2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Зүүн Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Зүүн Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

Венецийн Дүрслэх Урлагийн Олон Улсын Биенналийн гол цөм нь тухайн цаг үеийн урлагийн өнгийг тодорхойлон харуулах зорилготой, ерөнхий кураторын удирдлага дор зохион байгуулдаг үндсэн үзэсгэлэн юм. Энэ жилийн үндсэн үзэсгэлэн куратор Койо Коүогийн санаачилгын дагуу “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Харин үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын өөрийн албан ёсны павильонууд байрладаг бөгөөд тэндээ улс бүр нэг эсвэл хэд хэдэн уран бүтээлчийг сонгон, өөрсдийн үзэсгэлэнгээ толилуулдаг билээ. Биенналийн зүгээс зөвхөн Итали улстай албан ёсны дипломат харилцаатай улс орнуудад үндэсний павильоны статус олгодог байна. Үүнээс үүдэн зарим оролцогчдын хувьд албан ёсны павильон бус “дагалдах арга хэмжээ” статусаар оролцдог.

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд оролцох албан ёсны хүсэлтээ мэдүүлэх эцсийн хугацаа энэ оны 1-р сарын 19-ний өдрөөр дуусгавар болсон. Иймд дэлхийн улс орнууд биеннальд оролцохоор сонгосон уран бүтээлч, куратор, зохион байгуулах баг зэргийг тодорхойлж олон нийтэд зарласаар байна. Тэгвэл бидний зүгээс улс орноо төлөөлөн оролцохоор сонгогдсон уран бүтээлчдийг газар зүйн бүсчлэлээр ангилан цуврал болгон хүргэж байна.

Зүүн азийн орнуудын хувьд улсаа төлөөлөн оролцох нь тодорхой болоод буй уран бүтээлч болон ямар үзэсгэлэнгийн концепцтэйгээр оролцохоо зарласныг дор толилуулж байна.

“Жаконы Полифон” гар зургийг Эрик Фок.

Макао

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаогийн үзэсгэлэн нь Биенналийн дагалдах арга хэмжээ маягаар зохион байгуулагддаг байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулалтыг хариуцан ажилдаг Макаогийн Урлагийн Музей зүгээс энэ удаад уран бүтээлчид Фок Хой Сен, О Чи Вай болон Лэй Фүн Лэн нартай хамтран “Жаконы Полифон” (Jacone’s Polyphony) нэртэй үзэсгэлэнг толилуулна. Үзэсгэлэн Чин улсын үед Макаод амьдарч байсан Хятадын зураач, шашин судлаач Вү Лигийн уран бүтээлийн замнал, өөр өөр соёлын нэгтгэл ба эрэл хайгуулыг тойрон өрнөнө. Вү Лигийн португал нэр нь Жаконэ юм. 

Үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлүүд түүх, цаг хугацаа, орон зайг дамнасан олон соёлын харилцан яриаг бий болгохоос гадна Хятад ба Өрнө дахины соёлын солилцооны чухал зангилаа болсон Макаогийн өвөрмөц ДНХ-г тодотгон харуулах зорилготой. Макаогийн павильоны куратораар Фенг Ян болон Нг Сио нар ажиллахаар болжээ.

Зүүн талаас: Бинна Чой, Гоэн Чой ба Хиэри Ро. Гэрэл зургийг Донгван Кам болон and БНСУ-ын Урлагийн Зөвлөл.

Өмнөд Солонгос 

БНСУ-ын Урлагийн Зөвлөлийн зүгээс явуулсан сонгон шалгаруулалтад 18 хүн нэр дэвшсэнээс куратор Бинна Чой сонгогдсон байна. Бинна Чой нь олон улсын биенналь үзэсгэлэнгийн хүрээлэлд нэр хүндтэй нэгэн бөгөөд 2016 оны Гванжугийн Биенналийн куратораар, 2022 оны Сингапур Biennale-ийн хамтран уран сайхны захирлаар мөн 2025 оны Хаваи Тринналийн хамтарсан куратораар ажиллаж байжээ.

Куратор Бинна Чойийн сонгосон уран бүтээлчид болох Гоэн Чой болон Хиэри Ро нартай хамтран “Чөлөөллийн орон зай” (Liberation Space ) нэртэй үзэсгэлэнг улсынхаа павильонд толилуулна. Үзэсгэлэнгийн нэр нь Япон улс Дэлхийн II дайнд ялагдсаны дараах гурван жил болон Солонгос улс колоничлолын дэглэмээс чөлөөлөгдсөн түүхэн мөчийг сануулна. “Чөлөөллийн орон зай” павильонд уран бүтээлчид “амьд хөшөө” бүтээх бөгөөд энэ нь дайны дараах мөчийн хувьсал, үргэлжлэл болон өнөөгийн геополитикийн нөхцөл дэх үндэстэн дамнасан боломжийг эргэцүүлэх орон зайг бүрдүүлэх юм.

Рафаэл Форсека (зүүн) ба Ли И-Фан (баруун). Гэрэл зургийн сурвалж: Тайпэй Урлагийн Музей.

Тайван

Тайваны хувьд мөн дагалдах арга хэмжээний хүрээнд үзэсгэлэнгээ зохион байгуулдаг бөгөөд энэ удаад эх орондоо нэрд гарч буй уран бүтээлч Ли И-Фаныг сонгосон байна. Тэрээр 2024 онд Тайбэйд төвтэй Хонг Сангаас олгодог Тунг Чанг шагналын эзэн болсон. Энэхүү шагнал нь 1 сая тайвань доллар болон шинэ бүтээл туурвих эрх болон Амстердам дахь Rijksakademie van Beeldende Kunsten-д резиденсид хамрагдах боломжийг олгодог байна. Түүний 30 минутын “What Is Your Favorite Primitive” (2023) кино нь тухайн жилийн Тайпей Биеннальд зориулж бүтээсэн бөгөөд тоглоомын дизайн болон анимэйшны технологийг ашиглан технологийн салбарын асуудлуудыг хөндсөн бүтээл юм.

