2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид
61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь энэ оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны хооронд “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Венецийн Биенналийн үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын албан ёсны павильонууд байрладаг бөгөөд тэндээ улс бүр өөрсдийн үзэсгэлэнгээ толилуулдаг билээ.
Бид 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд улс орноо төлөөлөн оролцохоор сонгогдсон уран бүтээлчдийг газар зүйн бүсчлэлээр ангилан цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад баруун азийн орнуудаас улсаа төлөөлөн оролцох нь тодорхой болоод буй уран бүтээлч, куратор болон ямар үзэсгэлэнгийн концепцтэйгээр оролцохоо зарласныг дор толилуулж байна.

Арабын Нэгдсэн Эмират
Арабын Нэгдсэн Эмират улсын хувьд Венецийн Биенналь дахь үндэсний павильоны куратораар Бана Каттаныг томилсноо зарласан. Тэрээр Гуггенхайм Абу Даби музейн үзэсгэлэн хариуцсан куратораар ажилдаг бөгөөд өмнө нь Чикагогийн Орчин Үеийн Урлагийн Музейд туслах куратораар ажиллаж байжээ. АНЭУ-ын үндэсний павильоны захиалагчаар Салама бинт Хамдан Ал Нахяны Сан ба Соёлын Яам нь дэмжин ажилладаг. Салама бинт Хамдан Ал Нахяны Сан нь тус улсын ерөнхийлөгч Шейх Мухаммед бин Заид Аль Нахайяны эхнэр Салама бинт Хамдан Ал Нахяны үүсгэн байгуулсан урлаг соёлыг дэмжигч, ашгийн бус байгууллага юм. Зохион байгуулагчдын зүгээс улсаа төлөөлөх уран бүтээлчийг хараахан зарлаагүй байна.

Армени
Энэ жилийн Армени улсын павильоны куратор Тони Шафрази нь 1980-аад оны Нью-Йоркийн урлагийн зах зээлд идэвхтэй байсан арт дилер бөгөөд уран бүтээлчээсээ илүү танигдсан нэгэн. Тэрээр Тина Шакарянтай хамтран павильоныг зохион байгуулна. Павильонд уран бүтээлч Задик Задикян “Студи” нэртэй үзэсгэлэнгийнхээ туршид бүрэн ажиллагаатай студи ажиллуулах юм. Тус студид янз бүрийн хэмжээ, өнгө бүхий гипсэн тоосго зэрэг объектуудыг уран бүтээлч болон түүний туслахууд бүтээж, хэвлэж, угсрах болно.“Студи” хэмээн нэрлэсэн энэхүү инсталляц нь үзэгчдийг Задик Задикяны бүтээл хийх үйл явц, материалтай шууд танилцаж, оролцох боломж олгож, бүтээл хэрхэн бүрэлдэн бий болж байгааг харах боломжийг бүрдүүлнэ. Задик Задикян нь уран бүтээлийн гараагаа нэрт уран бүтээлч Ричард Серрагийн туслахаар эхэлж байсан ба өдгөө төрөл бүрийн абстракт баримал бүтээдэг уран бүтээлч юм.

Израил
2024 оны Венецийн Биенналийн үеэр Израилын павильон Геноцид биш Урлаг Нэгдэлийн (Art Not Genocide Alliance) эхлүүлсэн эсэргүүцлийн улмаас нээлтийн өдрөө үүд хаалгаа хаасан билээ. Тэгвэл тус улс энэ жил болох Венецийн Биеннальд эргэн оролцохоор болсон байна. Израилын Соёлын яам албан ёсны мэдэгдэл гаргаагүй ч энэ жил Израилыг төлөөлөх уран бүтээлч Бэлү-Симион Фаинару ARTnews сайтад өгсөн ярилцлагадаа Израилын павильон энэ удаад Арсеналегийн талбайд байрлах бөгөөд өмнө нь байрлаж байсан Жиардинигаас нүүх болсныг дурдсан байна. Мөн тэрээр павильонд “Эс оршихын сарнай” нэртэй үзэсгэлэнгээ танилцуулахаа мэдэгдсэн байна.
Бэлү-Симион Фаинар нь Румын улсад төрсөн бөгөөд өдгөө Израйлын Хайфа хотод амьдардаг. Түүний бүтээл усыг ашигласан инсталляц байх бөгөөд таазнаас дусах усны дуслууд доош унаж усан цөөрөм үүсгэн, давалгаа ба хээ дүрс бий болгох юм. Бэлү-Симион бүтээлээ Пол Целаны шүлэгт гардаг “хар сүү”-ний дүрслэлээс мөн Иудейн шашны хоосон орон зай зэрэг ойлголтуудаас сэдэвлэжээ.

