2025 оны Каллманны шагналын эзэн А.Жавхлангийн “Манггус” үзэсгэлэн Германы Каллман музейд нээгдэнэ
“Манггус”
Каллман музей
Исманинг, Герман улс
2026.03.01 - 2026.06.14
Уран бүтээлч Ариунболдын Жавхлан “Манггус” нэртэй хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ Германы Каллман музейд толилуулна.
1990 онд Улаанбаатар хотод төрсөн Ариунболдын Жавхлан өдгөө Герман улсын Кёльн хотод ажиллаж амьдардаг зураач, видео уран бүтээлч. Эх нутгийнхаа домог, үлгэр, туульсаас сэдэвлэдэг түүний бүтээлүүдэд байгаль, шүтээн болон амьтны дүртэй бурхад чухал байр суурь эзэлдэг.
Каллманны музейд дэлгэгдэж буй “Манггус” үзэсгэлэнгийн нэр муу муухайг бэлгэдсэн нууцлаг дүр болох “мангас”-ыг илэрхийлнэ. Үзэсгэлэнгийн сэдэв нь үеэс үед ам дамжин уламжлагдаж ирсэн “Галавын үлгэр”-тэй холбоотой бөгөөд анх 1977 онд Чунраа хэмээх үлгэлчээс Ардын багш С.Дулам бичиж авч байжээ. Уг үлгэрт орчлон ертөнцийн үүслийн тухай өгүүлдэг бөгөөд дээд тэнгэрийн ертөнц, хүн ба амьтдын дунд ертөнц, сүнсний доод ертөнцийг холбон, дэлхий ертөнцийн үүсэл, муу муухай ба хүн төрөлхтний тэмцлийн тухай өгүүлдэг.



Ариунболдын Жавхлан. Зүүн талаас: "Galvin Sori", "Jewelry", "Hysteria#1", 2026. ©VG Bild-Kunst, Bonn 2026"",
Ардын үлгэр, домогт өгүүлэгддэг мангас А.Жавхлангийн эцэг эх, өвөө эмээгийн ярьдаг байсан хууч ярианд байнга гардаг байж. Үзэсгэлэнд зориулан А.Жавхлан уран зураг, видео, монументаль ханын зураг зэргээс бүрдсэн хэд хэдэн танхим дамнасан инсталляц бүтээсэн байна.
А.Жавхлан 2025 оны Каллманны шагналын эзнээр тодорсонтой нь холбогдуулан Каллман музейн зүгээс “Манггус” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Уран бүтээлч Ханс Юрген Каллманы (1908-1991) нэрэмжит энэхүү шагналыг Германд ажиллаж амьдардаг ба хөрөг зураг, амьтад, байгаль орчны сэдвүүдийг судлан бүтээлдээ тусгадаг уран бүтээлчдэд олгодог байна.
Каллман музейн онцолсноор "уран бүтээлч А.Жавхлан өөрийн нууцлаг дүрслэлүүдээрээ дамжуулан Төв Азийн соёл, уран дүрслэлийн хэллэгийг ашиглаж мөн 18–19-р зууны Монголын уран зургийн уламжлалтай шууд холбогдох боломжийг олгодог" хэмээжээ.
Үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 3-р сарын 1-ний Ням гарагт 15:00 цагт болно.
