Тэйт Модерн музейн Турбайн танхимд бүтээлээ толилуулах удаах уран бүтээлчээр Тарек Атуи сонгогдлоо

Тэйт Модерн музейн Турбайн танхимд бүтээлээ толилуулах удаах уран бүтээлчээр Тарек Атуи сонгогдлоо
Олафур Элиассон, The Weather Project, Тэйт Модерн Турбайн танхим, 2003.

Их Британийн Тэйт Модерн музей Солонгосын Хьюндай Мотор компанитай хамтран жил бүр зохион байгуулдаг нэр хүндэт Хьюндай Комишн захиалгат бүтээлийн үзэсгэлэнгийн энэ удаагийн уран бүтээлчээр Тарек Атуиг сонгосон болохоо зарлажээ. Тус үзэсгэлэн нь Турбайн танхимд толилуулдаг Хьюндай Мотор компанийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Хьюндай Комишн цувралын 11 дэх захиалгат бүтээл болно. 

Тэйт Модерн музейн Турбайн танхим нь өмнө нь цахилгаан станцын зориулалтаар ашиглагдаж байсан тул энэхүү асар уудам орон зайд тусгайлан зориулсан бүтээл толилуулах зорилгоор жил бүр нэг уран бүтээлчийг сонгож, бүтээлээрээ дамжуулан орчин үеийн урлагийн талаарх олон нийтийн ойлголтыг шинэчлэн өөрчлөхийг урьдаг байна. Турбайн танхимын 155 метрийн урттай орон зайг бүхэлд нь ашигласан анхны уран бүтээл бол Аниш Капурын “Marsyas” нэртэй бүтээл юм. Түүнээс хойш Турбайн танхимд толилуулсан алдартай бүтээлүүдээс дурдваас: 2003 оны Олафур Элиассоны цаг агаарын тухай “The Weather Project” үзэсгэлэн, 2007 оны Дорис Сальседогийн “Shibboleth” бүтээл нь Турбайн танхимын шалыг хагалж 167 метрийн урт ан цав гаргаж байсан бол, 2010 онд Ай Вэйвэйн “Sunflower Seeds” бүтээл нэг бүрчлэн гараар урласан найман сая орчим шаазан наран цэцгийн үрээс бүрдсэн, 10 тонн жинтэй уран баримлаар танхимыг дүүргэсэн байдаг.

2026 оны Хьюндай Комишныг бүтээх уран бүтээлч Тарек Атуи нь 1980 онд Бейрут хотод төрж, өдгөө Францын Парис хотод амьдарч, уран бүтээлээ туурвидаг байна. Тарек Атуи нь дуу авианы бүтээл туурвилыг уламжлалт ойлголтоос өөрөөр харуулж, шинэлэг тоглолт, инсталляциудаараа алдаршсан уран бүтээлч, хөгжмийн зохиолч юм. Хөгжмийн түүх, хөгжмийн зэмсэг, дуу бичлэгийн талаарх өргөн хүрээтэй судалгаандаа тулгуурлан тэрээр дуу авиаг хэрхэн ойлгож, мэдэрдэг талаарх ойлголтыг шинээр эргэцүүлэхүйц олон мэдрэхүйг хамарсан бүтээл туурвидаг байна.

Уран бүтээлч Тарек Атуи. Гэрэл зургийг: ©LunaConte

Түүний уран бүтээлийн гол цөм нь бусад уран бүтээлч, хөгжмийн зохиолч, уран бүтээлчидтэй хамтран зохион бүтээдэг нарийн инженерчлэлтэй, уран баримлын шинж чанартай хөгжмийн зэмсгүүд юм. Ихэвчлэн шил, ус, керамик зэрэг органик материалыг ашигласан эдгээр тусгайлан хийж, шинэлэг байдлаар сэтгэн бүтээсэн зэмсгүүд нь хүрэлцэх, амьсгалах үйлдэл болон мотороор ажиллуулах зэргээр идэвхэждэг.

Тарек Атуи эдгээр зэмсгээс гарах хөгжмийг янз бүрийн газарзүйн байршилд хураан авсан орчны дуу чимээ болон компьютероор бүтээсэн дуу авиатай хослуулж, тухайн орчинд бүрэн автуулсан инсталляци, үйлдлийн урлагийн бүтээл бий болгодог. Дуу авиаг зөвхөн сонсохоор хязгаарлахгүйгээр түүний бүтээл нь “сонсох” үйл явцыг хүрэлцэх болон харах зэрэг олон төрлийн мэдрэхүйгээр дамжуулан хэрхэн мэдэрч болохыг судалдаг.