Ливан
Байгалийн үзэгдэл болон архитектураас санаа авсан абстракт бүтээлүүдээрээ танигдсан зураач Набил Нахас энэ удаагийн Биеннальд Ливаныг төлөөлнө. 1949 онд Бейрут хотод төрсөн Набил Нахас нь фрактал, геометрийн дүрс бүхий хээтэй, барзгар гадаргуутай уран зургуудаараа танигдсан уран бүтээлч юм. Түүний тод өнгөтэй бүтээлүүд уламжлалт исламын урлагийн гоо зүйг абстракт экспрессионизмтай хослуулж, ихэвчлэн эх нутгийнхаа хуш, чидун болон далдуу моддыг дүрсэлдэг. Мөн тэрээр байгалийн гоо сайхныг илэрхийлэхийн тулд далайн хясаа, од хэлбэрт далайн амьтан зэрэг органик материалыг зотон дээрээ ашигладаг онцлогтой. Харин павильоны куратороор Нада Гандур ажиллаж, Ливаны Дүрслэх Урлагийн Зөвлөл зохион байгуулж байна.

Саудын Араб
Палестин гаралтай Саудын Арабын уран бүтээлч Дана Авартани нь 2024 оны Венецийн Биенналийн үеэр Газын зурвас дахь хүчирхийлэл болон эдгэрлийг илэрхийлсэн нэхмэл эдлэл бүхий инсталляцаараа олны анхаарлыг татаж байсан билээ. Тэгвэл Дана Авартани дахин Венециийн Биеннальд эргэн ирж, энэ удаад Саудын Арабыг төлөөлөн оролцох гэж байна. Түүний павильоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа бөгөөд уг павильоны куратораар Антониа Карвер болон Хафса Алкудаири нар ажиллах юм.

Сири
Сара Шамма нь Венецийн Биенналь дахь Сирийн павильоныг төлөөлөх уран бүтээлчээр сонгогдсон бөгөөд куратораар Юко Хасегава ажиллана. Сирийн павильон нь өмнө нь ихэвчлэн Сирийн уран бүтээлчдийг олон улсын уран бүтээлчидтэй хамт бүлгээр нь танилцуулдаг байсан бол энэ удаад нэг уран бүтээлчийг онцлох юм. Павильонд толилуулах “Пальмирагийн цамхаг булш” нэртэй үзэсгэлэн нь 2024 онд Сирийн иргэний дайн дууссаны дараа тус улс болон дэлхийн улс орнууд хоорондын соёлын оролцоо дахин сэргэж буйг илтгэх аж. Үзэсгэлэнд Пальмирагийн эртний оршуулгын цамхгуудаас сэдэвлэсэн, өргөн хэмжээний, үзэгчийг оролцуулсан инсталляц дэлгэгдэнэ. Эдгээр цамхгууд нь нэгэн цагт Грек-Ром, Арамей, Араб соёлын огтлолцлын төв байж, өөр өөр шашин шүтлэг, гарал үүсэлтэй хүмүүс эв найрамдал, харилцан хүндлэл дор зэрэгцэн оршин тогтнож байсан түүхтэй.

Турк
Станбулын Соёл Урлагийн Сангийн зүгээс Турк улсыг Венецийн Биеннальд төлөөлөх уран бүтээлчээр Нилбар Гүрешийг сонгосон бол павильоны куратороор Башак Дога Темүрийг томилжээ. Нилбар Гүреш нь Станбул, Неаполь, Вена хотуудын хооронд ажиллаж амьдардаг бөгөөд баримал, инсталляц, зураг, гэрэл зураг, перформанс зэрэг олон төрлийн бүтээл туурвидаг олон талт уран бүтээлч юм. Тэрээр ихэвчлэн хувийн туршлагаасаа сэдэвлэн, хошин өнгө аястай боловч шүүмжлэлтэй бүтээлүүдээрээ жендэр, хүйсийн баримжаа, соёлын дурсамж зэрэг нийгэм улс төрийн өргөн хүрээний асуудлуудыг хөнддөг.
Башак Дога Темүр нь Станбул хотын Артер Музейн куратор болон уран сайхны хөтөлбөрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. 2017–2019 онд Туркийн павильоны зөвлөх зөвлөлийн бүрэлдэхүүнд оролцож байсан ба 2000-аад оны эхэн үед Турк дахь урлагийн байгууллагууд болох Артер, Станбул Модерн зэрэг байгууллагуудыг үүсгэн байгуулахад хувь нэмэр оруулж байжээ.