харилцаа, Марко Пологийн аяллын талаар шинэ өнцгөөс тайлбарлажээ. Мөн XIV зууны хоёрдугаар хагаст Монголын эрх мэдэл суларч Османы эзэнт гүрэн хүчирхэгжин гарч ирэх үед Венец хот-улс энэхүү шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицсоныг харуулахыг зорьсон байна.

Никола ди Космо нь Принцтоны Их Сургуулийн Ахисан түвшний Институтын Зүүн Ази судлалын  Люс Сангийн нэрэмжит профессораар ажилдаг бол Лорензо Пуббличи Наплесын Дорно дахины Их Сургуулийн эртний болон дундад зууны Төв Азийн түүх, соёлын профессор юм.

Image and Imagination in Mongolian Buddhism: Art, Texts, and Rituals

Весна А.Валлас (Vesna Wallace) ба Цүлтэмийн Уранчимэг

Columbia University Press

2026 оны 4-р сар

Монголын Буддын шашинд судар бичиг, зан үйл болон дүрслэх урлаг хоорондоо салшгүй нягт холбоотой байдаг боловч эдгээрийг ихэвчлэн тусад нь судалсаар иржээ. Энэхүү ном нь 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеийн Монголын Буддын шашныг судалсан шинэлэг, салбар хоорондын судалгаа бөгөөд өмнө нь төдийлөн судлагдаагүй бичгийн болон дүрслэх урлагийн эх сурвалжуудад тулгуурлажээ.

Шашин судлаач Весна Валлас болон урлаг судлаач Цүлтэмийн Уранчимэг нар өөрсдийн мэдлэг, туршлагаа нэгтгэн, ном бичиг болон дүрслэлийн хэлбэрүүд Монголын Буддын шашныг бүрдүүлж, хадгалж ирснийг харуулжээ. Үүнд хувь хүний болон хамтын төсөөлөл нь бясалгал, зан үйл, урлагийн олон илэрхийллүүдийн гол цөм болохыг нотолж, шашин, соёлын туршлага болон уламжлалыг хэрхэн бий болгосоор ирснийг тайлбарласан байна. Мөн тус бүтээл Монголын Буддын шашны эрдэмтэн, сэтгэгч лам нар болон уран бүтээлчид тухайн цаг үеийн улс төрийн үйл явдлуудад хэрхэн хариу үйлдэл үзүүлж, шашны үзэл бодол болон нийгмийн асуудлуудаа хэрхэн илэрхийлж байсныг авч үзжээ.

“Art and Imagination” бүтээлд төдийлөн танигдаагүй үнэт өвүүдийг онцлон харуулж, арвин зураг дүрслэлээр баяжуулсан Монголын Буддын шашны ном судар, урлагийн бүтээлүүд болон зан үйлийн уламжлалын талаар цоо шинэ ойлголтуудыг дэвшүүлсэн байна.

Весна А.Валлас Калифорнийн Их Сургууль, Санта Барбарагийн Шашин судлалын тэнхимийн хүндэт профессор юм. Харин урлагийн түүхч Цүлтэмийн Уранчимэг нь Индианагийн Их Сургуулийн Херон Урлаг Дизайны Сургуулийн дэд профессорын албыг хашдаг билээ.

The Khan and the Unicorn: Mongol Empire and Qing Knowledge in the Making of World History

Матью В. Моска (Matthew W. Mosca)

