Британийн музейд самурайн соёлын тухай үзэсгэлэн дэлгэгдэнэ

Британийн музейд самурайн соёлын тухай үзэсгэлэн дэлгэгдэнэ

"Самурай"

Британийн музей 

Лондон, Их Британи

2026.02.03 - 2026.05.04

Британийн музейд 2026 оны 2-р сард нээгдэх гэж буй “Самурай” нэртэй томоохон үзэсгэлэн нь сүүлийн мянга гаруй жилийн туршид самурай нар хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг өгүүлэх бөгөөд тэдний тухай домог болон дүр төрх нь хэрхэн бүтсэнийг харуулах шинэлэг үзэсгэлэн болох юм. Дундад зуунаас авхуулаад самурайнууд янз бүрийн зорилгоор зохиомол түүх домгийг уугуул Япон болон гадаад оронд түгээж энэхүү домог нь ч хувьсан өөрчлөгдсөөр өдийг хүржээ. 

Үзэсгэлэнд Британийн музейн цуглуулга болон дотоод, гадаадын 29 музейн цуглуулгаас бүрдсэн 280 гаруй үзмэр, дижитал материал дэлгэгдэнэ. Эдгээр үзмэрүүдээр дамжуулан Японы дайчин ангийн олон зуун жилийн туршид бүрэлдэн тогтсон өвөрмөц дүр төрхийг олны хүртээл болгох аж. 

Японд муша эсвэл буши хэмээгддэг самурайнууд 1100-аад оноос эхлэн дайн тулаанд оролцож, улмаар улс төрийн ноёрхлыг гартаа авчээ. 1615 оноос эхэлсэн энх тайван цагт тэд тулалдааны талбараас холдон, төрийн албан хаагч, эрдэмтэн судлаач, урлагийг ивээн тэтгэгчдийн үүрэг гүйцэтгэх болжээ. Энэ үед самурай ангийн тал хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байв. 19-р зууны сүүлч гэхэд тэдний удам дамжсан давуу эрхт байр суурийг халж, эх оронч үзэл, өөрийгөө золиослох сэтгэлийг сурталчилсан бушидо-гийн домог хүчтэй дэлгэрсэн байна.

Үзэсгэлэнд анх удаа олны хүртээл болох үзмэр цөөнгүй бөгөөд үүнд Британийн музей саяхан шинээр худалдан авсан, тансаг хийцийн самурайн иж бүрдэл хуяг дуулга багтана. Цахилдаг цэцгийн навч хэлбэртэй, алтадсан туг бүхий дуулга нь эзнээ танигдахуйц болгохоос гадна сүр хүчийг нь илтгэх зорилготой байжээ.

©Британийн музей

Үзэсгэлэн нь зөвхөн зэр зэвсэг, хуяг дуулгаар хязгаарлагдахгүй. Уран зураг, модон барын хэвлэл, ном судар, хувцас хэрэглэл, шаазан эдлэл, гэрэл зураг, мөн кино, телевиз, манга, видео тоглоом зэрэг орчин үеийн урлагийн бүтээлүүдийг хамтад нь толилуулна. Үүнд Японы нэрт уран бүтээлч Ногүчи Тэцүягийн үзэсгэлэнд тусгайлан зориулан бүтээсэн шинэ бүтээлүүд ч багтжээ.

Бас нэг онцлох үзмэр бол Жон С. Веберийн цуглуулгаас ирсэн, улаан хүрэн өнгийн эмэгтэйчүүдийн гал унтраах хүрэм, малгай юм. Эдгээрийг Эдо цайзад алба хааж байсан эмэгтэйчүүд өмсдөг байжээ. Модон барилгууд зонхилсон Эдо хотод (өнөөгийн Токио) гал түймэр маш элбэг тохиолддог байсан тул эмэгтэй гал унтраагчдийг “Эдогийн цэцэгс” хэмээн нэрлэдэг байв. Харин энэ хүрэм дээр дүрсэлсэн догшин урсгал дунд сүлжилдсэн оосорт дэгээний хээ нь галын аюулаас хамгаалахыг бэлгэддэг аж.