Тарек Атуи, Improvisation in 10 days, Pirelli Hangar Bicocca, Милан, 2025. Гэрэл зургийг: © Rasa Juskeviciute.

Тэйт Модерн музейн захирлын түр орлон гүйцэтгэгч Кэтрин Вүүд хэлэхдээ: “Тарек Атуи дуу авианы хил хязгаарыг тэлсэн шинэлэг арга барилаараа олон улсын үзэгчдийг байлдан дагуулсаар ирсэн. Хөгжим, технологи, уран баримал, үйлдлийн урлагийг хослуулсан түүний олон талт уран бүтээл нь нийгэм, түүх, улс төрийн өнөөгийн бодит нөхцөлөөс эш татдаг. Архитектурын орон зай нь Атуигийн дуу авиа, чичирхийллийн талаарх судалгаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Тэйт Модерн музейн бэлгэ тэмдэг болсон Турбайн танхимын орон зайд тэрээр үзэгчидтэй хэрхэн харилцан ажиллахыг харахыг бид тэсэн ядан хүлээж байна” хэмээн онцоллоо.

Хьюндай Мотор компанийн Арт директор Ду Ёон Чой хэлэхдээ: “Тарек Атуи дуу авиаг уран баримал мэт сийлж, хөгжмийн зэмсэг, биет орон зай болон үзэгчдийг нэгтгэсэн бодитой, мэдрэхүйд хүрэх туршлагыг бүтээдэг. Арван нэгдүгээр Hyundai Commission-ийн хүрээнд түүний хамтын ажиллагаанд, туршилтад суурилсан хандлага нь хүмүүсийг өнөөгийн дэлхийн ертөнцийн талаар хамтдаа эргэцүүлэхэд нэгтгэнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэв.

Сүүлийн арван жилийн хугацаанд жил бүр зохион байгуулагдсаар ирсэн Хьюндай Комишн үзэсгэлэн нь нийт 19 сая гаруй үзэгч хүлээн авчээ. Хьюндай Комишн нь Тэйт музей болон Хьюндай Мотор компанийн хоорондын урт хугацааны түншлэлийн үр дүн бий болдог бөгөөд уг хамтын ажиллагаа 2014 онд эхэлснээр Тэйт музейн хувьд хувийн хэвшилтэй хийсэн урт хугацааны түншлэлийн хамгийн анхны жишиг болж байв. Энэхүү түншлэл нь өнгөрсөн жил сунгагдаж 2036 он хүртэл үргэлжлэхээр болсон нь талуудын орчин үеийн урлагийн олон нийтийн хүртээмжийг дэмжих урт хугацааны зорилгыг илэрхийлж байна.

Тарек Атуийн Турбайн танхим дахь үзэсгэлэн 2026 оны 10-р сарын 13-наас 2027 оны 4-р сарын 11 хүртэл олон нийтэд нээлттэй.

Read more

Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ

Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ

“Хоёр дахь амьдрал” Трэйси Эмин Тэйт Модерн Лондон, Их Британи 2026.02.27 - 2026.08.31 Их Британий Тэйт Модерн музейд гарч буй “Хоёр дахь амьдрал” түүхэн ач холбогдолтой ретроспектив үзэсгэлэн нь Трейси Эминий 40 жилийн турш үргэлжилсэн урлагийн бүтээлч замналыг тоймлон харуулж байна. Түүний уран бүтээлийн карьерыг тодорхойлсон

2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ

2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ

“Манггус” Каллман музей Исманинг, Герман улс 2026.03.01 - 2026.06.14 Уран бүтээлч Ариунболдын Жавхлан “Манггус” нэртэй хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ Германы Каллман музейд толилуулна.  1990 онд Улаанбаатар хотод төрсөн Ариунболдын Жавхлан өдгөө Герман улсын Кёльн хотод ажиллаж амьдардаг зураач, видео уран бүтээлч. Эх нутгийнхаа домог, үлгэр,

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь энэ оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны хооронд “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Венецийн Биенналийн үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын албан ёсны павильонууд байрладаг бөгөөд тэндээ улс бүр өөрсдийн үзэсгэлэнгээ толилуулдаг билээ. Бид 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд улс

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан”  Дорнын Урлагийн музей Турин, Итали 2026.02.26 - 2026.04.07 Монголын төдийгүй дорно дахины суут уран бүтээлч Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын (1635-1723) бүтээлүүд Итали улсад олны хүртээл болсноор түүний бүтээлүүд 20 гаруй жилийн дараа анх удаа Монголоос өөр улсад дэлгэгдэж