2026 онд нээгдэх шинэ музей, соёл урлагийн төвүүд

2026 онд нээгдэх шинэ музей, соёл урлагийн төвүүд

Арабын Нэгдсэн Эмират Улс дахь шинэ Гуггенхайм, хиймэл оюун ухааны урлагийн музей, Жорж Лукасын хувийн музей зэрэг энэ онд үүд хаалгаа нээх шинэ музей, соёлын төвүүдийг танилцуулж байна.

©Гуггенхайм Абу Даби

Гуггенхайм Абу Даби (Guggenheim Abu Dhabi)

Абу Даби, Арабын Нэгдсэн Эмират Улс

Нью-Йоркийн Гуггенхайм музей салбар музейгээ Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо нээх төлөвлөгөөгөө анх 2006 онд зарлаж тухайн үед шуугиан дэгдээж байв. Удаан хойшлогдсоны эцэст Гуггенхайм Абу Даби энэ онд нээлтээ хийхээр товлоод байгаа билээ. Абу Дабигийн урлагийн төв болон өргөжиж буй Саадият арлын соёлын дүүрэгт хэд хэдэн томоохон музей шинээр баригдаж, ашиглалтанд орсон бөгөөд үүнд 2017 онд үүд хаалгаа нээсэн Лувр Абу Даби мөн өнгөрсөн оны 12-р сарын 3-нд нээлтээ хийсэн Зайедын Үндэсний Музей зэрэг багтана. Гуггенхайм Абу Дабигийн цуглуулгад Дан Флавин ба Жан-Мишель Баскиат зэрэг өрнийн орчин үеийн урлагийн нэрт уран бүтээлчдийн бүтээлүүдийг Ази, Африк, Персийн булангийн бүс нутгаас гаралтай уран бүтээлчидтэй нэг дор толилуулахаар төлөвлөж буй юм.

Гуггенхайм Абу Даби музейн загварыг гаргахдаа алдарт архитектор Фрэнк Гэхри тус хотын архитектураас санаа аван бөгөөд барилга нь цөлийн уур амьсгалд нийцүүлэн төлөвлөсөн есөн ширхэг метал конус хэлбэрээс бүрджээ. Архитектор Фрэнк Гэхри нь Испани дахь Гуггенхаймын салбар буюу Гуггенхайм Бильбаогийн загварыг мөн гүйцэтгэж байжээ.

©Даталэнд

Даталэнд (Dataland)

Лос Анжелес, АНУ

Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн ажлуудаараа нэрд гараад буй уран бүтээлч Рефик Анадолын үүсгэн байгуулж буй Даталэнд нэртэй музей 2026 оны хавар Лос Анжелес хотын төвд нээгдэнэ. Тус музейн барилга мөн л Фрэнк Гэхрийн зураг төслөөр баригдсан, 23,000 гаруй метр квадрат бүхий олон төрлийн зориулалттай цогцолбор.

Рефик Анадолын хэлснээр “Хүний төсөөлөл болон хиймэл оюун ухааны бүтээлч чадавхын огтлолцолд үйл ажиллагаа явуулдаг” орон зай бий болгохоор зорьж байгаа бөгөөд хиймэл оюун ухаанаар бүтээл хийхэд ашиглагдах өгөгдлүүд нь бүгд зөвшөөрлийн дагуу, сэргээгдэх эрчим хүч ашигладаг серверүүд дээр хийгдэнэ. Даталэнд нь уран бүтээлчдийг резиденцийн хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авч, таван галерейнхаа нэгэнд Анадолын 2014 оноос хойш бүтээж ирсэн, толь болон проекцийн тусгал ашиглан бий болгодог “Хязгааргүй өрөө”-ний онцгой хувилбарыг танилцуулах болно.

©Дрис Ван Нотен

Дрис ван Нотены Сан (Fondazione Dries Van Noten)

Венец, Итали

Венецийн Гранд каналын эрэг дээр байрлах Пизани Морэтта Палаццо урт удаан түүхтэй барилга. 15-р зууны дунд үед баригдсан энэхүү ордон нь Ариун Ромын эзэнт гүрний хаад ноёдыг хүлээн авч, хамгийн тансаг багт наадмын үдэшлэгүүдийг зохион байгуулж, Жеймс Бонд кинонд хүртэл нурж буйгаар дүрслэгдэж байв. 

Харин 2026 оны дөрөвдүгээр сараас эхлэн энэ барилгад нэрт загвар зохион бүтээгч Дрис Ван Нотены үүсгэн байгуулж буй Дрис Ван Нотен Сан (Fondazione Dries Van Noten) үүд хаалгаа нээж түүхийн шинэ хуудас нь бичигдэх гэж байна.