Harvard University Press

2026 оны 4-р сар

“The Khan and the Unicorn” номд Чингис хааны байлдан дагууллын талаар тархай бутархай хадгалагдсан мэдээ баримтуудыг 17-19-р зууны үед өөр өөр улс орны түүхчид хэрхэн нэгэн цогц өгүүлэмж болгон хувиргасан талаар өгүүлнэ. Зохиогч Матью Моска Хятад, Манж, Монгол болон Европ улс орнуудын хэл дээрх сурвалжуудад тулгуурлан Монголын эзэнт гүрний түүх судлалыг Чин гүрний нийслэл Бээжин хотноо хэрхэн шинээр бичсэн талаар судалжээ. Манж Чин гүрэн энэхүү түүх бичлэгийн өөрчлөлтийг манлайлж, олон хэлтэй мэргэжилтнүүдийг томилон түүхэн мэдээллийг нэгтгэж, шинэлэг судалгааны бүтээлүүдийг туурвих ажлыг зохион байгуулсан байна. Ийнхүү Бээжин, Парис, Санкт Петербугр болон Токиог дамнасан мэдлэгийн сүлжээ хэрхэн бүрэлдэн талаар Матью Моска судалгааны бүтээлдээ тайлбарлажээ. Монголын эзэнт гүрнийг магтан сайшаасан ч бай, буруутган шүүмжилсэн ч бай, эцэстээ түүний эзэнт гүрний хүч чадал нь дэлхийн түүхийг хөдөлгөсөн гол хүчин зүйлүүдийн нэг болохыг нийтээр хүлээн зөвшөөрөхөд хүрсэн юм.

Матью В. Моска нь Вашингтоны Их Сургуулийн түүх болон олон улс судлалын дэд профессор юм.

The Woven Image: The Making of Mongol Art in the Yuan Empire 

Ёнг Чо (Yong Cho) 

Yale University Press

2026 оны 6-р сарын 26-нд хэвлэлтээс гарна

Урлагийн түүхч Ёнг Чо Монголын эзэнт гүрний дүрслэх урлагийн соёлд оруулсан хувь нэмрийг ихэвчлэн үл тоомсорлох хандлагыг “The Woven Image: The Making of Mongol Art in the Yuan Empire” бүтээлээрээ өөрчлөн, Юань гүрний Монголчууд өөрсдөө урлагийн салбарт идэвхгүй оролцогчид байсан гэсэн ташаа ойлголтыг залруулахыг зорьжээ.

Тэрээр Юань улсын үеэс үлдэж хоцорсон хамгийн алдартай нэхмэл дүрслэлүүдийн нэг болох Жигжид бурхны мандал бүтээлийг судалгааныхаа цөм болгон авч үзсэнээрээ Монголын дүрслэх урлагийн соёл Хятад болон Зүүн Азийн урлагийн түүхэнд ямар гүнзгий нөлөө үзүүлснийг харуулжээ. Ёнг Чогийн үзэж буйгаар Монголын хаад тухайн үеийн дүрслэх урлагт эрс шинэчлэн авчирсан туршилтуудыг дэмжиж, Еврази даяарх уран бүтээлчид болон урлалын арга техникүүдийн хөдөлгөөн, харилцааг идэвхжүүлсэн байна. Үүний үр дүнд нэхмэл дүрслэлүүд нь урьд өмнө байгаагүйгээр улс төрийн болон шашин-ёс заншлын эрх мэдлийн бэлгэдэл болсон хэмээн тайлбарласан байна.

Ёнг Чо нь Калифорнийн Их Сургуулийн Урлагийн түүхийн тэнхимийн туслах профессор юм. 

Read more

Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Венецийн Биенналийн “Where Splendid Horses Run” тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна

Марко Пологийн нас барсны 700 жилийн ойд зориулан Венецийн Биенналийн зүгээс Монгол улсад толилуулж буй “Where Splendid Horses Run” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Баатарзориг болон С.Долгор нарын бүтээл дэлгэгдэнэ.

Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"

Солонгос ба Монгол уран бүтээлчдийн "Бие биедээ тусах гэрэл"

БНСУ-ын Гванжу хот ба тус хотын  шилдэг уран бүтээлчдийг хилийн чанадад сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг "Соёлт хот Гванжу" үзэсгэлэн 2026 онд Улаанбаатар хотноо "Бие биедээ тусах гэрэл" нэртэйгээр Уран Зургийн Галерейд гарч байна.

“График 2026” үзэсгэлэн: Монгол ба Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн

“График 2026” үзэсгэлэн: Монгол ба Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүн

“График 2026” үзэсгэлэн нь Монгол, Германы уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг танилцуулахаас гадна график урлагийн чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийн бүтээлүүдийг олон нийтэд толилуулж буйгаараа онцлогтой.