©Британийн музей

Миланы Тривульцио сангийн цуглуулга дахь Доменико Тинтореттогийн бүтээсэн Ито Манчёгийн ховор хөрөгт 1582 онд Ватиканд илгээсэн элчийг тэргүүлж явсан, 13 настай самурай хүүг дүрсэлжээ. Энэхүү айлчлал нь Япон улсаас Европ тивд хийсэн анхны дипломат төлөөлөгчийн айлчлал байсан бөгөөд 1545 онд португал худалдаачид, номлогчдоор дамжин Христийн шашин Японд нэвтэрсний дараахан өрнөсөн нь Япон ба өрнийн зүгийн улс хоорондын харилцааны түүхэн эргэлтийн мөч байв.

Өрнө дорнын соёл хоорондын харилцааг гүн гүнзгий тусгасан өөр нэгэн үзмэр нь Венецийн Дорно дахины урлагийн музейн цуглуулгаас ирсэн Бурбоны угсааны Генри, Бардигийн гүнтний хөрөг юм. Тэрээр 1889 онд Японд айлчлах үеэрээ өөрийн хөргийг самурай дайчны дүрээр захиалан зуруулсан байна. Сонирхолтой нь энэ үед Японд самурайн соёл хурдтайгаар мөхөж байсан бол өрнө дахинаа самурайг эсрэгээр агуу хүчирхгээр төсөөлж байсныг энэхүү хөрөг тод томруун харуулна.

Үзэсгэлэн мөн Японы хуяг дуулганаас сэдэвлэсэн Louis Vuitton брэндийн хувцас загвар, Assassin’s Creed: Shadows (2025), Nioh 3 (2026) зэрэг алдартай видео тоглоомууд зэргээр дамжуулан самурайн соёл нь орчин цагийн хувцас загвар, кино, тоглоомын ертөнцөд хэрхэн нөлөөлснийг харуулна. Nioh 3 тоглоом гэхэд л үзэсгэлэн нээгдсэнээс ердөө гуравхан хоногийн дараа худалдаанд гарах юм. Энэ бүхэн нийлээд самурайнууд өдгөө ч дэлхий даяар бүтээлч сэтгэлгээг өдөөж байгааг харуулна.

Самурай бол домог ба дурсамж, уламжлал ба шинээр бүрэлдэх түүх юм. Самурай үзэсгэлэн нь түүх хэрхэн шинэчлэгдэн бичигддэгийг мөн соёл хоорондын харилцаа солилцоогоор дамжуулан үндэсний үнэмлэхүй чанар хэрхэн бүрэлддэгийг судлан харуулах цаг үеэ олсон шинэлэг үзэсгэлэн болно.  

Үзэсгэлэн Британийн музейн Сэйнсбүри үзэсгэлэнгийн галерейд 2026 оны 2-р сарын 3-ны өдрөөс 5-р сарын 4 хүртэл үргэлжлэх бөгөөд Хуо гэр бүлийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа болно. 

Read more

Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ

Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ

“Хоёр дахь амьдрал” Трэйси Эмин Тэйт Модерн Лондон, Их Британи 2026.02.27 - 2026.08.31 Их Британий Тэйт Модерн музейд гарч буй “Хоёр дахь амьдрал” түүхэн ач холбогдолтой ретроспектив үзэсгэлэн нь Трейси Эминий 40 жилийн турш үргэлжилсэн урлагийн бүтээлч замналыг тоймлон харуулж байна. Түүний уран бүтээлийн карьерыг тодорхойлсон

2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ

2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ

“Манггус” Каллман музей Исманинг, Герман улс 2026.03.01 - 2026.06.14 Уран бүтээлч Ариунболдын Жавхлан “Манггус” нэртэй хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ Германы Каллман музейд толилуулна.  1990 онд Улаанбаатар хотод төрсөн Ариунболдын Жавхлан өдгөө Герман улсын Кёльн хотод ажиллаж амьдардаг зураач, видео уран бүтээлч. Эх нутгийнхаа домог, үлгэр,

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь энэ оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны хооронд “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Венецийн Биенналийн үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын албан ёсны павильонууд байрладаг бөгөөд тэндээ улс бүр өөрсдийн үзэсгэлэнгээ толилуулдаг билээ. Бид 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд улс

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан”  Дорнын Урлагийн музей Турин, Итали 2026.02.26 - 2026.04.07 Монголын төдийгүй дорно дахины суут уран бүтээлч Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын (1635-1723) бүтээлүүд Итали улсад олны хүртээл болсноор түүний бүтээлүүд 20 гаруй жилийн дараа анх удаа Монголоос өөр улсад дэлгэгдэж