Дрис Ван Нотен өөрийн хамтрагч Патрик Вангелувегийн хамт уг палаццог ойролцоогоор 36 сая евро (40.9 сая ам.доллар)-оор худалдан авсан гэх цуу тарж, улмаар гар урлалыг дэмжихэд чиглэсэн сан болгон хувиргах төлөвлөгөөгөө даруй зарласан юм. Дрис Ван Нотены Сан нь палаццогоос гадна галерей маягийн хоёр дахь орон зайд үзэсгэлэн, резиденцийн хөтөлбөр, яриа хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

“Энэ бол орчин үеийн уран бүтээлийн индэр байх болно” хэмээн Дрис Ван Нотен хэлжээ. Энэ нь түүний бүтээл туурвилын өв загварын ертөнцөөс давж, илүү өргөн хүрээнд үргэлжлэхийг зорьж буйн илрэл юм.

©Лукас Хүүрнэмж Урлагийн Музей

Лукас Хүүрнэмж Урлагийн Музей (Lucas Museum of Narrative Art)

Лос Анжелес, АНУ

Домогт Оддын дайн киноны найруулагч Жорж Лукас болон түүний гэргий, бизнес эрхлэгч Меллоди Хобсон нарын үүсгэн байгуулж буй Лукас Хүүрнэмж Урлагийн Музей нь 2026 оны 9-р сарын 22-ны өдөр Лос Анжелес хотноо нээгдэх гэж байна.

4.5 га талбай бүхий кампус дээр байгуулагдах тус музей нь өгүүлэмжит урлагт зориулагдах бөгөөд Норман Роквелл, Беатрикс Поттер, Фрида Кало, Виндзор МакКэй нарын уран бүтээлүүдийг дэлгэнэ. Мөн музейд Жорж Лукасын кино урлагийн карьерын туршид ашиглагдсан загварууд, эскизууд болон хувцас хэрэглэлүүдийг багтаасан Лукасийн Архив байрлах юм.

Лукас музейн хамтран үүсгэн байгуулагч Меллоди Хобсон “Энэ бол ард иргэдэд зориулсан урлагийн музей юм — энд буй дүрслэлүүд нь бидний өдөр тутамд, хамт амьдарч байдаг зүйлс, итгэл үнэмшлүүдийн илэрхийлэл юм. Тиймээс энд буй урлаг хүн бүхэнд хамаатай” хэмээжээ.

Музейн архитектурын зураг төслийг MAD студийн Янсонг Ма гаргаж, ландшафтыг Studio-MLA-гийн Миа Лерерийн хариуцаж харин гүйцэтгэх архитектораар Stantec компани ажилласан байна. Тус музей нь Лос Анжелес хотын Экпозишн паркд байрлах бөгөөд энд музей, галерей, театр, номын сан, ресторан, кафе зэрэг олон нийтийн зориулалттай орон зай бүхий кампус болгохоор төлөвлөж байгаа юм байна.

Read more

Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ

Трэйси Эмин “Хоёр дахь амьдрал” нэртэй ретроспектив үзэсгэлэнгээ Тэйт Модернд нээлээ

“Хоёр дахь амьдрал” Трэйси Эмин Тэйт Модерн Лондон, Их Британи 2026.02.27 - 2026.08.31 Их Британий Тэйт Модерн музейд гарч буй “Хоёр дахь амьдрал” түүхэн ач холбогдолтой ретроспектив үзэсгэлэн нь Трейси Эминий 40 жилийн турш үргэлжилсэн урлагийн бүтээлч замналыг тоймлон харуулж байна. Түүний уран бүтээлийн карьерыг тодорхойлсон

2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ

2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ

“Манггус” Каллман музей Исманинг, Герман улс 2026.03.01 - 2026.06.14 Уран бүтээлч Ариунболдын Жавхлан “Манггус” нэртэй хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ Германы Каллман музейд толилуулна.  1990 онд Улаанбаатар хотод төрсөн Ариунболдын Жавхлан өдгөө Герман улсын Кёльн хотод ажиллаж амьдардаг зураач, видео уран бүтээлч. Эх нутгийнхаа домог, үлгэр,

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

2026 оны Венецийн Биенналийн үндэсний павильонуудын танилцуулга: Баруун Азийн орнуудыг төлөөлөх уран бүтээлчид

61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биенналь энэ оны 5-р сарын 9-өөс 11-р сарын 22-ны хооронд “Минор түлхүүрийн аянд” нэрийн дор зохион байгуулагдана. Венецийн Биенналийн үндсэн үзэсгэлэнг тойрон оролцогч улс орнуудын албан ёсны павильонууд байрладаг бөгөөд тэндээ улс бүр өөрсдийн үзэсгэлэнгээ толилуулдаг билээ. Бид 61 дэх Венецийн Дүрслэх Урлагийн Биеннальд улс

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан” үзэсгэлэн Турины Дорнын Урлагийн Музейд нээгдэнэ

“Занабазар: Тал нутгийн мэргэн ухаан”  Дорнын Урлагийн музей Турин, Итали 2026.02.26 - 2026.04.07 Монголын төдийгүй дорно дахины суут уран бүтээлч Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын (1635-1723) бүтээлүүд Итали улсад олны хүртээл болсноор түүний бүтээлүүд 20 гаруй жилийн дараа анх удаа Монголоос өөр улсад дэлгэгдэж