Павильоныг куратороор харин Дэнвер Урлагийн Музейн орчин үеийн болон латин америкийн орчин үеийн урлагийн куратор Рафаэл Форсека ажиллах аж.

Кингсли Нг (зүүн) ба Анжел Хуи (баруун). Гэрэл зургийн сурвалж: Хонг Конгын Амралт, Соёлын Үйлчилгээний Газар.

Хонг Конг

Итали улс Хонг Конгыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөггүй тул Биеннальд албан ёсны павильон бус дагалдах арга хэмжээ статусын дор үзэсгэлэнгээ 2001 оноос хойш зохион байгуулсаар ирсэн. Хонг Конгын хувьд энэ жил зохион байгуулалтын бүтцэдээ өөрчлөлт оруулж 2013 оноос хойш павильоныг хариуцаж ажилласан M+ музейн оронд Хонг Конгын Урлагийн Музей (HKMoA) ажиллахаар болсон байна.

Мөн энэ удаад анх удаа хоёр уран бүтээлч сонгогдсон нь Анжел Хуи болон Кингсли Нг нар юм. Тэд хоёул Хонг Конг хотод төрж өссөн. Кингсли Нг нь инсталляц болон медиа уран бүтээлч бөгөөд гэрлийг үндсэн илэрхийлэх хэрэгсэл болгон ашигладаг ба үзэгчийг оролцуулдаг бүтээлүүдээрээ танигдсан уран бүтээлч. Харин Анжел Хуй нь Хятадын уламжлалт “гонби” (gongbi) зургийн арга барилаар мэргэшсэн залуу уран бүтээлч. 

Хонг Конгын Урлагийн Музей болон Хонг Конгын Урлагийн Хөгжлийн Зөвлөлийн зүгээс кураторын нэрийг хараахан зарлаагүй байна.

Дээд эгнээнд Лиса Хорикава (зүүн), Мизуки Такахаши(баруун). Доод эгнээнд Эи Аракава-Нэш. Гэрэл зургийг: Хако Хосокава.

Япон

Япон улсыг төлөөлөх Эи Аракава-Нэш нь хэдэн жилийн өмнө иргэншлээсээ татгалзсан ч эх орондоо танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч. Тэрээр Лос-Анжелест хотод ажиллаж амьдардаг. Эи Аракава уран зургийн хязгаарыг тэлж, урлангийн хаалттай орчинд буй болдог бүтээлч үйл явцыг олон нийтэд чиглэсэн перформанс болгон хувиргадаг, уран сэтгэмжтэй бүтээлүүдээрээ танигдсан. Харин Биеннальд зориулж тэрээр илүү хувийн сэдвийг хөндөхөөр болсон бөгөөд хоёр ихэр нярайн күийр эцэг тэрээр өөрийн амьдралаас сэдэвлэн “Өвсөн Хүүхдүүд, Саран Хүүхдүүд” (Grass Babies, Moon Babies) нэрэн дор үзэсгэлэнгээ толилуулна. 

Павильоны зохион байгуулагч Японы Сангийн онцолсноор энэ удаад үзэсгэлэнгээс гадна шинэлэг арга барилуудыг туршиж байгаа нь хамтарсан кураторын баг, уран бүтээлчийн санаачилсан олноос санхүүжилт босгох арга хэмжээ мөн Венец хотын оршин суугчдыг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг юм. Павильоны куратораар Сингапурын Үндэсний Галерейн ахлах куратор Лиса Хорикава болон Хонг Конгын Соёлын Өв, Урлаг, Текстилийн төвийн захирал Мизуки Такахаши нар ажиллаж байна.

Read more

Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ

Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ

“Хоёр дахь амьдрал” Трэйси Эмин Тэйт Модерн Лондон, Их Британи 2026.02.27 - 2026.08.31 Их Британий Тэйт Модерн музейд гарч буй “Хоёр дахь амьдрал” түүхэн ач холбогдолтой ретроспектив үзэсгэлэн нь Трейси Эминий 40 жилийн турш үргэлжилсэн урлагийн бүтээлч замналыг тоймлон харуулж байна. Түүний уран бүтээлийн карьерыг тодорхойлсон

2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ

2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ

“Манггус” Каллман музей Исманинг, Герман улс 2026.03.01 - 2026.06.14 Уран бүтээлч Ариунболдын Жавхлан “Манггус” нэртэй хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ Германы Каллман музейд толилуулна.  1990 онд Улаанбаатар хотод төрсөн Ариунболдын Жавхлан өдгөө Герман улсын Кёльн хотод ажиллаж амьдардаг зураач, видео уран бүтээлч. Эх нутгийнхаа домог, үлгэр,

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь энэ оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны хооронд “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Венецийн Биенналийн үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын албан ёсны павильонууд байрладаг бөгөөд тэндээ улс бүр өөрсдийн үзэсгэлэнгээ толилуулдаг билээ. Бид 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд улс

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан”  Дорнын Урлагийн музей Турин, Итали 2026.02.26 - 2026.04.07 Монголын төдийгүй дорно дахины суут уран бүтээлч Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын (1635-1723) бүтээлүүд Итали улсад олны хүртээл болсноор түүний бүтээлүүд 20 гаруй жилийн дараа анх удаа Монголоос өөр улсад дэлгэгдэж